Б.САРАНГЭРЭЛ
Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээний залуучуудын ангилалын хүрэл медальт, залуу тамирчин Д.Дагвадоржтой ярилцан, түүний хүсэл мөрөөдөл, амжилт бүтээлийн талаар яриа өрнүүллээ.
-Самбо бөхөөр хэдэн настайгаас хичээллэж эхэлсэн бэ. Спортын гараа руу хэн анх хөтөлж байв?
-Самбо бөхөөр дагнан бэлтгэл хийгээд удаагүй ээ. Ихэвчлэн жудогоор хичээллэдэг. Гурван жилийн өмнөөс өсвөрийн улсын аваргаас эхлэн самбо бөхийн тэмцээнд орж эхэлсэн. Аав маань намайг бөхөд сонирхолтой болгосон доо. Бага байхаас минь л миний хүү бөх болно гээд хүүхдүүдтэй их барилдуулдаг байсан. Долдугаар ангиасаа гэхээр 12-той л байсан байх. Анхны тэмцээнээ санадаг ч, барилдааныг нь нэг их санадаггүй. Нэг ялаад, унаж байсан. Дэвжээн дээр гараад л юу болсныг санадаггүй юм.
-Сандарч байв уу?
-Сандралгүй яахав. Ямар сайндаа нэг ялчихаад гайхаж байхав. Дараа нь уначихаад яаж дэвжээнээс бууснаа ч санадаггүй. Шар их хөдөлсөн юм шиг байна лээ. Ахыгаа харчихаад уйлаад бөөн юм болсон. \Инээв\
–Үндэсний биеийн тамирын сургуульд сурдаг гэж сонссон. Бэлтгэл сургуулилт яаж хийж байна. Тэмцээн дөхөөд ирэхээр бэлтгэл хүндэрдэг үү?
-ҮБТД сургуульд урилгаар сурч байгаа. Байнгын бэлтгэлтэй байдаг. Энгийн үеийн, тэмцээний өмнөх бэлтгэл хоёр жаахан өөр шүү. Тэмцээн дөхөх тусам ачааллаа багасгаж, жингээ тохируулах үе бий. Хааяа бүр ачаалалтай ч байдаг. Дасгалжуулагч багш маань тэр бүгдийг тамирчиддаа тохируулан, тааруулж бэлтгэл хийлгэдэг.
-Тэмцээнд тохируулан жин хасах, жин нэмэх хоёрын аль нь хэцүү вэ?
-Надад лав жин нэмэх хэцүү. Гэхдээ аль аль нь хэцүү л дээ. Самбо, жудо бөхийн тэмцээнүүд жингээрээ хуваарилагдаж өрсөлддөг болохоор жин их чухал. Ер нь бага жинтэй байх нэг талаараа сул тал болдог юм шиг санагддаг. Би тамирчидтай харьцуулахад жижиг биетэй болохоор надад жин нэмэх л хэцүү байдаг даа. \Инээв\ Жин хасах бол яахав. Хэдэн кг хасчихвал жиндээ орчих боломжтой болохоор амар байдаг. Одоо бол яаж жингээ тааруулж тохируулахаа сурчихсан болохоор гайгүй ээ.
-Саяхан Азийн самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн. Тэмцээний талаар яриач?
-Энэ жил Залуучуудын насны ангилалд өрсөлдөх сүүлийн жил маань байсан болохоор гадаадын тэмцээний эрх авах боломж өндөр байсан л даа. Их ч хүссэн. Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн Самбо бөхийн улсын аваргад ороод хүрлээс мултрахдаа Самбо бөхөөр гадаадын тэмцээний эрх авах боломж өндөр юм байна гэж бодсон. Тэгээд л бүтэн жил жингээ бага хэвээр нь хадгалж байгаад эрхээ авъя гэж төлөвлөн бэлтгэлээ хийсэн.Тэмцээний хувьд Азийн аваргын төлөөх өрсөлдөөн болохоор илүү хэцүү, бас их хариуцлага мэдрэгдэж байсан. Улсын аваргын тэмцээнүүдээс огт өөр санагдсан.
-Тэмцээний үеэр янз бүрийн хориг, дэглэм ч юм уу тавигддаг уу?
-Мэдээж тамирчин хүнд хорт зуршил байх ёсгүй. Архи, тамхи гээд л. Ер нь тамирчин гэлтгүй үеийн маань хүүхдүүд архи,тамхи хэрэглэхийг хараад эмзэглэдэг шүү. Өөр хориглох зүйл бараг байдаггүй ээ. Хоол, хүнсний хувьд шөлтэй хоол идэхийг зөвлөдөг. Харин хүйтэн ундаа, зайрмаг гэх мэт чихэрлэг зүйлсийг хориглодог.
-Маш их бэлтгэл хийгээд мэдээж ядардаг байх. Энэ үед шантрах үе байдаг уу.Эсвэл тэмцээн дээрээ ялагдах үед ч юм уу?
-Мэдээж ядрах, эсвэл тэмцээндээ ялагдаад сэтгэлээр унах үе байдаг. Гэхдээ энэ түр зуурын л зүйл учраас аль болох өөрийгөө зоригжуулж, алдаан дээрээсээ суралцан цааш алхахыг хичээдэг.
-Тэгж ядрах, шантрах үедээ юугаас хамгийн их эрч хүч авдаг вэ?
-Хамт бэлтгэл хийдэг хүүхдүүд маань бүгд маш шаргуу хөдөлмөрч залуучууд байдаг. Нэг нэгнээ үргэлж зоригжуулж, бие биенээ дэмжиж бас шахаж хамтдаа урагшилдаг болохоор тэр залуучуудаас их эрч хүч авдаг. Тэмцээн дээр бол ялах хүслээсээ эрч хүч авдаг. Бас ээж, аав, багш гээд л.
-Дасгалжуулагчийнхаа тухай яриач?
-Анхны дасгалжуулагч маань Аймгийн уран арслан Баттогтох гэдэг мундаг хүн бий. Хүүхдүүдийн бие махбодь, сэтгэл зүйг хэрхэн бэлдэх вэ гэдгээ маш сайн мэддэг. Бас өөрийгөө ч үргэлж хөгжүүлж байдаг хүн. Багш маань жинхэнэ сонгодог жудог надад зааж, олон шилдэг шавь төрүүлсэн. Жишээ нь Олимпын хүрэл медальт Нямочир ах, Улсын харцага Баасанхүү гээд нэрлэвэл дуусашгүй олон мундаг шавь төрүүлсэн хүн дээ. Харин одоогийн дасгалжуулагч маань Увс нуур дээр дэвжээний дасгалжуулагч багш Энхболд. Мөн л тив дэлхийд өрсөлдөх хэмжээний олон тамирчдыг төрүүлсэн мундаг хүн байгаа. Хоёр дасгалжуулагч багш маань нэр алдар, мөнгө шагналын төлөө биш зөвхөн шавь нарынхаа төлөө зүтгэж, тамирчин хүн ямар байдгийг надад ухааруулсан хүмүүс. Миний бахархал бас үлгэр дууриал.
-Тамирчин хүн ямар байх ёстой вэ?
-Жинхэнэ тамирчин хүн гэдэг өрсөлдөгчөө биш, эхлээд өөрийгөө ялж чадсан хүнийг хэлэх байх. Бас сахилга бат, хүмүүжлийн дээд болсон хүн байх ёстой гэж боддог.
-Хамгийн ихээр үлгэр дууриал авдаг тамирчин?
-Үлгэр дуриалал авдаг тамирчин бол Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ах. Миний шүтдэг хүн гэж хэлж болно. Анх энэ хүний талаар нэвтрүүлэг үзсэнээс хойш сонин сэтгүүлийн ярилцлага, телевизийн нэвтрүүлэг зэргийг унших дуртай болсон. Бас түүний хөдөлмөрч зан, дайчин сэтгэлзүй өөртөө итгэлтэй байдал зэрэг нь үнэхээр гайхалтай санагддаг.
–Өрсөлдөгчөөсөө эмээх тохиолдол гарч байсан уу?
-Үгүй ээ. Угаасаа оноолт таараад дэвжээн дээр өрсөлдөх болохоор айж сандраад байвал ялагдана шүү дээ. Миний сая хэлсэнчлэн эхлээд өөрийгөө ялсан тамирчин өрсөлдөгчөөсөө айж эмээгээд байдаггүй байх.
–Тэгвэл өөрийгөө ялчихсан гэсэн үг үү?
-Ялахын төлөө маш их хичээж байгаа. Мэдээж өөрийгөө ялна гэдэг ингээд хэлэх шиг амар зүйл биш шүү дээ. Би дөнгөж эхэлж байгаа залуу тамирчин. Магадгүй хүн насан туршдаа өөртэйгөө тэмцэлдэж өөрийгөө ялахын төлөө зүтгэдэг байх.
-Хамгийн анх ямар тэмцээнээс медаль авч байв. Тэр үеийн мэдрэмжээс хуваалцвал?
-Хоёр дахь тэмцээн,бас анхны бүсийн тэмцээн минь. Тэр үед бэлтгэл нэг их хийдэггүй байсан л даа. Танил ах маань ороод үз гэж ятгасаар байгаад, барилдаад хүрэл медаль авчихсан. Маш их баярлаж, их ч урам авсан даа. Тэгээд л цааш тууштай явах итгэлтэй болсон.
–Хамгийн их дэмжиж,урамшуулдаг хүн гэвэл хэн бэ?
-Аав, ээж хоёр маань. Бага олимпиадуудад оролцож эхэлсэн үеэс л дэмжиж, надад бүхнээ зориулсан хүмүүс. Аав ээж хоёртоо хамгийн их баярлаж, ачийг нь хариулахыг хүсдэг.
-Мөрөөдөл, ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Хүн бүрийн мөрөөдөл сайхан амьдрах шүү дээ. Миний мөрөөдөл бол аав ээжийнхээ ачийг хариулж эх орондоо сайхан амьдрах. Харин яаж хариулах вэ гэвэл Олимпоос медаль авч. Олимп бол миний мөрөөдөл. Эх орныхоо төрийн дууллыг дэлхийн тавцанд эгшүүлэх тэр мэдрэмж ямар байдаг бол. Тэр мэдрэмжийг мэдрэх сэн. Энэ л миний мөрөөдөл.
Эх сурвалж:www.polit.mn