Г.Тэмүүжин дасгалжуулагчийнхаа хамт.

Д.НАДМИД

Залуу жүдоч Ганбүргэдийн Тэмүүжин дэлхийн залуучуудын олимпоос анхны мөнгөн медалийг хүртлээ гэсэн мэдээ Монгол түмний чихэнд содон сонсогдсон нь мэдээж. Аргагүй ч юм даа. Жүдогийн төрлөөр ердөө гуравхан жил хичээллээд тийм ховор амжилт гаргасан юм чинь. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч С.Баяржаргалын шавь 17-хон настай энэ залуу ноднингоос хойш гадаад, дотоодын тэмцээнд оролцох бүртээ медаль авсан юм байна. 1917 онд Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай ирж байсан бол энэ онд болсон тивийн цомын тэмцээний алтан медалийн эзэн болсон юм байна. Тэгвэл сая Аргентины Буэнос Айрес хотноо болж байгаа залуучуудын III олимпийн наадмын жүдо бөхийн дэвжээнээс мөнгөн медалийг хүртсэн нь залуучуудын олимпоос монгол жүдочийн авсан анхны медаль болов. Тэрбээр жүдогийн 55 кг-д барилдахдаа нэгдүгээр тойрогт хийлж дараагийн тойрогт Колумб улсын тамирчин Хуан Монтеалегрег иппон үнэлгээгээр цэвэр ялж дараа нь Украйны жүдочийг богино хугацаанд мөн цэвэр орхиж аваргын төлөө барилдаанд Белоруссын Артем Коласовт дийлдснээр мөнгөн медалийн эзэн болсон юм. Г.Тэмүүжин өсвөрийн жүдочдын 55 кг-ын жинд дэлхийд зургадугаарт эрэмбэлэгдээд байна. Түүний тухай дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл ярихдаа,

-Манай Тэмүүжин жинхэнэ өсөх ирээдүйтэй залуу. Багшийн хэлсэн үг захиасыг дэвжээн дээр заавал хэрэгжүүлж чаддаг дуулгавартай тамирчин. Тийм болохоор Азидаа цомын тэмцээнд аваргалж чадсан. Сая залуучуудын олимпод мөнгөн медалийн эзэн боллоо. Цаашид 60, 66 кг-ын жинд бэлтгэгдэж байгаа жүдоч гэж үнэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn