С.САРУУЛ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.10.08/ хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцав. Энэ үеэр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар “Боловсролын тухай хуульд зааснаар зайлшгүй шаардлагын улмаас сургуульд элсэх боломжгүй малчдын хүүхдүүдийг эцэг, эхийнх нь гаргасан үндэслэлийг харгалзан шийдвэрлэх асуудлыг тусгасан байдаг. Ийм хүсэлтийн дагуу бид зургаан настай хүүхдүүдийг нэг жилийн хугацаанд сургуульд орохыг нь хойшлуулж байгаа. Өнгөрсөн жил 1335 хүүхэд энэ маягаар элсэлтээ хойшлуулсан. Тиймээс бид хариу арга хэмжээ болгож дотуур байрныхаа нөхцөл байдлыг дээшлүүлж, хүүхдээ үлдээгээд явахад аюулгүй байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Сургуулийн дотоод орчинд өдөр өнжүүлэх ажиллуулах шийдэл гаргасан. Сургуулиас гадуур орчинд бол Боловсролын яам бүрэн хяналт тавьж чадахгүй. Хүүхдийн төлөө газар, Засгийн газар руу бид саналаа хүргүүлсэн. Зөвхөн сургууль дотор байгаа тохиолдолд манай яам хяналт тавих боломжтой. Одоо стандарт, шаардлагыг шинэчлэн боловсруулж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn