Хүний сэтгэлзүйг нарийн задлан шинжилж, бие махбод болон сэтгэлийн мэдрэмжийг гүнзгий уудлан гаргасан, Нобелийн шагналт зохиолч Кнут Хамсуны “Өлсгөлөн” роман уншигчдын хүртээл боллоо.
“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Утга зохиол” цувралын 25 дугаарт хэвлэгдсэн энэхүү роман нь модернист уран зохиолын хамгийн сонгодог жишээ хэмээгддэг. Уран зохиолын илэрхийлж болох хил хязгаарыг тэлсэн цөөхөн бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэх уг зохиол анх Данийн “Шинэ дэлхий” сэтгүүлд хэсэгчлэн нийтлэгдэж, улмаар 1890 онд ном болон хэвлэгджээ. Норвегийн зохиолч Кнут Хамсун уг романаараа уран зохиолын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд зогсохгүй залуу зохиолчдын бүхэн бүтэн үе бий болоход нөлөөлсөн юм.
Тэрбээр “Өлсгөлөн” романдаа далд утгын чамин шигтгээ, символизм, пароди зэрэг орчин үеийн уран зохиолын нарийн элементүүдийг чадамгай ашигласнаас гадна Stream of consciousness буюу “Бодлын урсгал” хэмээх бичлэгийн арга барилыг амжилттай туршсан байдаг. Кнут Хамсуныг шүтэн биширдэг уран бүтээлчдийн тоонд Франц Кафка, Марсель Прүст, Хэнри Миллер нарыг нэрлэж болох бөгөөд алдарт “Мэлхийн зам”-ын зохиолч Хэнри Миллер нэгэнтээ “Би Кнут Хамсуныг дуурайн бичих гэж оролддог байлаа. Түүн шиг бичдэг болохын тулд баруун гараа өгөхөд ч бэлэн байсан сан” хэмээн өгүүлсэн нь бий.
Түүнчлэн Кнут Хамсун тун адармаатай амьдралыг туулж өнгөрүүлсэн бөгөөд чухамдаа“Өлсгөлөн” романаа өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бичжээ. Хүүхэд байхаасаа зовлон үзэж өсөн, хожим нь Кристиана (өнөөгийн Осло) хотыг зорьж зохиолч болохоор сэтгэл шулуудсан түүний зам дардан байсангүй. Зохиол бүтээлийг нь хэн ч тоохгүйн дээр амьдрал нь нэн ядуу тарчиг тул өл зогоох төдийгөөр өдөр хоногийг өнгөрүүлж байжээ. Тэрбээр шинэ тивийг зорин, амьдралаа цоо шинээр эхлэхийг хүссэн ч найдвар нь талаар болж, зүсэн зүйлийн хар бор ажил хийж, амийг нь авч одох дөхсөн хүнд өвчинд ч нэрвэгдэж байв. Хэдий тийм боловч зохиолчийн хувиар тэр энэ бүхнээс чамгүй зүйлийг олж авсан байдаг, өөрийг нь алдрын оргилд хүргэсэн “Өлсгөлөн” романыхаа санааг л гэхэд Кнут Хамсун Кристианагийн боомтын хажуугаар өнгөрч байхдаа олсон ажээ.
Зохиолын үйл явдал тун энгийн. Нэр нь үл мэдэгдэх залуухан зохиолч Кристиана хотоор тэнүүчилнэ. Зохиол, нийтлэл бичих хүслээр дүүрэн ч өлсгөлөн ходоод нь түүнийг цаг үргэлж зовоон, толгой хоргодох газар бодсоор тархи нь завгүй. Өлсгөлөн түүнийг аажмаар идэж, оюун ухаан, сэтгэн бодох чадварт нь нөлөөлж эхэлнэ. Сэтгэлзүйн шинжээч Кнут Хамсуны бүтээл монгол хэлнээ анх удаа хэвлэгдэж буй нь энэ бөгөөд тус роман улс төр, нийгэм, шашин, бурхан зэрэг өргөн сэдвийн хүрээнд уншигчдыг хөтлөх болно.