Ч.ГАНТУЛГА
Энэ удаагийн дугаарын зочноор УДБЭТ–ын бүжигчин, “Монголын сайхан бүсгүй-2018” уралдааны “Оюу эрдэнэ”-ийн өргөмжлөлт О.Олонбаярыг урилаа.
-“Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний “Оюу эрдэнэ”-ийн өргөмжлөлийг хүртсэн. Тэр үед үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан шүү?
-Баярлалаа. Ээж минь 30 жилийн өмнө “Монголын сайхан бүсгүй” анхдугаар уралдаанд оролцож байсан. Тиймээс ээжийнхээ үзүүлээгүй амжилтыг үзүүлье гэж зорьсон. Аз болоход тэр үед театрын ажил бага байж таарсан.
–Ээжийнхээ оролцож байсан тэмцээнд охин нь оролцоно гэдэг сайхан юм аа. Ээж тань их баярласан байх даа?
-Ээжийгээ баярлуулахаас гадна өөрийгөө сорьж үзье гэж бодсон. Учир нь би залуу байна. Зорьсон зорилго минь ч их. Эхлээд ээждээ хэлээгүй. Харин эгчийнхээ урланд хувцсаа захиалж байхыг ээж мэдчихсэн учир хэлэхээс өөр арга байгаагүй. Таны оролцож байсан тэмцээнд орохоор болсон гэхэд их баярлаж, доглолж хүлээж авсан.
–Өрсөлдсөн охидын ихэнх нь загвар өмсдөг гэж байсан?
-Өрсөлдөгч охидтойгоо хэдий богино хугацаанд хамт байсан ч сайн найзууд болж чадсан. Бид Орхон, Дархан-Уул аймагт очиж, сайн үйлсийн аян өрнүүлсэн. Эргээд бодоход их сайхан дурсамж үлджээ. Ихэнх нь олон жил загвар өмссөн, энэ салбарт ажилладаг байсан. Харин би урлагийн хүн, бүжигчин гэдгээ давуу тал болгохыг хүссэн. Тиймээс ч уралдааны “Авьяаслаг мисс” төрөлд тэргүүлсэн.
-“Оюу эрдэнэ”-ийн өргөмжлөл гээд таны нэрийг дуудахад ямар мэдрэмж төрж байв?
-Миний нэрийг дуудахад их сонин мэдрэмж төрсөн. Сая Олонбаяр гэсэн үү. Би буруу сонсчихоогүй байгаадаа гээд л. Үнэндээ итгээгүй.
- Тэмцээнд оролцсоноор бүсгүй хүний гоо сайхан гэдгийг ямар өнцгөөс харж, ойлгодог болсон бэ?
-Бүсгүй хүн бүрт гадаад гоо сайхнаас гадна сэтгэлийн гоо сайхан их чухал гэдгийг ойлгосон. Тэр нь нийтэч зан, сайхан сэтгэлээр илэрч болно. Ихэнх миссийн тэмцээн тухайн оролцогчийн биеийн харьцаа, өндөр, гоо сайхныг л хараад байдаг. Харин “Монголын сайхан бүсгүй” уралдаан дотоод гоо сайхныг чухалчилсан нь үнэ цэнэтэй санагдсан.
–Энэ уралдаанд оролцохын өмнө балетын олон улсын наадмаас хүрэл медаль хүртсэн санагдаж байна?
-Монголд анх удаа Олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Би ганцаарчилсан үзүүлбэрээр оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ наадамд монгол бүжигчдээс гадна Орос, Японы бүжигчид оролцлоо. Дараа жилээс цар хүрээгээ тэлж, илүү олон улсын авьяастнууд цуглана гэдэгт итгэлтэй байна.
–Залуухан бүжигчний хувьд балетын бүжигчин болох хүсэл мөрөөдөл тань хаанаас эхтэй вэ?
-Анх Хөгжим бүжгийн консерваторид шалгуулж байхдаа өөрийгөө ямар учиртай шалгалт өгч байгааг ойлгоогүй. Эхний хоёр жил ерөнхий хичээлүүдээ л үзсэн. Хожим аав, ээж хоёр минь балетчин болох мөрөөдөлтэй байсан тухайгаа надад ярьсан. Залуу насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд намайг бүжгийн ангид шалгуулсан юм билээ. Энэ үеэс бүжигчин болох хүсэл улам ихээр оргилох болсон.
-Бүжигчдийн бэлтгэлийг харахад их хүнд санагддаг. Жаахан охины хувьд шантармаар
үе олон байсан байх даа?
-Хөл гэмтэлтэй, цэврүү үсэрч холгох, идээлэх гээд олон бэрхшээл бий. Заримдаа халуунтай тайзан дээр гарах тохиолдол ч байсан. Гэхдээ тэр бүхэнд шантарч, хойш суухыг хүсээгүй. Учир нь бүжигчин хүнд форум гэж бий. Удаан хугацаанд тоглолтод оролцохгүй бол өөрөө л хохирно. Хэдийгээр шантарсан ч тайзан дээр бүжиглэхдээ авдаг мэдрэмж, хүмүүсийн алга ташилтын сайхныг санахад энэ мэргэжилдээ улам дурлах шиг болдог.
–Та гавьяат жүжигчин Т.Туул багшийн шавь. Багш тань юуг чухалчилж захидаг байв?
-Багш минь их зөөлөн хүн. Хүн бүхэнд хайр түгээсэн сайхан энергитэй. Т.Туул багшаас гадна би Б.Дашлхагва багш дээрээ гурван жил хувийн бэлтгэл хийсэн. Харин театрт ороод энэ урлагийн бурхад болсон уран бүтээлч, бүжигчин бүхнийг “багш” гэж хүндэтгэдэг.
–ДБЭТ хэмээх урлагийн уурхай болсон энэ хамт олонтой хэдийнээс уран бүтээлээр холбогдсон бэ?
-Анх 2010 оноос гэрээний бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед сургуулиа төгсөөгүй байлаа. Театрын хаалгаар орж ирэхэд их сайхан санагдсан. Уран бүтээлчид нь хүндлэл ихтэй. Би хамгийн жаахан нь учир тэдгээр мундаг хүмүүсээс сурахсан, үлгэр дууриал авахсан гэж одоог хүртэл хичээж явдаг.
–Анхны тайз, сэтгэл догдлолоо эргээд санавал?
-Хөгжим бүжгийн сурагч байхдаа анх тайзан дээр гарсан. Хэдийгээр өмнө нь олон удаа давтсан байсан ч яг тоглолтын хөшиг нээгдэхэд их догдолсон. Сонгодог урлагт хайртай, сэтгэлийн таашаал авахыг хүссэн олон хүн намайг харж байна гэж бодоход сайхан санагдсан. Хүмүүс рүү хараад баймаар, инээмээр ч юм шиг.
–Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн бүтээл юу вэ?
-“Хунт нуур” балет. Хэдийгээр гол дүр биш. Хунгуудын дунд зогсдог ч бид яг л нэг хүн шиг хөдөлж, амьсгалах ёстой. Анх удаа энэ балетад гарахад театраас надад шинэ каски буюу хөлийн өмсгөл өгсөн юм. Тэр нь их хатуу. Үргэлж өөрийнхөө хуучин каскитай бүжиглэдэг байсан учир дасчихаж. Шинийгээ хайрлаад, зөөлрүүлж чадалгүй шууд гарчихсан. Тоглолтын үеэр хөл их өвдсөн. Тоглолтын дараа эгч нарт зэмлүүлсэн удаатай.
–Залуухан бүжигчний хувьд цаашдын зам гэгээтэй, урт байна. Анхны гол дүрээ сэтгэлдээ төсөөлдөг үү?
-“Би хунт нуур” балетад дуртай. Тиймээс анхны гол дүр минь “Хунт нуур” л байгаасай гэж хүсдэг. Театр энэ балетыг тоглох бүрт би гоцлол бүжигчдийг ард нь дагаж, бэлтгэл хийдэг.
-“Хунт нуур” үнэхээр гайхалтай. Хүн атлаа хун ч юм шиг…?
-Цагаан хун чинь илбэдүүлсэн гүнж. Дотоод сэтгэл нь хүн. Тэр дурласан, хайрласан. Хайртай хүнээ тэвэрмээр байвч гар нь далавч болчихсон. Үнсэхээр тэмүүлдэг ч шувуу төрхтэй. Сэтгэлээ ойлгуулахыг хүссэн ч чадахгүй. Цагаан хунгийн шаналал, дотоод сэтгэл, мэдрэмж нь надад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
–Урлагаас гадна чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Бидэнд чөлөөт цаг ховор байдаг. Миний хувьд зав гарвал спортоор хичээллэх дуртай. Одоогоор хөнгөний бэлтгэл хийж байна. Энэ нь тайзан дээр бүжиглэхэд их тустай. Мөн усанд сэлдэг.
–Ойрын зорилго тань юу вэ?
-Миний хувьд удахгүй тэмцээнд оролцох насны ангиллаас хасагдана. Тиймээс ойрын жилүүдэд тасралтгүй бүжиглэж, бэлтгэл хангаж байгаад дахиад олон улсын тэмцээнд оролцож, өөрийгөө соримоор байна.
–Та балетын сургуультай байсан санагдаад байна?
-“Ballet studio 22” гээд сургуультай байсан. Анх 18 насандаа нээж, гурван жил тасралтгүй ажилласан. Өглөө нь хичээлтэй, өдөр нь ажилтай байсан учир их ядарсан. Тиймээс бүжиглэхдээ л гол анхаарлаа хандуулъя гэсэн бодлоор түр завсарласан. Цаг нь болохоор дахиад багшилна гэсэн төлөвлөгөө бий.
–Энэ хугацаанд олон бяцхан шавьтай болсон байх?
-Хөөрхөн шавь олон бий. Тэд минь үргэлж тоглолт ирж үздэг. “Багшаа та хэзээ хичээлээ зааж эхлэх вэ. Сурмаар байна” гээд л, их хөөрхөн.
–Магадгүй бүжигчин болоогүй бол гэж өөрийгөө төсөөлдөг үү?
-Үнэндээ төсөөлөгдөхгүй байна. Магадгүй компьютерийн ард суудаг ажилтан болох байсан байж магад. Урлагаас хол гэхээр амьдрал минь их л уйтгартай байх байсан болов уу.
–Энэ мэргэжлийг сонгосны давуу талыг юу гэж харж байна?
-Энэ урлаг намайг их тэвчээртэй, хүлээцтэй болгож байна. Мөн амьдралын амт, ухааныг их эрт мэдэрдэг. Хаана ч өөрийнхөө биеийг зөв авч явах чадвартай боллоо. 16 наснаасаа театрт ажиллахаар ядаж л мөнгөний үнэ цэнийг ойлгодог. Хэрхэн, юунд зарцуулахаа мэддэг болоод төлөвшчихдөг. Үнэндээ 16 настай хүүхэд чинь дунд сургуулиа ч төгсөөгүй байх үе. Гэтэл энэ мэргэжлийн буянд хувь хүндээ их олон давуу, ололтой зүйлийг сурч, ухаарч болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин