Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монголын болон дэлхийн багш өдрийг тохиолдуулан 1000 багш оролцсон баярын хүндэтгэлийн арга хэмжээг Корпорейт Конвейшн төвд өнөөдөр зохион байгууллаа. Эл арга хэмжээг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн бие биедээ хүнлэг энэрэнгүй, найрсаг байх, харилцан ойлголцох, улмаар ирээдүй, хойч үеэ эерэг зөв хүмүүжилтэй сайн хүмүүс болгохын үндэс суурь, найдвартай тулгуур нь боловсрол юм.
Харин тэрхүү боловсролыг олгогч, гардан зохион байгуулагч нь багш билээ. Тиймээс ч өнөөдөр дэлхий даяар БАГШ ТАНД талархал илэрхийлэх, хөдөлмөрийг нь үнэлэх, энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс үндэстэн бүрийн хөгжил цэцэглэлтэд багш нарын оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна” хэмээн онцлон өгүүлсэн юм.
Багш нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар монголынхоо нийт багш нарт тусгайлан мэндчилгээ хүргүүлсэн юм. Тус мэндчилгээндээ багш нарын талаар УИХ, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг давхар танилцуулж, багш нарт сайн сайхныг хүссэн юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар УИХ-ын даргын М.Энхболдын зөвлөх Т.Ганди, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Н.Хүрэлбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцож багш нарт баяр хүргэж үг хэлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2018-2019 оны хичээлийн жилийг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Жилийн хүрээнд болон багш нарын өдрийг угтан 2018.09.05 наас 2018.10.05-ны хооронд “Багшийн хөгжил-2018” аяныг орон даяар өрнүүлэн таван бүтээлч уралдааны шилдгүүдийг тодруулан баярын энэ өдөр шагналыг нь гардууллаа. Цэцэрлэгийн багачуудын дунд зарласан гар зургийн уралдаан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан фото зургийн уралдаан, сэтгүүлчдийн дунд зарласан нийтлэл, эцэг эхчүүдийн дунд зарласан эссэ бичлэгийн уралдаан, бүтээлч санааны уралдаанд ирсэн бүтээлүүдийг нийтэд дэлгэн үзүүллээ.
БСШУСЯ-ны захиалгаар өнөөгийн багшийн амьдрал, багш хүний жаргал, саад бэрхшээлийг харуулсан бүрэн хэмжээний “БАГШ” уран сайхны киног бүтээж, энэ өдөр мөн нээлтийг нь хийлээ.
Боловсролын салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэд, оюутан, сурагчдын хөгжил, хамгааллын чиглэлээр урт хугацааны туршид идэвх санаачилга, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн байгууллагуудад анх удаа “Боловсролд ээлтэй байгууллага”-аар тодруулан өргөмжиллөө.
2018 оны хичээлийн жилийг сурагчид урьд өмнө байгаагүй амжилтаар эхлүүлж байна. Тухайлбал, олон улсын таван олимпиадад манай хүүхдүүд оролцсон төрөл бүрээсээ медаль хүртлээ. Анх удаа олон улсын математикийн олимпиадад багаараа оролцож медаль авсан, оюун ухаан, ой тогтоолтоор монгол хүүхдүүд дэлхийн дээд рекорд тогтоож Генисийн номд бүртгэгдсэн зэрэг амжилтыг дурдаж болно.
Сурагчид олон улсын олимпиадаас нийтдээ 3 мөнгө, 12 хүрэл, 3 тусгай байр эзэлж түүхэн дээд амжилт тогтоосон нь багшийн ажлын үр шим юм. Мөн Улсын тэргүүний сургууль, боловсролын гол түнш болох төрийн бус байгууллага, онцгой амжилт гаргасан багш нараа мөн энэ өдөр шагнаж урамшуулна.
Монгол Улсын Их Хурал 2018 оны 6 сард Багшийн хөгжлийг дэмжих хуулийг хэлэлцэн баталсан. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр багшийн нийгмийн баталгаа, хөгжлийн асуудал, мэргэжил дээшлүүлэх, ёс зүйн талаар олон таатай боломж бүрдэх юм. Жишээ нь Багшийн хөгжлийн төвд нийт сургууль цэцэрлэгийн хувьсах зардлын 2 хувийг зарцуулдаг байхаар хуульд тусгагдсан. Ойролцоогоор жилд 11.6 тэрбум төгрөгийг багшийн хөгжлийг дэмжихэд зарцуулах юм. Мөн багшийн мэргэжлийн зэргийг заавал ажилласан жил харгалзахгүйгээр гаргасан амжилт, сурагч эцэг эхийн сэтгэл ханамжид үндэслэн олгодог байхаар туссан. Үүнийг дагаад багшийн цалин хөлс, урамшуулал нэмэгдэх боломж бүрдэж байна.
Шинэ хуулийн дагуу багшийн хөгжлийн хөтөлбөрийг таван жил тутамд батлан гаргах юм. Албан ёсны хөтөлбөртэй байснаар багшийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалт хөтөлбөр төлөвлөгөө тодорхой болно. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зөвхөн цэцэрлэг сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлээд зогсохгүй, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, дээд боловсролын багш нарын мэргэжлийг дээшлүүлэх ажлыг хариуцдаг болсон зэрэг олон шинэ зохицуулалт багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжинэ.