Х.Отгон-Эрдэнэ Нийтлэгч
“VIPerson”-ны зочноор Доржнамжилын Болор уригдсан юм. Тэрбээр 1983 онд Полтехникийн их сургуулийг (ШУТИС) Цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгссөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт инженерээс компанийн гүйцэтгэх захирал хүртэл ажлуудыг 30 гаруй жил тасралтгүй хийж, үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн билээ. Монгол Улсын бизнесийн болон үйлчилгээний загвар компаниудыг бий болгон ажиллаж чадсан. Д.Болор байгууллагын хүний нөөцийн хөгжил, боловсролын үнэ цэн, хувь хүний хандлагын асуудлуудад ихээхэн анхаарч ажилладаг гэдгийг түүнийг сайн мэдэх хэн бүхэн ярьдаг юм билээ. Ярилцлагын төгсгөлд “Хэн нь хэн бэ гэдгийг хийхээр ярьж байгаагаар нь бус хийсэн ажлаас нь хардаг” гэсэн бодол надад төрсөн юм. Энэ ажил хэрэгч, манлайлагч хүний яриа удахгүй ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ЭЕШ эхлэхээс өмнө болсноороо их, дээд сургуульд элсэх хүүхэд, залуучуудад санаа сургамжаа өгөх болов уу.
-Хэрэв таныг зөвшөөрвөл яриагаа хэв ерийн асуултаас эхлэе гэж бодож байна. “Open door” сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би нэг л салбарт ажилласан хүн. Үүгээрээ бахархаж явдаг. 1983 онд ШУТИС-ийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгсөөд, харилцаа холбооны салбарт 1983 оноос 2016 оныг дуустал 33 жил ажилласан байна. 1996 оноос 2016 оны хооронд салбарынхаа томоохон компаниудыг удирдан ажиллаж байсан. 1996-аас 2003 онд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн дэд захирал, 2003-аас 2008 онд “Ньютел” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2009-аас 2012 онд “Мобиком корпораци”-ийн ерөнхий захирал, 2012-оос 2016 онд “Скайтел групп”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Үндсэндээ 20 жил удирдах ажил хийхдээ ажиллаж байсан компаниудаа хөгжиж дэвшихэд нь орчин үеийн менежментийн арга барил, хэрэгсэл, Олон улсын стандарт, загваруудыг нутагшуулан амжилттай ашиглажээ. Одоо зөвхөн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар гэлтгүйгээр бизнесийн бүх салбарт үйлчлэх сургалт, зөвлөх үйлчилгээний NCS ХХК-ийг үүсгэн байгуулаад ажиллаж байна. Бизнесийн орчин тааруу, засаглал муу, компаниудын менежментийн чадамж тун доогуур байгаа одоогийн нөхцөлд өөрсдийн удирдах ажлын арвин туршлагаа ашиглаад олон компаниудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилго тавин Монгол шуудан ХК, УБТЗ ХНН-ийн Худалдааны алба, Оюуны Ундраа групп, ТЭСО групп гээд томоохон группүүдтэй хамтран ажиллаж байна. Олон нийтийн ажлын хувьд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн зөвлөх, PMI төслийн удирдлагын хүрээлэнгийн Зөвлөх хорооны гишүүн.
-Та нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгсөөд Политехникийн дээд сургуульд элсэн орсон байдаг. Тухайн үед ирээдүйн мэргэжлээ сонгоход тань юу нөлөөлсөн бэ. Инженер мэргэжлийн ач холбогдлыг танихад чинь ямар үйл явдал нөлөөлсөн бол?
-Төрөлх сургууль ШУТИС маань тэр үед Политехникийн дээд сургууль гэгдэж байлаа шүү дээ. Би 10 жилд байхдаа л ирээдүйн мэргэжлээ бараг сонгочихсон байсан даа. Зургаадугаар ангиасаа авто загварын, наймдугаар ангиасаа нисэх загварын дугуйланд суралцаж байлаа.
-Тэр үеийн хүүхдүүд өөрсдөө зохион бүтээх их хүсэл эрмэлзэлтэй байж дээ гэж бодогддог юм. 1974 онд “Нэг ангийн хоёр” нэртэй онгоц зохион бүтээдэг хүүхдүүдийн тухай Х.Дамдин гуайн кино шуугиулж байж. Кино бол амьдралаас сэдэвлэгддэг. 24 дүгээр сургууль төвийн нэртэй сургууль учраас энэ үйл явцын эздийн нэг байж дээ, та?
-Их хөөрхөн кино. Тэр үед л өөрийн гараар хийсэн онгоцны загвараа радио удирдлагаар удирдаж нисгэхийн тулд радиоэлектроникийн салбар руу орж холбооны инженер болох хүсэл мөрөөдөл өвөрлөсөн юм. Би бараг “Залуу техникчдийн ордон”-д амьдардаг хүүхэд байсан гэхэд болно доо. Оюутан байхдаа онол үзэхийн хажуугаар ангийнхаа радио сонирхогч найзуудтайгаа нийлж багагүй “халтуур” хийж, практик мэдлэгээ гүнзгийрүүлж байлаа. Манай холбооны салбар төгсөгчдөд хатуу шаардлага тавьж, голдуу техникчийн түвшнээс ажлын гарааг эхлүүлдэг байсан. Дадлагажуулж байгаа нь тэр. Харин манай ангийнхан шууд л инженерээр ажиллаж эхэлсэн. Энэ нь цаашдын “карьер” өсөлтөд их нөлөөлсөн. Бидний үед олон чадварлаг инженерүүд төрж гарсан. Одооны залуус биеийн амрыг харж инженерийн сургуулиас зугтаж байгаа нь тун харамсалтай. Инженерийн сайн боловсрол хүнийг хөрвөх чадвартай болгодог. Инженерийн боловсролтой хүн өөр ямар ч салбарт хэзээд амжилттай ажилладаг. Мэргэжлээ зөв сонгох нь ажилдаа амжилт гаргаж, зорилгодоо хүрч сайхан амьдрах, ирээдүйд манлайлагч болоход нөлөөлөх гол хүчин зүйл гэж би боддог. 20 гаруй жил томоохон компаниудын удирдлагад ажиллахдаа мэргэжлээ буруу сонгосноос үүдэн ажилдаа хайнга ханддаг, зорилгогүй, идэвхгүй, бүтээмжгүй залуустай цөөнгүй таарч байсан учраас энэ сэдвээр ярихгүй байж чадсангүй. Мэргэжил сонголт хүний амьдралдаа гаргах маш чухал шийдвэрүүдийн нэг гэдэгтэй санал нэгдэх байх. Хөгжингүй орнуудад энэ тал дээр их анхаардаг. Хүүхдүүдийг, ямар тоглоомоор тоглож, бусадтайгаа яаж харьцаж, ямар хичээлд сонирхолтой байна гэх зэргээр нэгдүгээр ангиас нь эхлэн 14 нас буюу наймдугаар анги хүртэл нь сургуулийнх нь “Карьер зааварлагч” ажилтан тандалт хийж байгаад мэргэжлийн суурь хичээлийн сонголт хийж эхлэх үед нь зөвлөгөө өгдөг байх жишээтэй.
-Таны ажил амьдралын намтар түүхээс харахад цахилгаан холбооны инженер гэхээс илүүтэй сайн менежерийн дүр төрх харагддаг. Би буруу ч ажигласан байж магадгүй. Энэ талаарх бодлоо хуваалцана уу?
-1983 оноос 1996 он хүртэл Телефон радио ашиглалтын хороонд инженер, Сүхбаатар дүүргийн ерөнхий инженер хийж байсан. 1996 онд Баатар захирал томилогдож ирээд хамтран ажиллая гэж урьсан. Ингээд удирдлагын багт ажиллаж эхэлсэн. Хүссэн хүсээгүй хүмүүсээ, байгууллагаа хөгжүүлэх хэрэгтэй болсон. Байгууллагыг амжилттай ажиллуулахын тулд олон улсын чанарын стандартуудыг нэвтрүүлэх хэрэгтэй болсон. Эндээс л бүх юмыг шинээр эхлэх болсон доо. Ер нь оюунлаг, бүтээлч инженер ажил ургаштай явахад маш чухал. Өнөөдөр сургууль төгсөөд ирж байгаа мэргэжилтний ур чадвар байгууллагын шаардлагыг хангахгүй байх нь элбэг. Нэлэнхүйдээ тийм дүр зураг хэн бүхэнд харагдаж байгаа биз дээ. Боловсролын систем маань ер нь шинэ нөхцөл байдлынхаа шаардлагыг хангахгүй л яваад байх шиг... Ийм байдлаар цаашид сургаж болохгүй. Олон улсад сургалтын 70 хувь дадлага, бие даалт, үлдсэн хэсэг нь онол байдаг. Би удирдах ажил эрхэлж байсан 20 жилд маш олон хүнтэй ажилласан байдаг. Өөрөө биеэрээ ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн улсын шалгалт, диплом хамгаалтан дээр очиж суугаад төгсөгчдийг нь ажилд авдаг байлаа. Бизнесийн байгууллага бол аль болох бүрэн бэлтгэгдсэн, шууд ажиллаад явж чадах мэргэжилтнүүдийг хайж байдаг. Зах зээлийн нийгэмд чиглэл чиглэлээрээ ажиллах чадвартай хүмүүсийг төгсгөн гаргах хэрэгтэй байна. Нэг талаас компаниуд гэдэг бол сургалтын байгууллага биш. Гэхдээ мэргэжилтнүүдээ чадваржуулах ажлуудыг хийсээр ирсэн.
-Их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн гэдэг утгаараа та боловсролын салбарын хувьд ажиглагч биш оролцогч байх нь. Яг бодиттой дүгнэлтээ жаахан тодруулаач. Яг юу нь болохгүй байна. Юуг, хэрхэн сайжруулах ёстой вэ?
-Холбооны салбар дээр жишээ авъя л даа. Энэ салбар асар хурдацтай хөгжиж, технологийн шинэчлэлүүд хийгдэж байна. Боловсролын салбарын хувьд 1996 оноос хойш би ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургууль (МХТС)-тай хамтран ойр дотно ажилласан. Дэмжинэ, мэдээж бас дэмжлэг авна. Сургуулиар том том судалгаа, судалгааны боловсруулалт хийлгэнэ. Ашиглалтын байгууллага суурь судалгаа хийхэд хэцүү. Тиймээс сургуультай хамтран судалгаа хийнэ. Мэдээж хэрэг боловсролын салбарт ШУТИС, МУИС, АШУИС, ХААИС гээд дөрвөн тэргүүлэх сургууль байна. ШУТИС бол Монгол Улсын инженерүүдийн гол уул уурхай болсон газар. Тиймээс байнга багш нарын чадавхийг сайжруулах, оюутнууд гараад шууд ажиллах боломжийг олгох орчин үеийн дадлагын орчныг бүрдүүлэх тал дээр улс орны хэмжээнд анхаарах хэрэгтэй. Тэрнээс гадна багш нар маань өөрсдөө хөгжих ёстой. Жил болгон ярьдаг юмаа яриад л яваад байж болохгүй. Хичээл заах контент асар их өөрчлөгдөж байна. Түүнийг дагаж явах хэрэгтэй. Хүн дассан зүйл, байгаа байдалтайгаа зууралдаж огт болохгүй. Нөгөө талаас хүний дассан орчинг өөрчлөхөд хэцүү. Миний мэдэхээр ШУТИС-ийн МХТС-ийн захирлаар ажиллаж байсан Л.Батхишиг агсан, Б.Дамдинсүрэн багш, Б.Сүхбат нар зөв чиг бодлого барьж сайн ажиллаж байсан. Тиймээс ч тэдний төгсөгчид боломжийн шүү. Гэхдээ л төгсөгчид ирээд 100 хувь бие даан ажиллана гэж байхгүй. Мэдээж сургалтын орчин нөхцөл, сургалтын хөтөлбөр, агуулга маш чухал.
-Профессор, багш нар оюутнуудын суурь мэдлэг боловсролд сэтгэл дундуур байх нь ажиглагддаг. Тэгвэл оюутнуудын хувьд таны бодол ямар байдаг вэ? Оюутнуудын маань зарим хэсэг сурах мэдэхийн төлөө тэгтлээ улайран хөөцөлдөхгүй урсгалаар явах нь профессор багш нарын нервийг барж, урмыг хугалах явдал байдаг юм шиг ээ...
-Хувийнхаа дүгнэлтээс харьцуулж харъя л даа. Жишээ нь, миний хүүхдүүд гадаадад сургууль төгссөн. Тэдэн дээрээ очоод харж байхад оюутнууд асар их ачаалалтай байдаг. Манай том охин Шинэ Зеландад сурч байгаад дараа нь Солонгосын KAIST-д сурч төгссөн. Сургуулийн орчноосоо гарах ямар ч шаардлагагүй. Оюутны хотхон дотор нь бүх юм байна. Сургалтын орчин сайхан, номын сан, цайны газар, амрах орчин, спорт заал, дэлгүүр, үйлчилгээ гээд цөм бүрэн. Оюутнуудыг харахад их л хичээж ажиллаж байгаа харагдах юм билээ. Хоногт арван хэдэн цаг суралцаж байна. Багаараа ажиллана. Оройд профессорууд нь яваад номын санд сууж байгаа эсэхийг нь хараад л... Шөнөдөө 5-6 цаг унтдаг ч юм уу, үгүй ч юм уу. Үндсэндээ их л ачаалалтай сурдаг юм билээ. Завсарлагаанаар интернэт орчиндоо бүгдээрээ гүйж очиж, ажиллаад л. Манайхны зарим оюутнууд чинь 10 жилийн хүүхдүүд шиг л байх юм. Аав, ээжийнхээ мөнгийг хий үрээд л явж байх шиг дүр төрх харагддаг шүү. Уг нь сурч байгаа хүмүүс хариуцлагатай байх ёстой. Өдгөө бизнесийн байгууллагууд өндөр шаардлага тавина. Технологийн даяарчлал асар их хурдацтай явж байна. Ялангуяа улс эх орны инженерүүд асар өндөр боловсрол, мэдлэгтэй, тууштай, дайчин байхгүй бол болохгүй. Үүнд оюутнууд бас тохируулж өөрийгөө хөгжүүлэх ёстой. Урсгалаараа урсаад байж таарахгүй. Зөвхөн багш нарын заасан контентоор өөрийгөө хязгаарлаж болохгүй. Бие даан төлөвших ёстой. Дээд боловсролтой хүн бол манлайлал, “сэтгэл хөдлөлийн ур чадвар”-ууд өндөртэй байх ёстой. Өөрийн сэтгэл хөдлөлийн байдлаа мэдэрч ухааран зөв хандлага гаргадаг. Бас бусдын сэтгэлзүйг танин мэдэж сайн харилцаа тогтоох чадвартай хүн л амжилтад хүрдэг. Нэг олзуурхууштай нь зарим хүмүүс энэ нөхцөл байдлыг амдан ухаарч харьцангуй идэвхтэй болж байна. Өглөө долоон цагт босоод “Өглөөний хүн”-ийг очоод сонсчих жишээтэй.
Амжилтыг удирдлага бий болгоно
-Энэ нь байгууллага хамт олны “Өглөөний яриа”-ны орчин үежсэн шинэ хэлбэр юм шиг. Хуучнаас ялгаатай нь одоо цагт өөртөө хэрэгтэй гэсэн юмыг мөнгө төлөөд сонсож байна шүү дээ?
-Нийгмийг манлайлж байгаа ийм идэвхтэй хүмүүсээс хоцорч болохгүй. Оюутан насны 4-5 жил асар үнэтэй цаг. Нэг хүнд ийм цаг дахиж олдохгүй. Нэг юм уу, их үсрээд хоёр удаа л олдох байх. Хүнд ховор тохиолдох алтан үе. Бүх л юмыг сурч мэдэх хэрэгтэй. Биологийн хувьд ч хамгийн их юм сурч мэдэх боломжтой. Мэдээллийг хамгийн сайн хүлээн авч, боловсруулж, үлдээдэг нас. Энэ насыг л сайн ашиглахгүй бол цаашид хувь хүний үнэ цэнийг нэмэх боломж хэцүү л дээ. Зорилготой байх ёстой. Сургууль төгсөх гэсэн зорилго байна. Залуучууд яаж төгсөх вэ, хэн болох вэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Зөвхөн инженерийн мэргэжлийн контент биш менежмент, манлайллын скилүүдийг эзэмших ёстой. Инженер бас нэг талаас менежерүүд болж бэлтгэгдэн гарах ёстой. Мэдээллийг хүлээн аваад боловсруулах хэмжээний... Инженерийн сургууль өөр шүү. Өөрөө инженерийн сургууль төгссөн болохоор бусдаас илүүд үзээд байна гэж битгий бодоорой. Гэхдээ л “инженер”-үүдийг арай илүү гэж боддог (инээв). Манай нийгэм дэх баялаг бүтээгчдийн тоо маш бага байна. Одоо хамгийн харамсалтай жишээ гэхэд манайхаас Тайваньд 1000 оюутан сурж байхад тэд нараас техникийн чиглэлээр бэлтгэгдэж байгаа хүн байхгүй гэж дуулдах юм. Улс орны сэхээтнүүдийн 50-иас илүү хувь нь инженерүүд байж гэмээнэ улс эх орон, бүтээгч улс болно. Маш олон чиглэлээр ажиллах инженер, технологичдийг бэлтгэх хэрэгтэй. Нөгөө талаас их сургууль маань өөрөө ЕБС-д анхаарал хандуулах ёстой. Мэргэжлүүдээ сурталчлах, мэргэжлийн хэрэгцээ шаардлагыг ойлгуулдаг үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Төгсөгчдөд зориулсан богино хугацааны курс хэрэгтэй байна. Шинжлэх ухааны үндэстэй, мэргэжил мэдлэгээ ахиулах, мэдлэгжүүлэх, бүтээмжийг нь сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй. Мэдээж үнэ төлбөртэй байх ёстой. Манай боловсролын салбар чинь санхүү, хөрөнгө оруулалтын хувьд хэцүүхэн л байдаг юм байна шүү дээ.
-Дээд боловсролын салбарын массад үйлчлэж байгаа процессын талаар та юу бодож байна?
-Тооноос чанар луу шилжих асуудал нэн чухал байна. Одоо баахан дээд боловсролтой хүн бэлдээд байдаг, төр засаг нь баахан сургалтын зээл гаргаад л... Ийм л дүр төрхтэй байна. Одоо их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх хэрэгтэй байна. Үүнтэйгээ уялдуулаад нөгөө талд нь мэдээж чанар чансаагаа сайжруулах хэрэгтэй. Гадаадад томоохон их, дээд сургуульд элсэн орохын тулд яаж бэлтгэж ордог билээ. Дор хаяж 2-3 жил бэлтгэж байна. Гэтэл манайхан яаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн болоод л гүйгээд орчдог. Гадаад шиг тэгж 2-3 жил бэлтгэж байж, элсэн орсон хүнийг зорилгодоо хүртэл, тултал сургана гэдэг арай өөр зүйл. Босго оноогоороо жагсаж байгаад урсгалаараа орж байгаа хүнийг сургах нь бас л өөр. Зорилготой хүн, зорилгогүй хүн хоёрыг сургана гэдэг шал өөр ойлголт. Ер нь хэтэрхий массад таалагдах асуудал байж болохгүй. Инженер хүн сахилга баттай, айхтар процессын удирдлагатай хүмүүс байдаг. Ажлын онцлогоос хамаараад хааш хаашаа савлаад байх боломжгүй, яг л урдах ажлаа хийх ёстой хүмүүс байдаг. Тэгэхээр ядаж мэргэжлийн онцлогоос хамаараад тооноос чанарт шилжих асуудал яригдах л ёстой.
