Р.ОЮУН
Энэ удаагийн “Залуус” булангийн зочноор Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очирыг урилаа.
-“Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай архины төрлийн ундаагүй амьд хөгжмийн тоглолт хийх гэж байна. Энэ талаар?
-Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, олонд танигдаагүй ч өөрсдийнхөө урсгалаар соёл, урлагийн чиглэлээр тоглолт зохион байгуулахад бэлэн болсон есөн хамтлагийг цуглуулаад “Гэрэлтүүл” гэсэн архи, шар айраггүй амьд хөгжмийн тоглолтыг нийслэлийн залуучууддаа зориулж үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. Тоглолтын онцлог нь рок, металл, поп болон алтернатив урсгалаар өөрийн гэсэн хамтлагтай, тоглолтоо зохион байгуулдаг залуучуудыг архи, тамхи, хорт зуршилгүйгээр соёл, урлагийг байгаагаар нь хүлээж авах шинэ аяныг эхлүүлж байна. Энд 21 нас хүрээгүй залуучууд байгаа. Тиймээс дөнгөж гитар сайн тоглож, металл рок сонирхож байгаа залуучууд энэ урсгалаа архи, шар айраггүйгээр зохион байгуулж болдог гэдгийг нийгэмд ойлгуулах юм.
–Тоглолт “Улаанбаатар чуулга”-д болно гэв үү?
-“Улаанбаатар чуулга”-аас манай саналыг хүлээж аваад танхимаа түрээсийн төлбөргүй ашиглуулж байгаа. Төсвийн байгууллага учраас 4999 төгрөгөөр орох тасалбараа хураагаад урсгал зардлаа нөхөх юм. Рок попын чиглэлийг сонирхож байгаа залуучууд хамтлаг байгуулдаг ч тэдэнд бэлтгэл хийх байр олддоггүй. Тиймээс залуусын сонирхож байгаа соёл, урлагийнх нь салбарыг яаж хөгжүүлэх вэ гэдэгт бид анхаарлаа хандуулж ажилладаг. Энэ утгаараа анх удаа шинэ есөн хамтлагийг цуглуулаад уран бүтээлийг нь олон нийтэд хүргэнэ. Энэ залуучуудыг үйлчилгээний газар, баар саванд тоглуулмааргүй байна. Гол нь урлаг гэдэг утгаараа тайзан дээрээс уран бүтээлээ олон нийтэд танилцуулж өөрийн гэсэн үзэгчидтэй болж энэ салбартаа илүү их амжилт гаргаж, нийгэмдээ гэрэл гэгээ нэмж, өөрийнхөө мөрөөдлийн төлөө үеийнхэндээ үлгэр дууриал болох болов уу гэж бодож байна.
-“Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” урианыхаа талаар тайлбарлахгүй юу?
-Бодитоор мэдэрье гэдэг нь алкохол хэрэглээгүй, эрүүл ухаантай байхдаа соёл, урлагийн тоглолтыг бодитоор мэдрэх орчныг нь бүрдүүлэхээр “Улаанбаатар чуулга”-ын их танхимд зохион байгуулж байна. Харин эерэгээр харъя гэдэг нь нийгмээ бид эерэгээр харцгаая. Болохгүй, бүтэхгүй зүйл байгаа ч залуучуудын хандлагыг зөв, эерэг сэтгэлгээтэй болгохоор ажиллаж байгаа.
Хамгийн гол тавьж байгаа шаардлага бол энэ танхимд архи, тамхи гэх мэт хорт зуршлыг оруулахгүй. Энэ танхимыг зөвхөн эерэг бодолтой, зөв хандлагатай, өөрийнхөө мөрөөдлийн төлөө явж байгаа, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлье гэсэн залуучуудад зориулсан. Үүнийг цаашид уламжлал болгон долоо хоног бүрийн баасан гаригийн 19:00-22:00 цагийн хооронд тоглолт зохион байгуулахаар ажиллаж байна. Гол нь давтамжтай баймаар байна. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас “Эерэг Улаанбаатар” гэсэн олон улсын залуучуудын наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
–Энэ наадмыг хэзээ хийх вэ?
-Энэ оны аравдугаар сард багтаагаад хиймээр байвч боломжгүй. Тиймээс ирэх жилийн ажлын төлөвлөгөөнд оруулсан. Гол нь залуучуудын оролцоо чухал. Олон залуус хамрагдсаар 50 хамтлагтай болчихвол зөвхөн Монголынхоо хэмжээнд энэ наадмыг зохион байгуулах боломжтой. Энэ наадам мөн хорт зуршилгүйгээр нээлттэй орчинд бүх насны залуучуудыг хамарч болохоор зохион байгуулъя гэж бодож байгаа. Залуучууд гэхээр Монгол Улсын хуульд 15-34 нас гэж заасан байдаг.
–Танай газар үүнээс гадна залуучуудынхаа төлөө ямар ажил хийж байна вэ?
-Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар 2016 онд байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл нийслэлийн залуучуудын хандлагыг зөв, эерэг сэтгэлгээтэй болгох тал дээр багагүй үйл ажиллагаа зохион байгуулсан. Нийслэлийн иргэний 10 зөв дадлыг боловсруулаад танилцуулахаар өнгөрсөн онд 20 гаруй мянган залууст лекц, семинар зохион байгууллаа. ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр “Ирээдүйн эзэд” гэсэн үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулсан. Мөн хөдөлмөр эрхэлснээр нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах иргэн болж төлөвшүүлэх сургалтыг зохион байгууллаа. Мэдээллийн технологийн боловсон хүчин, хүний нөөцийг чадавхижуулахаар БНСУ-ын Койкагийн санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байна. МТIT мэдээлэл технологийн сургалтын төвтэй хамтарч 76 компьютертэй, гурван сургалтын танхимтай инкубатор төвтэй сургалтын төвийг нээсэн. Энд бүх сургалт үнэ төлбөргүй. Өнгөрсөн жил 1500 гаруй залуусыг энэ сургалтын төвөөр сургасан. Үүний 150 гаруй нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ төвөөр дамжуулаад Солонгосын IT-гийн компаниудаас захиалга авч эх орондоо аж төрөнгөө оюуны хөдөлмөр эрхлээд Солонгос руу цахим сүлжээгээр явуулснаар экспорт хийж байгаа юм. Залуучууд өөрсдөө хичээвэл долоон сарын дотор нарийн мэргэжлийн гурван гэрчилгээ эзэмших боломжтой. Үүний дараа IT-гийн компанид 800-2.5 сая хүртэл цалинтай болох бололцоо нь нээгдсэн байгаа. Мөн бодибилдинг, фитнессийн холбоотой хамтраад нийслэлийн хэмжээнд 20 фитнесс клубыг ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд 50 хувийн хөнгөлөлттэй явуулах санамж бичиг байгуулсан. Хөдөлмөр эрхэлдэг залуучуудад фитнессээр хичээллэхэд нь 50 хувийн боломж олгосноор чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг Улаанбаатар хотын иргэн болоход туслаж Улаанбаатар хотоо хоггүй, цэвэр цэмцгэр байлгах “Гүйе, түүе” аяныг хоёр удаа зохион байгууллаа. Улаанбаатар хотын залуучуудыг хөгжсөн залуучууд болгохын төлөө Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар үйл ажиллагаа явуулж байна.
–Нийслэлд хэчнээн залуучууд байна вэ. Тэдний хэд нь ажилтай байгаа талаар судалгаа хийсэн үү?
-Улаанбаатар хотод 1.3 сая орчим иргэн байгаагийн 34 хувь буюу 470 мянга гаруй залуу бий. Миний бодлоор 45 хүртэлх идэр залуу насыг хуульд оруулах шаардлагатай байна. Манай явуулж байгаа үйл ажиллагаа бүх насныханд нээлттэй гэдгээрээ давуу талтай. Тухайлбал, компьютерийн сургалтад 75 настай хүн суудаг. Энэ утгаараа Улаанбаатар хотын иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор байгууллагуудаас ажилгүйдлийн байдал янз бүр байна. Улаанбаатарт ажил хийж байгаа 35 мянган залуу байна гэсэн мэдээлэл бий. Ажил олгогч талаас ч гэсэн 35 мянган ажлын байр байна. Орон нутагт зарласан ажлын байрыг “Монгол тээвэр нэгдэл” гэсэн үндэсний 17 компанийн нэгдэл байгаа. Энэ компанитай санамж бичиг байгуулаад 80 ажлын байр зарласан. Өнгөрсөн долоо хоногт 200 гаруй залуу ирснээс жолооны С, Е ангиллын үнэмлэхтэй 80 залууг сонгон шалгаруулж Тавантолгойн нүүрсийг хот руу, Замын-Үүдээс Алтанбулаг руу улс хоорондын транзит тээвэрлэлт хийх залуучуудыг бүртгэж авсан. Үүнээс гадна бид нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.
–Нөлөөллийн ажил гэхээр юу гэсэн үг вэ?
-Ажлын байранд бүртгэгдсэн 200 гаруй залууд дөрөв хоногийн сургалт зохион байгуулна. Энэ сургалтаар хандлагыг зөв болгох, эерэг сэтгэлгээтэй, мөрөөдөлтэй, ажлын байрандаа тогтвор суурьшилтай байхын тулд яах ёстой вэ, юун дээр анхаарах, хуримтлал гэж юу вэ, яах гэж ажиллаж байгаа талаар нөлөөллийн ажлыг явуулах гэж байна. Сургалтыг амжилттай төгссөн 80 залуу ажлын байртай болно гэсэн үг. Энэ залуус ажлаа сайн хийж чадвал дараагийн шатанд 300 ажлын байрны захиалга өгнө гэж “Монгол тээвэр нэгдэл”-ээс мэдэгдсэн. Тиймээс 200 гаруй залуусынхаа мэдээллийг хадгалж байгаад дараагийн ажлын байр зарлахад сонгогдож чадаагүй залуусыг санал болгоё гэж бодож байгаа. Монголд ажлын байр хангалттай байна. Тухайлбал, олон улсын тээвэр зуучлалын салбарт 300 гаруй ажлын байр бэлэн байна. Цаашид 1000 хүрнэ гэж ярьж байгаа. Барилгын салбарт гадаадынхан ажиллаж байна. Бүх салбарт эх орондоо залуучууд нь хөдөлмөр эрхлээд аз жаргалтай амьдрах боломж байгааг бид нотлох чиглэлээр ажиллаж байгаа. Мөн эх оронч сэтгэлгээ гудамжинд хог хаяхгүйгээс эхэлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин