Б.ПУНЦАГХОРЛОО

 

Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр хими, орос хэлний хичээлээр өндөрлөсөн. Энэ талаар БСШУСЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

-ЭЕШ дууслаа. Шалгалтын дүн, оноо хэзээ гарах вэ?

-Шалгуулагчийн шалгалтын материалыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж, дүн оноог гаргана. Шалгалтын материалын таваас доошгүй хувьд түүврийн аргаар сонголт хийн дахин хяналтад оруулж баталгаажуулна. ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn цахим хуудас болон өдөр тутмын сонинд нийтэлнэ.

ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2018 оны долоодугаар сарын 1-нд өдрийн 09:00 цагаас өмнөwww.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч өөрийн дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан харах боломжтой.

-Их, дээд сургуулиуд ирэх сарын 1-нээс элсэлтээ авч эхэлнэ. Элсэгчдийн батламж хуудсыг хэзээ тараах вэ?

-2018 оны долоодугаар сарын 5-наас өмнө шалгуулагчдын ЭЕШ-ын болон МХБШ-ын батламж хуудсыг тарааж дуусна. Улаанбаатар хотын энэ оны шалгуулагчид ЭЕШ, МХБШ-ын дүнгийн батламж хуудсаа өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас авна.

Харин өмнөх оны төгсөгчдийн хувьд орон нутгийн шалгуулагчид шалгалт өгсөн тухайн аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газраас батламж хуудсаа авна. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Батламж хуудасны хүчинтэй хугацаа 2.5 жил байна.

-Шалгалтаас хоцорсон элсэгчдийн шалгалтыг нөхөж авах уу гэсэн асуулт их ирж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-ЭЕШ-ыг нийт тав хоногийн хугацаанд авч дууслаа. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гараагүй. Харин шалгалтаас хоцорч, шалгалт өгөөгүй тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энэ тохиолдолд ЭЕШ-ын журмын дагуу шалгалтыг дахин авах боломжгүй. Журамд шалгалтын байранд нэг цагийн өмнө ирэх, шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой гэж заасан байдаг.

"Зууны мэдээ" сонин