-Олон улсын түвшинд судалгааны ажил гүйцэтгэдэг, бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл нь олон улсын эрдэм шинжилгээний ажлуудад эшлэгддэг, өөрийн сурч байсан сургууль, хамтрагч багш нараараа дамжуулаад олон сая төгрөгний өртөг бүхий лаборатори оруулаад ирдэг багш нарын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ талаар нийгэм рүү хандсан мэдээллийг их бага цацдаг юм болов уу?
-Мэдээж байгаа байдлаа бодиттой үнэлж, шалтгаануудыг нь тодруулаад, яавал асуудлыг сайжруулах вэ гэдэг асуудлыг бодож байх ёстой. Энэ бол эерэг хандлага. Зүгээр л асуудлыг шүүмжлээд суугаад байх бол бас өөр асуудал. Яг одоогийн байдлаар би компаниудыг дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгох тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ бол хувь хүний ухамсраар хийгдэж буй зүйл. Хүн биед амар ажил хийгээд л байж болно. Гэтэл бид харсаар байж зүгээр суугаад байж болохгүй. Улс орны хөгжил ийм, хүмүүс сэтгэл дундуур, итгэл гундуу байх үед ядаж 100 компанийг таван жилийн дотор компанийн дүр төрхтэй болгочихъё гэж бодож байна. Амар биш, хэцүү ажил. Өнөөдөр сургалт, зөвлөх үйлчилгээний үнэ цэнийг унагачихсан байна. Захын хүн уншсан зүйлээ эргүүлээд хүнд яриад сургалт гээд байна. Энэ чинь сургалт биш шүү дээ. Үүнтэй адил аль ч салбарт, дээд боловсролын салбарт ч залуучууд тэмцэж байгаа. Гэхдээ сургуулийн бүх материаллаг орчныг нүд ирмэх зуур өөрчилж чадахгүй шүү дээ. Тухайн цаг үедээ “Олон сувгийн дамжууллын лаборатори”, “Утасгүй холбооны системийн лаборатори”, “Интернэтийн үйлчилгээний танхим”-ийг ШУТИС-ийн МХТС-д байгуулж өгсөн. Ний нуугүй ярихад ашиглаад, дараагийн техникээ тавиад хуучин зүйлээ шилжүүлж байна. Бүүр юу ч байхгүй байснаас дээр л дээ. Сургуулийн чадал, компаниудын чадал юу билээ. Тэрнээс 4G станц тавьчих тэнхээтэй хүн байхгүй шүү дээ. Зөвхөн үүрэн холбооны тухай ярихад... Яахав, зарим өртөг багатай тоног төхөөрөмжүүдийг шинээр өгнө. Тэгэхээр бидний нөхцөлд аль ч салбарт хүний нөөц, хувь хүн нь өөрөө өөр болмоор байна. Хүмүүсийн ажилд хандах арга барил олигтой өөрчлөгдөж шинэчлэгдэхгүй байгаа нь бас их уршигтай. Би сүүлийн үед хандлагын талаар их ярьж байна. Багаар ажиллах түвшинд хандлага өөрчлөгдөх ёстой.
Боловсролын салбар бол хүнийг бүтээж байгаа асар ӨНДӨР хариуцлагатай газар
-Хувь хүний хандлага, ялангуяа өөрийгөө тодорхой түвшинд боловсролтой гэж үнэлж байгаа хувь хүнийг өөрчлөн сайжруулахад нэлээд бэрхшээлтэй тулгардаг. Хувь хүн өөрийгөө би болчихсон гээд дүгнэчихсэн тохиолдолд харилцааны хурцадмал байдал үүсэх жишээтэй...
-Шинжлэх ухаан, технологийн санд хичнээн мянган патент байна. Яагаад тэр патентуудыг аваад төгсөх курсын оюутнууд багшийнхаа удирдлага доор бизнес төсөл хийж болохгүй гэж. Шинжлэх ухаан, технологийн сангийн нөхдийн хэлж байгаагаар нэг төсөлд бараг 90 сая төгрөг гаргаж өгөх чадалтай төсөвтэй гэж байна. Тэнд санхүүжилт байна, өөрөө санаа олж чадахгүй байгаа бол тэнд 30 мянга гаруй патент байна гэж байна. Түүнийг чиглэл чиглэлээр нь харж байгаад яагаад нэг ажил, нэг бүтээгдэхүүн болгож болохгүй гэж... Санаачилгагүй байна. Хэрвээ би оюутан байсан бол нэгийг нь авч ажил болгох гэж үзэх байсан. Тэгэхээр аль ч салбарын хөдөлдөггүй хүний нөөцийг “уучлаарай, та хөдлөх хэрэгтэй” гэдэг шаардлагыг тавих хэрэгтэй. Харин хувийн хэвшлийнхэн энэ тал дээр арай өөрөөр хандаж эхэлж байна. 2005 онд хэвлэгдэн гарсан, хэвлэгдсэнээсээ хойш Нью-Йорк Таймсын бестселлерүүдийн жагсаалтад тасралтгүй байсан “Дэлхий бөөрөнхий биш” номын зохиогч Томас Фрийдмантай НҮБ-ын ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганы үеэр манай төлөөлөгчид цаг авч уулзсан байдаг. Томас Фрийдман дэлхийгээс хоцрохгүйн тулд, хөгжихийн тулд дөрвөн зүйлийг анхаарах хэрэгтэй гэж хэлсэн. Нэгд, “интернэтэд холбоотой байх”. Энгийнчилбэл, мэдээллээс хоцрохгүй байх. Хоёрт, “боловсрол”. Хамгийн чухал зүйл шүү. Бид даяаршлын үед өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бэлдэж байх ёстой. Гуравт, “сайн засаглал”. Өөрөөр хэлбэл бизнес нь сайн байхын тулд сайн засаглал хэрэгтэй. Харин манайд засаглал маш муу байна. Дөрөвт, “эрүүл орчин”. Өвөлд нь угаартаад, зундаа бохироо үнэртээд л байж байна. Эндээс бид юуг хийж чадаж, юуг чадахгүй байгаагаа бодох хэрэгтэй. Хүн оюутан байхаасаа эхлээд л зорилготой байх ёстой. Би сургуулиа төгсөөд таван жилийн дараа инженер, 10 жилийн дараа захирал, 15 жилийн дараа олон улсын түвшинд ажиллана гэж зорьж яагаад болохгүй гэж... Зорилго гэдэг чинь энэ шүү дээ. Орчин үед удирдлагаас манлайлагчийн чадвар, сэтгэл хөдлөлийн ухааны чадварууд шаардаж байна. Энэ чадварууд бидэнд байгаа. Харамсалтай нь бид хэрэгжүүлдэггүй. Миний туршлага гээд байх зүйл юу байхав.... Жижиг байгууллагыг дарга нь, дунд байгууллагыг удирдлагын баг нь, том байгууллагыг байгууллагын соёл нь авч явдаг гэдэг үгтэй би санал нийлдэг юм.
-Энэ нь таны амьдралын явцад нотлогдсон уу. Та бас ч гэж чамгүй амжилтанд хүрсэн, удирдагч, манлайлагч хүн?
