Ч.ЗОТОЛ
Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн БНСУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд есөн орны 200 орчим тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.
Монголын Оюун ухааны академийн 18 тамирчин Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлагад эх орноо төлөөлөн оролцсон юм. Манай тамирчид 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 багц медалийн 72-ийг нь хүртэж үнэмлэхүй ялалтыг байгуулжээ. Мөн манай баг тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна нийлбэр дүнгээр илүүрхэж нас, насны ангилал тус бүрт эхний гурван байрыг эзэлсэн байна.
Насанд хүрэгчид:
1-р байр: ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо
2-р байр: ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо
3-р байр: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо
Өсвөр нас:
1-р байр: ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо
2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо
3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо
Бага нас:
1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо
2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо
3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Дэлхийн аварга, Геннисийн рекорд эзэмшигч, Олон улсын их мастер Н.Мөнхшүр (7766 оноо) тэргүүлж аваргын алтан цомыг хүртжээ.
Ийнхүү Монголын тамирчид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур,Солонгос зэрэг олон улс оронд зохиогдсон оюуны спортын 50 дахь тэмцээндээ амжилттай оролцож нийт 861 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.
Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул, Орхон аймгийн тамирчид онцгой амжилтыг үзүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn