Х. ХУЛАН

 

    “Онцлох сургалт"  булангийн анхны дугаараа толилуулж байна. Энэ удаад дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн DET сургалтыг уншигчиддаа санал болгохоор шийдлээ.

 

    Яагаад гэхээр, DET сургалт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “дотроос” нь харах боломж олгодгоороо бусад сургалтаас өөр юм. 

“Хэн, яагаад  дотроос нь харах гэж?” гэсэн асуулт гарч ирэх байх. Хэн гэдэг нь мэдээж, та, би, бид, тэд. Бид бүгдээрээ нэг л нийгэмд амьдарч байгаа учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүхий л түвшиндээ ойлгож, тэдний эрх ашигт нийцэхүйц шийдлийг хайх бас одоогийн хандлага, ойлголтоо шинэ шатанд авчрах шаардлага тулгарч байна. Ингээд олныг эс нуршин DET сургалт гэж юу вэ, тэр яагаад чухал вэ гэдгийг дор сийрүүллээ. 

 

  Робертод тохиолдсон ХАЧИРХАЛТАЙ явдлууд...

 


    Лондон хот. Томоос том цонхтой албан өрөөнд компанийн удирдлагуудын хурал үргэлжилнэ. Компанийн чадварлаг, шилдэг ажилтан болох Роберт хурлыг амжилттай төгсгөх агшинд нэгэн эмэгтэй ажилтан, “Хүлээгээрэй. Нэг зүйлийг мартах шахаж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бий болгох асуудлаар бид ярилцах хэрэгтэй байна...”.


    “Тэд яасан гэж?”, “Өө нээрээ тийм л дээ”, “Тэдэнд зориулсан хуулийг удахгүй батлах гэж байгаа гээ биз дээ?”, “Хуулийг нь баталчихсан байхад тэдэнд ямар асуудал гарна гэж?” бүсгүй нэг иймэрхүү үл хайхарсан үгсийг хуралд оролцогчдоос, ялангуяа Робертын амнаас сонссоны эцэст хурлын танхимыг чимээгүйхэн орхиж гарна.


    Роберт түүний араас хурдхан гарч очоод, “Өршөөгөөрэй, би чамд нэг зүйлийг хэлэхээ мартаж орхиж. Би ажлаа солих бодолтой байгаа. Маргааш шинэ ажлын ярилцлагад орно... ”.


    Бүсгүй түүнийг анхааралтай сонсч зогссоноо, “Чиний шийдвэр болсон хойно, чамд амжилт хүсье, Роберт...”


    Хэдхэн хормын дараа Роберт гудамжинд хэн нэгэнтэй утсаар ярин алхаж байна. “Сайн уу, Оливиа. Би маргааш болох бидний анхны болзоог тэсч ядан хүлээж байна... “Би ч бас өөрийгөө чиний урмыг хугалах залуу биш гэж бодож байгаа шүү. За маргааш уулзая...”  /ESA--- Түүний хэлсэнчлэн тэр үнэхээр дур булаам дүр төрхтэй аж/.


    Роберт гэртээ ирснийхээ дараа маргаашийн шинэ ажлын ярилцлагадаа бэлтгэхээр бичгийн ширээнийхээ ард суусан боловч их ажлын дараах ядралтаа дийлэлгүй ширээгээ дэрлээд унтаж орхилоо. Гэнэт сэртэл өглөөний 06:00 цаг. 


    Яаран сандран явах бэлтгэлээ хангаад гэрээсээ гарав. Гадаа бороо орж байсан учир Роберт шүхрээ яаран задлах гэсэн боловч яагаад ч юм шүхэр нь задарсангүй. Түүнийг ийн мунгинаж байх зуур гэрийнх нь үүдээр явж өнгөрөх гэж байсан үл таних хоёр эмэгтэй дөхөн ирлээ. Бүсгүйчүүд Робертоос дохионы хэлээр, “Танд тусламж хэрэгтэй юу?” гэж хэд дахин асуусан боловч залуу юу ч ойлгосонгүй. Бас тэднээс цааргалангуйгээр холдон явлаа. 


    Нэгэнт шүхэр нь задраагүй учраас Роберт яаран таксинд суухыг оролдов. Гэвч “Зорчигчгүй” гэсэн тэмдэглэгээ бүхий гэрлээ асааж явсан такси түүнийг хармагцаа гэрлээ унтраагаад, харсаар байтал нь суулгахаас татгалзаад яваад өглөө. Түүнд ажлын ярилцлаганд орох газар руугаа яаран гүйхээс өөр сонголт харамсалтай нь үлдсэнгүй. 


     Ингээд Робертод жинхэнэ бэрхшээлүүд тохиолдож эхэлнэ. Очсон газарт нь явган шатны сонголт байхгүй, зөвхөн хоёр гаргүй харгалзагч бүхий лифть үйлчлэх аж. Тэр шат нь маш удаанаар ирэх бөгөөд өөр сонголт байхгүйгээс хойш яалтай. Арай гэж зорьсон газрынхаа хаалгыг татахад өрөөсөн гартай, тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй янз бүрийн хүмүүс Робертыг эвэртэй туулай үзсэн мэт цочирдон хүлээж авна. “Та их зоригтой юм. Бид таны зориг, тэвчээрийг үнэлж байна”гэхээс өөр олигтой зүйл ажлын ярилцлага дээр өрнөсөнгүй. 


    Роберт үнэхээр юу болоод буйг ойлгож чадахгүй л байна. Одоо тэр Оливиа хэмээх гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүйтэй болзохоор явна. Автобусны буудал дээр очиход тэргэнцэртэй хоёр хүн мөн л Робертыг тас гөлрөн суух аж. Үүнд нь эвгүйцсэн Роберт хажууд нь ирж зогссон автобусыг хараад баярлан бушуухан суух гэсэн боловч автобусанд зөвхөн тэргэнцэртэй хүнд үйлчилдэг ганцхан хаалга байх аж.  Тэр хаалгаар орохоос яалтай билээ, түүнийг ухасхийх агшинд өнөөх тэргэнцэртэй залуус “Уучлаарай, энэ бол зөвхөн бидэнд зориулагдсан хаалга” гэх нь сонстов. “Тэгээд би яах болж байна?” гэж Робертыг асуухад, залуус мөрөө хавчин, “Хууль, журам нь тийм юм чинь өөр яах билээ” гэсэн хариултыг өгсөөр яваад өгөх нь зэвүүцэл төрүүлэм.  


    Роберт мэдээж, Оливиатай уулзах болзоондоо явганаар очлоо. Түүний болзоогоо төлөвлөсөн зоогийн газарт өглөөнөөс хойш учир битүүлгээр эхэлсэн өнөөх ялгаварлан гадуурхалт үргэлжилж, Робертыг жирийн биш нүдээр ширтэх хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгч болон, үйлчлэгчийн харц үл тасарна. “Бурхан минь юу болоод байна аа” гэж бодох зуур үзэсгэлэнт Оливиа орж ирлээ. Харамсалтай нь, харамсалтай нь шүү... Оливиа бас л тэргэнцэртэй аж. 


    Тэгээд Оливиа Робертоос асууж эхэлнэ. “Чи их зоригтой юм аа. Ийм газраар ганцаараа яваад л. Зүгээр дээ, надаас битгий санаа зовоорой. Надад ч бас нэг ийм найз байсан. Тэр их сайн хүн шүү...” Үнэндээ эдгээр өгүүлбэрүүдийг Роберт Оливиад хэлэхийг хүсч байсан юм. Гэвч ийм зүйл сонсох нь Оливиа биш, яагаад Роберт гэдгийг тэр үнэхээр сөхөөрч чадахгүй байна. Эцэст нь цагийг илүү сонирхолтой болгох үүднээс Роберт Оливиаг шөнийн клуб руу дагуулан очихоор шийдлээ. “Өө, бурхан минь, дахиад л нөгөөдүүл". Роберт энд дахиад л “Эвэртэй туулай” болчихлоо. Тиймээс тэр согттолоо ууж, орчноо мэдрэхгүй байхыг хүсэв. Нэлээн хөлчүүрхсэний дараа Роберт Оливиагаас нэгэн хачирхалтай асуулт сонсох нь тэр... “Нөгөө юу, чи битгий буруугаар ойлгоорой Роберт. Гэхдээ би үүнийг чамаас заавал асуумаар байна л даа. Та нар шиг хүмүүс бэлгийн харьцаанд орж чаддаг уу?”...


    Өглөө нь Роберт гэртээ, Оливиатай хамт сэрлээ. Азаар бүх зүйл урьдын адил хэвэндээ орчихож...

  — Энэ бол DET сургалтын үеэр үзүүлдэг богино хэмжээний кино. “Энэ киноноос та бүхэн юу ойлгов?”, “Роберт ямар ертөнцөд оччихсон байсан бэ?”, “Робертод ямар, ямар бэрхшээл тулгарсан бэ?” гэсэн асуултуудыг багш сургалтад оролцогчдоос асуух аж. Хөндлөнгийн миний бодлоор би энэ киноноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд агшин бүрт учирч байдаг бэрхшээлийг ойлгосон. Бас Роберт энэ ертөнцдөө л байсан. Яагаад гэхээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, эсвэл энгийн, эрүүл саруул иргэн бидэнд зориулсан тусдаа ертөнц гэж байхгүй. Зүгээр л хэн нэгэндээ адилхан боломжийг нээж өгдөггүй амин хувиа хичээсэн өнөөгийн нийгэм дотроо л Роберт байсан гэж сэтгүүлч би бээр хэлнэ. 


    DET сургалтын онцлог энэ аж. Хүн бүрт, оролцогч бүрт асуудлыг өөрийнхөө өнцгөөс харах, ойлгох боломжийг нээж өгдөг нь энэ сургалтыг илүү сонирхолтой өгөөжтэй болгодог аж. Арав хоногийн турш үргэлжилсэн энэхүү сургалтын нэг өдрөөс бэлгэсэн сурвалжлагаа DET сургалтын ахлах багш болохоор суралцаж буй, “Түгээмэл хөгжил” төвийн менежер Ц.Лхамжавын ярилцлагаар үргэлжлүүлэн хүргэе.  

 

Ц.Лхамжав: "Хөгжлийн бэрхшээл рүү түлхдэг ЖИНХЭНЭ ШАЛТГААНЫГ DET ОЙЛГУУЛДАГ"

 

 

    — DET сургалтын талаар манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?

—Үүнийг задалбал “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” гэдэг нэртэй сургалт юм. Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд чиглэсэн, маш тодорхой сургалт. Сургагч багш нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Нийтдээ гурван цагийн хугацаанд үргэлжилдэг сургалт. Энэ сургалтаар хүнд юуг өгөхийг зорьдог вэ гэхээр, Хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэмд, хүмүүст илүү их ойлголтыг өгөхийг. Яагаад хүмүүст хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголтыг өгөөд байна гэвэл энэ сэдэв хүмүүст хол санагддагт учир нь байгаа юм.  Зүгээр л нэг харахгүй, ярьж чадахгүй байгаа, эсвэл таяг тулсан хүнийг хэлдэг юм уу? Үнэн чанартаа хүнийг хөгжлийн бэрхшээл рүү чухам юу түлхэж аваачаад байна вэ гэдгийг нийгэмд өөрсдөөр нь эрэлхийлж, олуулж, мэдрүүлэхийг зорьсон. 

Яахав, Монголд шинэ тутам сургалт. Гэхдээ хүртээмжийг бий болгохын тулд хүмүүс эхлээд юу хийх ёстой юм, нийгэм маань өөрөө юу хийх ёстой юм гэдгийг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонсохоос илүү тэр хүмүүстэй харилцаж үзээд дараа нь хэрхэх вэ гэдэг шийдлийг гаргахыг энэ сургалт илүү их зорьдог юм. 

