Х.Хулан

   Англи хэл сурахын тулд олон жил хичээсэн ч бүтэлгүйтэж, итгэл найдвараа алдсан 1000  1000 хүнийг С.Төмөрбат багш амжилттай сургаж чадсан тухай  хаа нэгтэйгээс уншиж байлаа. Сэтгүүлч хүний сониуч зангаар, бас англи хэлэнд нэвтэрхий болох хүсэл тээж явдаг ч өдий болтол түүнийхээ төлөө өөрийгөө дайчлаагүй хүний хувьд миний бие С.Төмөрбат багшийг “онилчихоод”  байсан юм.             

      С.Төмөрбат багшийн “Сондор хилэн” англи хэлний төвд суралцсан хүмүүст битүүхэндээ чих тавьж, надад хэр их боломж байгааг сэмхэн танддаг. Тэд нэг л зүйлийг хэлдэг. “Даалгавраа хий, цагаа барь, бусдыг нь багш хийнэ” гэж.

         С.Төмөрбат багштай ганц цаг ярилцаж суух зуур өрөөнийх нь үүдэнд дараалал үүсч, яриагаа яаран дуусгахаас аргагүйд хүргэв. Зав чөлөөгүй өнгөрүүлдэг цаг минутаас нь хумслан байж ярилцсаныхаа дараа түүнийг ясны багш хүн юм байна гэж бодлоо. Харин танд төрөх бодлыг нээлттэй үлдээхийн тулд дараахь ярилцлагыг хүргэж байна.

 

    - Саяхан олон улсын багш нарын  баяр болж өнгөрлөө. Англи хэлний салбартаа олонд  чамгүй  танигдсан таныг хэрхэн багш  болсон түүхээс хоёулаа яриагаа  эхлэе?

 

       -Дунд сургуулийн сурагч байхдаа л би мэргэжилээ сонгосон байсан. Нийслэлийн 51 дүгээр сургуульд сурдаг байлаа. Манай сургуулийн монгол хэл, бичгийн хичээлийг Д.Оюун багш маань заадаг байсан.

           Оюун багш хичээлээ маш ойлгомжтой, сайхан заадаг байсан болохоор монгол бичгийн хичээл орохыг би тэсэн ядан хүлээдэг байлаа. Багшийнхаа хэрхэн зааж, хөтөлж байгааг ажиглан, түүн шиг сайн багш болохыг хүсч, энэ мэргэжлийг сонгосон доо.

 

       -Тэндээс гараад “Сондор хилэн” төвөө үүсгэн байгуулсан уу?

 

     -Сургууль, цэцэрлэг, их сургууль,  хэлний  төв гээд боловсролын бүх шатны байгууллагад ажиллаж явсаар 2006 оны хоёрдугаар сард “Сондор хилэн” англи хэлний төвөө үүсгэн байгуулсан.

        Урьд нь тухайн байгууллагуудын баталсан хөтөлбөрийн дагуу л хичээлээ заадаг байсан бол, сургалтын төвөө байгуулаад цаашид хэрхэн тогтвортой ажиллах вэ, бусдаас юугаараа ялгарах вэ гэх зэргээр хөтөлбөр төлөвлөгөөгөө өөрөө боловсруулаад ирэхээр ажлын туршлага их хэрэг болсон.

         Ингэж л насанд хүрэгчид, болон хүүхдүүдэд богино хугацаанд англи хэл заах хөтөлбөрөө боловсруулан сургалтын төвийнхөө анхны суурийг тавьсан даа. Манай сургалтуудын гол онцлог гэвэл: Өглөө 9 цагаас орой 16.30 хүртэл өдрийн 10 цагаар сарын 200 цагийн сургалт явуулдаг анги байдаг. Энэ ангиа бид БҮТЭН ӨДРИЙН АНГИ гэж нэрлэдэг.

         Бүтэн өдрийн анги нь БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ болон БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ гэсэн хоёр шатлалтай. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид нэг сарын хугацаанд анхан, завсар, дунд, дундын дээд гэсэн дөрвөн түвшиний мэдлэг эзэмшээд төгсдөг.

          Суралцагч өөрөө хүсвэл БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ангид дахин нэг сар суугаад ахисан дунд болон гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсдөг. Эдгээр ангиудыг төгссөн хүмүүс их сургуулийн англи хэлний хөтөлбөрийг бүрэн эзэмшээд төгсч байна гэж ойлгож болно. Ингэж богино хугацаанд чанартай сургалт явуулдагаараа “бусдаас илт давуу юм”, “арай  өөр юмаа”, “үнэхээр миний хайсан” газар мөн байна гэсэн урмын сайхан үгсийг байнга сонсч байдаг даа.

       

          

          -Бүтэн өдрийн ангиудаас гадна “Сондор хилэн” төв ямар төрлийн хэчнээн сургалт явуулж байна?

      -Зөвхөн англи хэлний сургалтаар манай сургалтын төв дагнадаг. Хэлний  төвөө байгуулсан цагаас л “Бүтэн өдрийн эрчимжүүлсэн” ангийн сургалтаа бид явуулж ирсэн. Энэ ангийг төгссөн төгсөгчдийнхөө хүсэлтээр “Бүтэн өдрийн гүнзгий” шатны ангиа нээсэн. Зун хүүхдүүдэд зориулсан таван төрлийн сургалт явуулдаг.

      Мөн оюутнууд болон, ЭЕШ-д зориулсан сургалт ч бий. Өглөөний 06:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл цагийн ангиуд өргөн сонголттойгоор хичээллэж байна. Цагийн ангиудаас өглөөний 06:00 цагийн ангийг хүмүүс илүүлтэйгээр сонгон суралцаж байна. Энэ анги яг одоо АНХАН ДУНД ГҮНЗГИЙ гэсэн 3-н шатны анги хичээллэж байна.  Ажил эхлэхээс өмнө, замын түгжрэлд орохгүй, тархи толгой сэргэлэн үед англи хэл үздэгээрээ өглөөний анги маань олон  давуу талтай. 

      Ерөнхийдөө өглөөний, өдрийн, оройн цагийн ангиуд, бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги, бүтэн өдрийн гүнзгийрүүлсэн анги, ганцаарчилсан сургалт, VIP анги байгууллагын сургалт гэх зэргээр сургалтууд өргөн сонголттойгоор хичээллэдэг.

Мөн монгол гадаад багштай ярианы ангиуд хичээллэж байна. Энэ ангид дүрмийн мэдлэг  өндөртэй, ярьж сурах шаардлагатай хүмүүс суралцдаг.

 

     -Бас танай сургалтын төв албан байгууллагын сургалт явуулдаг гэж сонссон. Албан байгууллагуудын хувьд хүний нөөцийн ур чадварт, хэлний асуудал номер 1-т жагсч байгаа нь нууц биш. Албан байгууллагуудад хэдээс хэдэн цагийн хооронд сургалтаа явуулдаг вэ?

 

        -Албан байгууллагууд ихэвчлэн бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангийг сонгон, хүмүүсээ ажлаас нь чөлөөлж сургадаг. Зарим байгууллага бүтэн өдрийн эрчимжүүлсэн нэг анги болгоод бөөнөөр сургана.

Нэг ёсондоо байгууллагадаа амжилттай ажиллаж байгаа, өсөх ирээдүйтэй хүний нөөцөө шагнаж, цалинтай чөлөө олгон манай бүтэн өдрийн сургалтад сургадаг. Албан байгууллагуудын хүсэлтээр оффис дээр нь очиж заах тохиолдлууд ч бас гарна. Ажилчдын дунд англи хэлний түвшинг тогтоогоод, түвшин түвшинээр нь ангилаад, цаг тохирон манай багш нар очиж заадаг.

 

 

       - Яаж ч заагаад сурдаггүй хүн гэж байдаг уу?

 

     -Байхгүй ээ. Монгол хэлээрээ ярьж чаддаг л бол та сурна шүү дээ.  Эрүүл мэндийн асуудалтай хүн эмч хүнд ханддаг бол,  англи хэлний ’’асуудалтай’’, суръя гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс манай төвд  ханддаг.

       Багш хүнээс сэтгэлзүйч, дуучин, бүжигчин, жүжигчин, илтгэгч гээд олон төрлийн мэргэжлийн ур чадвар шаардагддаг. Хичээлийн үеэр оюутнууд нойрмоглоод ирвэл нойрыг нь сэргээх хэмжээний мэдрэмжтэй байх хэрэгтэй гэх мэт үргэлжилнэ шүү дээ.

     Манай сургалтад ирж байгаа хүмүүсийн ихэнх нь 10 жилд, их сургуульд, хэлний төвүүдэд англи хэл үзлээ. Надад хэл сурах авъяас огт байхгүй юм байна гэсээр, итгэл найдвараа алдсан ирдэг. Хэл сурвал ажил амьдрал маань дээшлэх гээд байна. Аялалд явж, ном сонин уншдаг болмоор байна гэсэн хүмүүс ч их ирнэ.

