Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал, засвар үйлчилгээ, хичээлийн жилийн бэлтгэл хангах, сахилга хариуцлагыг сайжруулах болон хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг сануулсан юм. Мөн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан сургуулийн орчинд хүүхэд аливаа эрсдэлд өртөх, хохирогч болохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
1. Сургуулийн эзэмшлийн биеийн тамирын талбай, байгууламжинд суурилуулсан тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгсэл, тоглоом, сүүдрэвч, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс, цахилгааны утасны аюулгүй байдал, тэдгээрийн эвдрэл, гэмтлийг хянах үзлэгийг сургуулийн захирал удирдаж 2018 оны 07-р сарын 01-ний өдрийн дотор чанартай зохион байгуулах, эрсдэлийн зэрэг тогтоох илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих
2.Сургуулийн эргэн тойронд болон ойролцоо хийгдэж буй засвар үйлчилгээтэй холбогдуулан ухаж бэлтгэсэн нүх, тогтоол усанд хүүхэд унаж бэртэхээс сэргийлж хамгаалах бүс, анхааруулга тэмдэг тэмдэглэгээ тавих, энэ талаар эцэг, эх, асран хамгаалагч болон оршин суугчдад мэдээлэл хүргэх
3.Сургуулийн жижүүр зуны амралтын хугацаанд тодорхой үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллахаар нэмэлт гэрээ байгуулж, сахилга хариуцлагыг өндөржүүлэх
4.Автобусны үйлчилгээтэй сургууль хүүхдийн автобусны стандарт, шаардлагыг хангах, засвар үйлчилгээ хийх, улсын үзлэгт 2018 оны 08-р дугаар сарын 1-8-ны өдрүүдэд хамруулах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.
Түүнчлэн сургуулийн жижүүр зуны амралтын хугацаандаа нэмэлт гэрээ байгуулан ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн шинээр батлагдсан дүрмийн хүрээнд сахилга хариуцлагатай ажиллах, ажил хүлээлцэх тохиолд бүрт орчны аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг тэмдэглэн хөтөлж хүлээлцэж байх, эвдрэл гэмтэл гарсан тохиолдол бүрт холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, засвар үйлчилгээг хийж байх, одоо ашиглаж буй камерт хянагдах боломжгүй талбай, ногоон байгууламжийг 2 цагт тутамд эргэж байх зэрэг үүргүүдийг өглөө.