 

— DET сургалтын хэчнээн багш байна вэ?

 —Төгсөөд хичээл зааж байгаа багш Монголд одоогоор 16 бий. Өнөөдрийн байдлаар дахиад 16 хүнийг шинээр бэлдэж байна. Дахиад зургаан хүнийг ахлах багш буюу илүү ахисан түвшинд бэлтгэж байна. 

 

 — Байгууллагууд энэ сургалтыг авах талаар санал хэр гаргадаг вэ?

  —Урьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг байгууллага битгий хэл, хувь хүмүүс ч хүлээж авах нь төдийлөн сайн байгаагүй. 

 Энэ сургалт нийслэлийн хэмжээнд, ЖАЙКА олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх төслийн хүрээнд хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд төрийн болон үйлчилгээний байгууллагууд сургалтыг авдаг болсон. Сүүлийн үед байгууллагууд өөрсдөө хүсэлтээ тавиад төлбөртэйгөөр авдаг болж байна. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд бид 6000 гаруй хүнд энэ сургалтыг хоёр жил гаруйн хугацаанд хүргэсэн байна. Ихэвчлэн төрийн үйлчилгээний байгуулага болон удирдах түвшнийхэн сургалтыг ихээхэн авч байгаа.

 

—Магадгүй энэ бүдүүлэг асуулт байх. 6000 хүн энэ сургалтад хамрагдсан байна гэдэг нь тэр хүмүүст энэ сургалтыг сонирхох шалтгаан, шаардлага гарч ирсэн байна уу, эсвэл нийгмийн ухамсрын түвшинд өөрчлөлт гарсан байна уу?

 Янз бүрийн шалтгаантай. Яалт ч үгүй удирдлагууд нь үүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд ухамсарлаад “Би ажилтнууддаа энэ сургалтыг өгөх ёстой юм байна” гэдэг үүднээс авсан нь байна. Нөгөө талаас “Энэ сургалт нийгэмд хэрэгтэй юм байна” гэж ухамсарлаад удирдлагууддаа “Энэ сургалтыг бид сонирхож байна, бид үйлчилгээний байгууллагын ажилтнууд шүү дээ” гээд авч байгаа хүмүүс ч байна. 

 

 — Энэ сургалтын заах аргын онцлог, арга барил, техник нь юу байдаг бэ?

 —Ер нь ихэнх сургалтын арга барил нь мэдээллийг чихэх, хэн нэгэн багш гарч ирээд самбарын урд зогсоод ярьсаар байгаад дуусгаад түүнээс нь хүн хэдэн хувийг тусгаж авдаг вэ гэдгийг төдийлөн мэдэхгүй байна. Энэ сургалт бол оролцогчдоор өөрсдөөр нь асуудлыг нээж илрүүлдгээрээ онцлогтой. Тухайн хүн эргэн тойрондоо байгаа, өөрөө нээж илрүүлсэн асуудлаа мартдаггүй. Өөрөө тэрийгээ хэрэгжүүлэхэд ч илүү дөхөм байдаг. “Чи үүнийг хий” гэж заахын оронд тэр хүнд өөрт нь таны эргэн тойронд ийм асуудал бий, үүнийг ингэж шийдвэрлэх ёстой юм байна гэдэг арга замыг өөрт нь ойлгуулчихаад түүнийгээ хэрэгжүүлэх нь илүү хурдацтайгаар үр дүн авчирдаг. 


    — Жишээлбэл, сая үзүүлсэн богино хэмжээний кино шиг?

 —Тийм. Энэ мэт дадлага ажлын хэрэглэлүүд бий. Энэ богино хэмжээний киног  үзсэнээрээ хүмүүс эргэн тойрноо арай өөр нүдээр харж эхэлдэг. DET сургалтад хамрагдаагүй, өөрөөр хэлбэл энэ талаар ойлголтгүй хүмүүс энэ киног үзвэл гол асуудлыг нь харж чаддаггүй болохоор сургалтын иймэрхүү хэрэглүүрүүдийг нийтэд буюу сошиал орчинд ил тавьдаггүй юм. 


    — Сургалт явуулахад бэлтгэсэн багш нар нь нэгдүгээрт тооны хувьд, хоёрдугаарт чанарын хувьд хангалттай түвшинд байгаа юу? 

  —DET сургалтын багш бэлтгэх сургалтыг дүүргэсэн багш нарыг заавал хангалттай түвшинд хүргэдэг. Хэрэв арай хангалтгүй байна гэж үзвэл бид дотроо давтан сургалтуудыг хийж байдаг. Мэдээж сургалтад тогтсон модуль бий. Гэхдээ нийгмийнхээ хувьсал, өөрчлөлтөд зориулаад, тулгамдаж байгаа асуудалд тулгуурлаад, ахиад цаашид юуг сайжруулах вэ гэдэг дээр бид тогтмол давтан сургалтуудыг хийдэг.  


    —Дэлхий дахинд энэ сургалтыг хэрхэн ашигладаг вэ?

    — Дэлхий даяар одоогоор 700 гаруй сургагч багш бий. Ахлах багш нар нь 70 орчим болно, монголд бэлтгэгдэж байгаатай нийлээд. Дэлхийд одоогоор яг хэдэн хүнийг хамруулсан талаар  мэдээлэл байхгүй.  Яагаад гэхээр энэ сургалт өдөр бүр, хаа нэгэн газарт болж байдаг. Анх DET форумыг үүсгэн байгуулагчид энэ сургалтыг анх зохион байгуулсан түүхтэй. 

 

   — Монголд сургалт авсан байгууллагуудаас хамгийн сайн үр дүн харуулсан ямар жишээ байна? 

    — Улаанбаатар хотод 300 орчим хороо бий. Үүнээс 100 гаруйд нь энэ сургалтыг хийсэн. Хороодын ажилтнууд маань өөрсдөө хамгийн эхэнд өөрчлөлтийг хийж эхэлдэг. Халамж, үйлчилгээний газрууд бас энэ өөрчлөлтийг хийж эхэлсэн. Жишээлбэл, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг гаднаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зорилусан автомашины зогсоолтой болж байна. Нэг цэгийн үйлчилгээний текнүүдийг авч ширээтэй болох, сандал тавих гэх мэтээр эерэг ажлууд хийж эхэлж байна.  Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эсвэл жирийн хүмүүст зориулж тавилгын шийдлийг хийх биш, хэн хэн нь ашиглаж болохуйц шийдлийг бий болгож болдог юм байна гэдгийг тэд ойлгосон. Тэр нь илүү зардал багатай ч байдгийг мэдэж авлаа. Хороодоос гадна, банк, зарим үйлчилгээний газрууд маш өөр болж эхэлж байгаа. Сургалтаас гадна энэ чиглэлээр нөлөөллийн ажил хийдэг бусад ТББ-ын оролцоо ч бас үүнд нөлөөлж байна.


    —Хөгжлийн ямар төрлийн бэрхшээлтэйгээсээ хамаараад багш нарт сургалт явуулахад нь саад учирдаг болов уу?

 —Хараа, сонсгол, хараа, тулгуур эрхтний бэрхшээлттэй, тархины саажилттай залуучууд энэ сургалтыг явуулж байна. Энэ залуучууд маань дан гацаараа энэ сургалтыг хийж чадахгүй үе бий. Тиймээс тэдэнд дэмжлэг үзүүлдэг хувийн туслагч гэж бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” төвөөс монголын нийгэмд оруулж ирж буй шинэлэг зүйл бол энэ юм. Нөгөөтэйгүүр, энэхүү сургалтыг амжилттай явуулахад Жайка олон улсын байгууллагаас дэмжлэг үзүүлж оролцож байгаа талаар миний бие дээр дурьдсан шүү дээ. 


Ярилцсанд баярлалаа.