Сумъяагийн Билгүүн /”Сүлд” спорт хороо, Чингис клубын тамирчин, ОУ-ын мастер/

Х.ОЮУНБОЛД

Эртний хаадын өлгий, арын сайхан хангайд зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай болж, Гүрж улсын Батумид болох Дэлхийн шатрын Олимпиадад оролцох баг тамирчдаа тодрууллаа.Тэмцээнд  оюуны спортын ноён оргилууд болох шилдэг 24 шатарчин ур ухаан, авхаалж самбаагаа сорьж оролцсон юм. Монголын шатрын холбоо, Архангай аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор шатрын спортыг орон нутагт хөгжүүлэх, сурталчилах зорилгоор зохиосон тэмцээний .эрэгтэй ангилалд Сүлд спорт хороо, Чингис клубын тамирчин Олон улсын мастер С.Билгүүн түрүүлж, Орхон аймаг, Хангарьд клубын тамирчин Олон улсын мастер Н.Баттулга удаалж, Өвөрхангай аймгийн тамирчин Олон улсын мастер Г. Мөнхгал III,ТЕГ, Эрч спорт хорооны тамирчин, ДШХ-ны мастер У.Насанжаргал IV,Дархан-Уул аймаг, АШУИС-ийн тамирчин МУ-ын спортын дэд мастер Х. Баярхүү V байранд шалгарсан байна. Харин эмэгтэй ангилалд Алдар спорт хорооны тамирчин МУГТ,ОУМ, Эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул тэмцээний турш хошуучилсаар түрүүлжээ. Түүний дараа Хэнтий аймаг, “Кайсса” клубын тамирчин Олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Т.Мөнхзул II байр, Алдар спорт хорооны тамирчин, Олон Улсын эмэгтэй мастер Д. Янжиндулам III байр, Хэнтий, Архангай аймаг, “Сүлд” спорт хороо, “Мончесс” клубын тамирчин МУГТ, ОУМ, эмэгтэй их мастер Т.Батчимэг IV байр, МУБИС, “Чингис” клубын тамирчин ДШХ-ны мастер Э.Хулан V байрт тус тус шалгарав. Нийт 11 хоног үргэлжилсэн тэмцээний хаалтын  ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг даргын орлогч Б.Болормаа, МШХ-ны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, тэргүүтэй оюуны спортыг дэмжигчид, үе үеийн төлөөлөгчид, нутгийн зон олон оролцож, аваргууддаа баяр хүргэлээ. УАШШТ-ийг Архангай аймагт зохион байгуулж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, МШХ-ны баг хамт олон орон нутагт оюуны спортыг хөгжүүлэхээр тус аймгийн 19 сумыг 4 бүсэд хуваан шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөр тэмцээн зохион байгуулагч, шүүгч, дасгалжуулагчийн сeртификат олгох сургалтыг явуулсан юм. Үүнээс гадна Архангай аймгийн шатарчид болон УАШШТ-д оролцож буй тамирчдын эцэг эхчүүдийн дунд “ШИНЭ АРХАНГАЙ-2018” шатрын цомын тэмцээнийг  зохион байгууллаа. Тэмцээнийг “Төрийн банк”, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, “Ундрам” зочид буудал, “ESB“, “Гурван тамир” ХХК, “Гост” трейд, “Атасу” ХХК, “Түркиш” эйрлайн, “Делта” констракшн, Архангай аймгийн БТСГ, “МҮИС”, “Манжуурын аялал” ХХК, “Чингисийн хүрээ” жуулчны бааз зэрэг компаниуд дэмжин, ивээн тэтгэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

ОУ-ын мастер С.Билгүүн, ОУ-ын мастер Б.Мөнгөнтуул