Р.ОЮУН

МУБИС-ийн захирал, доктор Д.Мандахтай ярилцлаа.

Та саяхан ОХУ-д ажиллаад ирлээ. Явсан ажил хэр бүтэмжтэй байв?

-Бид Япон, БНСУ-тай хамтран ажилладаг. Үүнээс гадна ОХУ, Хятадын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарал тавьж байгаа. Учир нь ирж очиход зардал нь хямд төсөр тусдаг тал бий. Тиймээс энэ сарын эхээр БСШУС-ын сайдын тушаалаар ОХУ-д томилолтоор ажиллаад ирлээ. Бидний гол зорилго бол ОХУ-ын боловсролын системтэй ойртох, ОХУ-ын багш бэлтгэдэг их, дээд сургуулиудтай уламжлалт харилцаагаа сэргээх, хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна манай сургуульд орос хэлний чиглэлээр сурч байгаа орос хэлний багш, мэргэжлийн оюутнуудын дадлага туршлагыг нэмэхийн тулд туршлага судлуулахаар оюутан солилцох, багш нар мэргэжилтнүүдийн туршлагыг судлах, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх гэсэн ажлыг амжилттай хийгээд ирлээ гэж үзэж байна.

Тухайлбал, яг ямар сургуультай хамтарч ажиллахаар болов?

-Нэгдүгээрт, ОХУ-ын Екатеринбург, Уралын мужид байдаг хамгийн том их, дээд сургууль болох Уралын холбооны их сургуультай найрамдалт харилцаатай ажилладаг. Тиймээс гэрээнийхээ дагуу хийх ажлынхаа төлөвлөгөөг хамтарч баталсан. Энэ хүрээнд 18 ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажлыг хоёр талаас бэлтгэсэн, холбогдох хүмүүс нь үүрэг, даалгавраа авсан байгаа. Бодитоор хэрэгжих зүйл байгаа. Үүгээр манай хоёр сургуулийн харилцаа хамгийн дотно гэж хэлж болохоор төвшинд хүрсэн. Тухайлбал, хамтарсан хөтөлбөрүүд боловсруулж хамтарч нэг оюутныг хоёр талаасаа бэлдэх юм. Өөрөөр хэлбэл, 1+2, 2+2 гэсэн хамтарсан хөтөлбөр байгаа.

Эдгээр хөтөлбөр ямар чиглэлээр хэрэгжих вэ?

-Уралын холбооны их сургуультай сэтгэл судлалын мэргэжлээр бэлдэнэ. Энэ сургуулийн сэтгэл судлалын сургууль нь олон жилийн түүхэн уламжлалтай. Хуучнаар ЗХУ гэж байхад сэтгэл судлалын сургуульд уламжлалт сургалт хүчтэй явж ирсэн. Тиймээс энэ мэргэжлийн хүчтэй чиглэлийг бид хамтарч хөгжүүлье, суралцъя, энэ чиглэлээр мэргэжилтэн багш нарыг Монголд ажиллуулъя. Мөн өөрийнхөө хүүхдүүдийг Орост сургах. Хоёрдугаарт, Уралын холбооны их сургуультай хамтарч ажиллаж байгаа нэг асуудал бол их сургуулийн дэргэдэх лицей сургууль. Бид энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Орчин үеийн лабораториор тоноглогдсон ялангуяа, биологийн лаборатори нь хамгийн сүүлийн үеийн өсгөгч дуран авиа компьютерт холбогдсон, үүнд бүх хүүхэд нь хамрагдсан байх жишээтэй. Их сургуулийнх нь багш нар нь тусгай хуваарийн дагуу ирж ахлах ангийн хүүхдүүдэд заадаг учраас тэдний мэдлэг, боловсрол энгийн дунд сургуулиас өөр. Үүнтэйгээ холбогдоод дунд сургуулийнх нь нэр хүнд өндөр, адилхан дунд сургууль төгссөн хүүхдүүдээс их, дээд сургуульд элсэн орох хувь нь хүртэл өндөр байгаа нь ажиглагдсан.

Тэгвэл энэ туршлагыг өөрийнхөө лицей сургуульд хэрэгжүүлэх боломжтой юу

-Энэ туршлагыг бид МУБИС-ийн лицей дунд сургуульд хөгжүүлэхээр ярилцсан байгаа. Тиймээс өөрийнхөө лицей дунд сургууль дээр орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээж ажиллуулахаар ярьж, бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил арай амжихгүй. Ирэх хичээлийн жилээс буюу 2019-202 оны хичээлийн жилээс бусад сургуулийн Х ангийн хүүхдүүдээс элсүүлж авна. Энэ ангид орос багш нар хичээл заана. Ихэнх хичээл орос хэл дээр явагдана. Энэ хүүхдүүд маань үргэлжлүүлээд хоёр сургуулийн хамтарсан хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Бас Москвагийн багшийн сургуультай хамтарч ажиллахаар болсон гэв үү?

-Тийм ээ. Москвагийн улсын багшийн их сургууль нь их түүхтэй, том сургууль байгаа. Багш бэлтгэдэг сургуулийнхаа хувьд дэлхийд нэлээд дээгүүрт ордог гэж ойлгосон. Хагас зуун жилийн түүхтэй, 1800-гаад оны дундуур байгуулагдсан. ОХУ-ын нийслэлийн төв Кремлийн ойролцоо бай­даг, олон мянган багш, оюу­тантай, шинжлэх ухааны сургалтын болон судалгаа, шинжилгээний их туршлагатай сургууль байна лээ. Энэ сургуультай МУБИС анх удаа өндөр дээд хэмжээнд уулзаж, хам­тын ажиллагааны гэрээ хийсэндээ баяртай байна.