-Энэ үнэхээр үнэн гэдгийг миний ажилласан байгууллагын жишээ харуулдаг. Том байгууллагын соёлыг зөв бүрдүүлэн, хамгийн гол нь хүмүүсийг зорилгоор удирддаг байх ёстой. “VMV” буюу Vision буюу эрхэм зорилго, Mission буюу хэтийн зорилго, Values буюу үнэт зүйлс гэж байдаг. Эд бүгд нөхцөл байдалтайгаа уялдсан, товч тодорхой, мартагдахааргүй, онцгой, зоригжуулсан, итгэл үнэмшилтэй, хөгжил дэвшилд хөтлөх үндсэн баримт бичиг байх ёстой. “VMV”-г хөгжүүлж, нутагшуулах нь байгууллагын удирдлагын багийн хийх ёстой ажлын жагсаалтын хамгийн түрүүнд орох ёстой зүйл. “VMV”-г хамт олондоо таниулж, үйл ажиллагаандаа сайн нэвтрүүлж, хаанаас хаана хүргэхээр зорьж буй, түүндээ хүрэхдээ ямар эрхэмлэх зүйл, үнэт зүйлс, зарчмуудыг баримтлах нь харилцан ойлголцох ёстой нэн тэргүүний асуудал. Эндээс л хамт олныг зорилгоор нь нэгтгэж, хандлагыг өөрчлөн, хамтдаа урагшлах боломж бий болдог. Бид Чингис хаан гээд л цээжээ дэлдээд, нэрийг нь худалдаж идээд байдаг. Гэсэн атлаа “сэтгэлийг нь эзэмдвэл, бие нь хаа холдох вэ” гэж хэлсэн үгийг нь хэрэгжүүлдэггүй. Манай компанийн хүмүүс хэзээ ч ажлаа хаяж өөр тийшээ явдаггүй. Яаж энэ компанидаа аятайхан ажиллаж, бусдаас хоцрохгүй байх вэ гэсэн сэтгэлтэй болдог.
-Байгууллагууд хүнээ хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө зарна гэж бодоод байх шиг байдаг. Энэ нь аль зэрэг ортой бодол вэ?
-Байгууллага хүнээ идэвхжүүлэх, дадлагажуулах, урамшуулах, хөгжүүлэх ёстой. Тийм их мөнгө орохгүй шүү дээ. Мөнгө зарахгүй гэсэн хүний л санаа байх. Бизнесийн салбарт хэдэн зуун тэрбумын бизнес хийж байгаа хүн боловсон хүчиндээ 20-30 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж яагаад болохгүй гэж. Тэгэхгүй хэрнээ өндөр чадамжтай байгууллага болъё гээд байдаг. Байгууллагын чадавхийг ажилтнууд нь тодорхойлдог. Ажилтнуудаа хэр хөгжүүлнэ, тэр хэрээр үр ашиг хүртэнэ. Харин амжилтыг удирдлага бий болгоно. VMV-г зөв тодорхойлоод л явахад болно шүү дээ. Энэ бүгд чинь эргээд хувь хүний хандлагын талаар ярих хэрэгтэй болгоод байгаа юм. Хүнийг бүтээж байгаа асар хариуцлагатай газар бол боловсролын салбар, ялангуяа их, дээд сургууль. Залуус бол бидний одоо, бас угтах ирээдүй. Бид энэ тал дээр их анхаарах хэрэгтэй. Гадны хүн хүртэл боловсролоо сайжруул, засаглалаа сайжруул гээд 10 жилийн өмнө хэлчихсэн байна шүү дээ. Тэгээд хүн болгон өөрт ноогдсон ажлаа сайн хийх хэрэгтэй. Багш нь багшаа, инженер нь инженерээ, үйлчлэгч нь үйлчлэгчээ, малчин нь малчны ажлаа дээд зэргээр хийдэг байхад л болно. Бие биенийгээ шүүмжлээд л суугаад байх юм бол яаж хөгжих билээ. Нэг алхам хийж үзэх хэрэгтэй байна. Алхамын цаана дараагийн алхам. Ингэж л явна.
-Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд таны саяхан шинээр гаргасан “Компанийн гүйцэтгэх дээд удирдлага буюу CEO” ном Монгол Улсын хөгжил дэвшлийг бүтээлцэх оюутан залуусын ширээний ном болох болтугай. Харин манай олон CEO нарын ажил үйлс нь таны номонд дурдагдсан “Байгаа эсэх нь бараг мэдэгдэхгүй хүн бол шилдэг удирдагч юм. Тэр ажлаа хийж дуусмагц, түүний зорилго биелнэ. Дагагч нар нь харин бид хийж чадлаа хэмээн бахархана” гэсэн Хятадын философич Лао Цүний хэлсэн үгтэй адил байгаасай гэж хүсч байна.
-Та бүхэнд болон танай уншигчдад амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.