ХААИС-ийн оюутнууд Израйль улсын “Агростадийс” байгууллагын интерншип хөтөлбөрт хамрагдаж тус улсад 11 сар ажиллаж, суралцах боломжтой боллоо.
Яагаад Израйль гэж үү.
Тус улс газар нутгийн хэмжээгээрээ бусад оронтой харьцуулахад бага боловч хүн амынх нь ердөө хоёр хувь нь газар тариалан эрхэлдэг. Үүгээрээ дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ экспортод гаргадаг юм байна.
“Агростадийс” байгууллага Израйль улсын 42 фермийн холбоог нэгтгэсэн, сургалт, үйлдвэрлэлийн интерншип хөтөлбөр зохион байгуулдаг Засгийн газрын оролцоотой агентлаг юм. Оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдан суралцаж, ажиллах хугацаандаа орчин цагийн фермийн аж ахуйг эрхлэх ухаанд суралцаж, фермер болохын тулд ямар байдлаар, хэрхэн ажиллах вэ талаарх онолын мэдлэгээ практик дээр дадлагажин суралцах боломжтой.
14 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт энэ жил 17 улсын 1600 гаруй хүүхэд дадлага хийх юм байна. Ази тивээс зургаан улс оролцож байгаагийн нэг нь Монгол Улс бөгөөд энэ жилээс хамгийн анхны оюутан-дадлагажигчийг ХААИС-иас сонгохоор шийдвэрлэн тус их сургуулийн Агроэкологи, Инженер-технологи болон Дарханы Агроэкологи бизнесийн бүрэлдэхүүн сургуулиас нийт 21 оюутан хэлний болон болон мэргэжлийн чиглэлийн шалгуурыг ханган хамрагдаж ирэх сард Израйль улсыг зорих гэж байна.
Израйл улсын ГХЯ-ны Ази номхон далайн бүс эрхэлсэн ерөнхий захирал Гилад Кохэн, Азийн газрын захирал Омер Каспи, ЭСЯ-ны аташше Рони Абрамсон нартай уулзав.
Энэ оны тавдугаар сарын сүүлээр ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны албаны дарга Ц.Сүхтулга Израйльд очих үеэрээ “Агростадийс” байгууллагын үйл ажиллагаатай танилцан мөн тус улсын Бээжин дэх ЭСЯ, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж уг хөтөлбөрийг баталгаажуулснааар хамтран ажиллах суурь тавигджээ. Цаашдаа ч гэсэн уг хөтөлбөрт мэргэжлийн ангийн оюутныг өргөнөөр хамруулахаар ярилцаж буй. Их сургуулийн удирдлага, оюутнуудтай уулзсан уулзалтын үеэр “Агростадийс” байгууллагын ерөнхий захирал Яроон Тамир, гүйцэтгэх захирал Инбал Шовел нар залууст амжилт хүсээд “Энэ бол амаргүй ажил.
Гэхдээ та нар Израйлийн газар тариалангийн технологиос суралцаж, сайн эзэмшиж чадвал хүчирхэг бизнес эрхлэгч болно. Бид Монголд хэд, хэдэн газраар очиж үзсэн. Танай улс асар том газар нутагтай учраас газар тариалан эрхлэхэд илүү таатай, давуу тал бий гэж харсан юм. Та бүхэн ферм дээр ажиллах үеэрээ хөдөлмөрийн хөлсөө хадгалж чадвал жилийн дараа ирэхдээ хамгийн багадаа 5-10 мянган ам.долларын хуримтлалтай ирэх боломжтой юм.
Төсөлд хамрагдсан оюутан бүрт хамгийн сүүлийн үеийн зөөврийн компьютер өгдөг. Учир нь долоо хоногийн нэг өдөр нь танхимын хичээлд суух юм. Тэр хичээлийн тэмдэглэл сайн хийх хэрэгтэй. Хичээлийн явцад оюутнууд эх орондоо эргэж ирээд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөгөө боловсруулах боломжтой. Талбай дээр гараад танхимд үзэж байгаа хичээлийг үйлдвэрлэлтэй яаж холбох вэ, онолын мэдлэгээ яаж ашиглах вэ гэдгийг агрономич-багш нар зааж өгдөг. Та бүхэн нутаг буцахдаа сурч мэдсэн, хэрэгтэй мэдээллээрээ зөөврийн компьютераа дүүргээд ирэх боломжийг бид олгоно. Харин энэ боломжийг хэрхэн ашиглах вэ гэдэг сонголт таных” хэмээн ярив.
Төсөлд хамрагдсан оюутнуудын ажилласан байдлаас шалтгаалан дараагийн жил манай улсаас оюутан авах эсэхээ шийдвэрлэх юм байна. Тиймээс энэ удаад төсөлд хамрагдаж буй оюутнуудын хичээл зүтгэлээс ирээдүйд оюутан солилцоо явах эсэх нь шууд хамааралтай аж. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд хэдэн мянган оюутнууд Израйльд очиж ажилласан байна. Тус улсад дадлагажиж буцсан хүүхдүүд эх орондоо амжилттай яваа гэдгийг Израйлийн тал онцолсон юм. Дэлхий тэр чигээрээ “ногоон” бизнесийг дэмжиж буй энэ цаг үед “ногоон” хоолтон болох хандлага ажиглагдаж буй. Тиймээс орчин цагийн монголчууд газар тариалангаа эрхлэн дэлхийн хэмжээний тэрбумтан асар их боломж байгааг ч мөн тэд тодотгосон.
Манай оюутнууд 11 сарын турш амьдрах Израйль улсад очиход хүлээж аваад халамжлан, анхаарал тавих “ээж”-үүд байгаа аж. Хэдийгээр халамжаар дутаахгүй ч бие даах чадварыг төлөвшүүлэхийн тулд байраа цэвэрлэх, хоол хийх, хувцсаа угаах гээд гэрийн ажлаа бүгдийг өөрсдөө хийх юм. Хэдийгээр сурч, мэдэхээр алсад мордож байгаа ч байнга ажлаар шахахгүй гэдгийг “Агростадийс” байгууллагын захирал Яроон Тамир хэллээ. Йерусалим хот, Сөнөсөн тэнгис зэрэг түүхийн дурсгалт газраар аялах хөтөлбөрүүд тусгагдсан байдаг талаар мөн танилцуулсан юм.
Монгол Улсад мэргэжилтэй, чадвартай боловсон хүчин бэлтгэх их үйлсийг түүчээлэх анхны дадлагажигч-оюутнууд ТА бүхэн хичээх л үлдэж буй. “Сайн ажиллаарай” хэмээн хамтарсан багийнхан интерншип ярилцлагад тэнцэн Израйлийг зорих оюутнуудад ерөөв.
Израйл улсад хөтөлбөрт хамрагдсан Уганда оюутнуудын хамт.
Оюутнууд ярилцлагын үеэр.
Дархан уул аймгийн ХХААЖДҮГ -ийн удирдлагатай уулзалт хийв.