Москвагийн улсын багшийн их сургуультай хэрхэн ажиллах юм бэ?

-Москвагийн улсын багшийн их сургуультай гурван чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Нэгдүгээрт, сургуулийн өмнөх боловсролын асуудал байгаа. Сургуулийн өмнөх боловсролоор энэ сургууль олон жилийн түүхтэй, мундаг эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй. Хоёрдугаарт, суурь боловсрол буюу бага боловсролын чиглэлээр бага ангийн багш бэлтгэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон. Гуравдугаарт, орос хэлний багш. Гадаад хэл байдлаар заадаг багш нарыг бэлтгэх 2+2 чиглэлээр эхний ээлжинд хөтөлбөр боловсруулж ярилцъя гэж хамтын ажиллагааны гэрээнд тусгалаа. Үүнээс гадна ОХУ-ын их, дээд сургууль ялангуяа, Уралын холбооны их сургуультай сүүлийн үеийн тархи судлалаар хамтарч ажиллахаар боллоо. Энэ сургууль нь хажуудаа олон лабораторитой. Үүний нэг нь тархи судлалын лаборатори юм. Тархи судлалын лабораторийн үйл ажиллагаатай Екатеринбург хотод байхдаа танилцсан. Сүүлийн үеийн тархи судлалын төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори байна лээ. Энэ лабора­торит өөрийнхөө энэ чиглэлийн багш, мэргэ­жилтнүүдийг гурван сар ажиллуулахаар тохирсон. Мөн МУБИС, Японы Нагаяо их сургуулийн хамтарсан тархи судлалын үйл ажиллагаа явуулдаг, бага насны хүүхдийг оношлодог ийм хүүхдийн хөгжлийг дэмжих төв ажиллаж байгаа. Цаашид гурван улсын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг байгуулаад гурван улсынхаа хүүхдүүдийг судлаад тархины судалгааг нь явуулаад нөгөө талд нь хөгжлийнх нь судалгааг явуулж хөгжлийнх нь төвшинг тогтоож харьцуулсан дүн шинжилгээ хийж харилцан үр ашигтай талуудыг нь өөрсдийнхөө сургалтад нэвтрүүлж олон улсын төвшинд гаргахаар хамтын ажиллагаагаа эхлүүлээд ирсэндээ баяртай байгаа.

-2+2 хөтөлбөр хэзээ­нээс хэрэгжих вэ?

-2019-2020 оны хичээлийн жилээс 2+2 болон бусад хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Яагаад гэвэл их, дээд сургуульд анги нээхэд нэлээд бэлтгэл ажил шаарддаг. Тиймээс холбогдох эрх зүйн зохицуулалтыг хийх ёстой. Энэ хөтөлбөрөөр суралцах оюутнуудын хэлний бэлтгэлийг хангах, хамтарсан хөтөлбөрийг хоёр талдаа хүлээн зөвшөөрсөн хөтөлбөрүүдийг бэлтгэх хэрэгтэй. Эдгээрийг бэлтгэхэд цаг хугацаа шаардана. Тиймээс бүх бэлтгэлээ хангаж, элсэлтээ аваад 2019-2020 онд хөтөлбөрүүд хэрэгжинэ.

Энэ хөтөлбөрт хамрагдаад төгссөн хүүхдүүд ажлын байраар хангагдах боломжтой юу?

-Сэтгэл судлалын хувьд жилд 30 орчим хүүхэд бэлтгэдэг болохоор нийгмийн ажилтан болох цаашид асуудал шийдэгдвэл дунд сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай гэж ярьдаг. Эндээс харахад ажлын байртай болох боломжтой.

Та сая Оросоос Мон­голд суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчтэй уулзлаа. Энэ талаар?

-ОХУ-ын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нэг хүчин зүйл нь Россотрудничество буюу Оросын хамтын ажиллагааны байгууллага байгаа. Орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, нөгөөтэйгүүр их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагааны үндэсэн чиглэлтэй байгууллага гэж ойлгож өнөөдөр бид Оросын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчтэй уулзлаа. Ингэснээр ОХУ-ын их, дээд сургуулиудтай ямар хэлбэрээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Нааштай нэг зүйл нь цаашид бидний хамтын ажиллагааг дэмжье. Ялангуяа, Монгол Улсад орос хэлний багшаар сурч байгаа оюутнууд ОХУ-д дадлага хийхэд Засгийн газрын тэтгэлэг үзүүлэх асуудлыг шийдэхэд судалъя гэдгийг ярилаа. Мөн хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах асуудлыг хөндөж ярьсан. Энэ хүрээнд наймдугаар сарын 15-17-нд ОХУ-ын холбогдох яамнаас Байгаль нуурын хөвөөн дээр Олон улсын боловсролын үнэлгээний хуралдаа манай гурван төлөөлөгч оролцохоор тохиролцлоо. Гэхмэтчилэн олон зүйл дээр хамтарч ажиллах боломж байна.

 

 

МУБИС-ИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ

-Элсэлтийн босго оноо тооцох хоёр хичээлийн аль нэг нь 480-аас доогүй байна. Нөгөө хичээл нь 400-гаас доошгүй байхыг шаардана-

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин