Монгол Улс, Монголын их дээд сургуулиуд, томоохон компаниуд гадна дотно ажиллаж амьдарч байгаа эрдэмтэд, өндөр технологи эзэмшин хүлээн зөвшөөрөгдсөн инженер технократуудаа соронзон мэт татаж тэдэнд ажиллаж амьдрах таатай боломжийн орчинг бий болгон өгч чадахгүй байгаагаас үүдэн "Brain drain” буюу "Сайн боловсон хүчээ алдсаар байна.
Мөн технологи, инноваци шингэсэн экспорт хийхгүйгээр уул уурхайн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын ховор элемент, болон бусад эрдэсүүд, нүүрсээ түүхийгээр хил давуулсаар байгаа нь нууц биш юм.
Өөрөөр хэлбэл бид олон тулгуурт гадаад бодлоготой боловч ганц тулгуурт эдийн засагтай байгаагаа тал бүртээ ухамсарлаж өөрөөр бодож сэтгэхгүй бол ЭЗ-н хямралын шуурганы сургаар монголын жижиг эдийн засаг хямарсаар байх болно.
Үнэндээ бол Монголд "Буян", "Говь"- ийн ноолууран цамцнаас өөрөөр эцсийн бүтээгдэхүүн хийж дэлхийн зах зээлд эзлэх жин дарахуйц нэг ч үйлдвэр, оюун ухаан шингэсэн үйлдвэр одоохондоо алга гэж хэлэхэд хилсдэхээргүй байна.
Гэтэл манайхан олноороо амьдардаг Солонгосын ганц бүтээгдэхүүн Самсунг Галакси утас өнгөрсөн онд 20 тэрбум долларын борлуулалтын орлого олж, Монголтой адилхан цөөн хүнтэй Изралийн технологийн салбарын жилийн экспортын орлого даруй 20 тэрбум доллар гарч бид улсаараа нэг жилд бүтээдэг мөнгөнөөс хэд дахин их орлого олж байна.
Гэтэл Монголчууд бид хүний нөөцийн боломжоо бүрэн дүүрэн ашиглахгүй лам, нам дагаж ажилд ордог залуусыг ном дагаж, бизнес эрхэлж бүс нутаг, дэлхийн хэмжээнд өрсөлддөг залуус болгоход системтэйгээр анхаараагүй бол дээр хэлсэнчлэн оюуны хоосрол, мунхаглалын мананд төөрч явна.
2016 оноос хойш хууль бусаар чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдийн тоо 25 мянга гараад байна. Энэ нь нам дагаж энэ хэмжээний хүн төрд шургалан орж буйг илэрхийлж байгаа юм.
Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх боловч ухамсартай бодож, бясалгаж эс шүтвээс мунхаглалын хар ангалд унаж бодож сэтгэж, бизнес хийж баяжихын оронд мөнгөний зураг шэйрлэж, ламд хэдэн төгрөг өгснөөр нүгэл нимгэрдэг гэж мунхагладаг бүхэл бүтэн нийгмийн бүлэг бий болоод байна.
Мөн алдаа дутагдал, хоцрогдол мунхаглалаа хоёр хөрш рүү, эрх баригч 76- руу ээж, аав, үр хүүхдүүд гээд бүгд рүү, чихэж суусаар өөрсдөө өөгүй өндөг мэт амьдрагсад олон болжээ. Үнэхээр их хурал бүтэхгүй хүмүүсээр дүүрсэн юм бол сонгогчид өчигдөр хийсэн сонголтын үр дүн болохоос хоёр хөршүүдийн бэлэглэсэн 76 биш гэдгийг ойлгох цаг ирээд байна.
Алдаа дутагдал, хоцрогдол, тэнэглэлээ дотроосоо олж эмчлэхийн тулд шар тос дотроосоо өтдөг Монгол ардын зүйр цэцэн үгсийг санаж сэрэх цаг болжээ.
Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаглал муудна гэж үг бол улс орны хувьд үнэ цэнэтэй хэвээр байна.
Төрийн сангийн тэтгэлгээр сурч мэдсэн мэдлэгийнхээ үрийг Монголдоо шингээхийн тулд улсын мөнгөөр сурч байгаа залуус эх орондоо эргэн ирж ажиллаж амьдрах хатуу шаардлага тавьж уг шаардлагыг биелүүлэхгүй сурсан улсдаа болон өөр оронд ажиллаж амьдрахаар бол төсвөөс авсан мөнгийг эх орондоо ирж хүчээ өгөх хүртэл урт хугацаанд хүүтэйгээр төлүүлдэг болох хэрэгтэй.
Эсрэгээрээ өөрөө төлбөрөө төлж өндөр боловсрол эзэмшин эх орныхоо хэрэгцээт салбар төр, хувийн хэвшилд ажиллан хүчээ өгч буй залуусын төлбөрийг эргэн олгох уян хатан системийг бид хийж өгөх хэрэгтэй байна.
Үргэлжилэл бий...
Докторант Норовын Тэгшбаяр