Хэлтэй болох сэтгэл итгэлээ тээгээд манайхыг зориод ирсэн хүмүүст зөв арга барилаар эмх цэгцтэй мэдлэг эзэмшүүлж дээр нь өөртөө итгэх итгэлийг нь төрүүлж цаашид сурах арга замыг нь дардан болгож хөглөж өгдөг нь бидний бахархах зүйлсүүдийн нэг юм даа.

 

    - “Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг шиг, англи хэл хүнд ямар цонхыг нээж өгдөг юм бол?

 

         -Маш сайхан асуулт байна. Англи хэл хүмүүст маш олон цонхыг нээдэг. Хамгийн энгийн жишээ гэвэл, бусад хүмүүсийн ашиглаж чаддаггүй наад захын боломжуудыг англи хэлтэй хүн л цаг тутамд ашигладаг.

       Монголд мэдээлээгүй мэдээллүүдийг интернэтээс хамгийн түрүүнд уншиж байна. Утас, электрон бараа зэрэг аливаа бүтээгдэхүүний заавар тайлбарыг уншаад бүрэн ашиглаж байна.

          Хамгийн наад зах нь орчин үеийн залуус ухаалаг  гар утас барьж байгаач, бүрэн утгаар нь ашиглаж  чадахгүй гангараа мэтээр л ашиглаж байна. Угтаа бол орчин үеийн утаснууд дотор маш их боломжууд байна. Гэтэл англи хэл мэдэхгүй хүмүүс зүгээр л “Нокиа” утасны адил түвшинд л ашиглаж байгаа нь анзаарагддаг.

       Ер нь ямарч  хэлийг бүрэн төгс сурлаа гэхэд тухайн хүнд цоо шинэ ертөнц  хаалга нээгдэж байдаг. Харин англи хэл сурснаар Дэлхийн олон улсуудад илүү  их боломжууд нээгдэж, түүнийгээ ашиглаж чадвал амжилттай явнаа л гэсэн үг.  

 

 

    - “Сондор хилэн” хэчнээн багштай, ямар бүтэцтэйгээр үйл ажиллагаа  явуулдаг вэ. Сургалтын төвүүд дотроо хэр том төвд тооцогдох вэ?

 

      -Бүтэц талаас нь ярьвал манайх цөөхөн багштай. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд, цаашилбал дэлхий дахинаа, тархан суугаа монголчуудад бол тодорхой хэмжээнд танигдсан гэж боддог. Өнөөдөр бид нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн сувгаар, англи хэлийг үнэ төлбөргүй зааж байна.

          2011 онд “Эх орон” телевизээр 50 цуврал хичээл заасан. Монголын үндэсний радио 106 сувгаар жил орчим хугацаанд англи хэл заасан. Мөн “Смарт радио”, “Соён гэгээрүүлэгч” телевизтэй хамтран ажиллаж байсан.

        Одоо “Эх орон” телевиз, www.ikon.mn сайтаар долоо хоног болгон англи хэл зааж байна. Цаг зав, төлбөр мөнгөнөөс болоод англи хэл сурч  чадахгүй байгаа хүмүүст хэл сурах маш том боломжийг нээж өгч байна.

 

      -Нэг талаар энэ чинь таны бизнес шүү дээ. Та өөрийнхөө олон жилийн хугацаанд бий болгож авсан мэдлэгээ хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр үнэгүй цацаж байна. Патентаа алдана гэсэн болгоомжлол байдаг уу?

   

        -Найз нөхөд эргэн тойрныхон маань бас тань шиг болгоомжилж асуудаг л юм. Гэлээ ч англи хэлийг сурах хүсэлтэй, хичээл, зүтгэлтэй хүмүүсийн төлөө энэ ажлуудыг хийж байгаадаа би баяртай байдаг. Видео хичээлийг маань үзээд “Үргэлжлүүлэн суръя” гэж хүмүүс их ирдэг. 

        Хүнд хүргэсэн тус буцаад ирдэг гэдэг дээ.  Орчин цагт ямарч бизнес авахаасаа илүү өг гэсэн философиор явж байна. “Байгаа бүхнээ хуваалц” гэсэн зарчмаар хандвал, буцаж ирдэг юм шүү.

 

 

         - Нягтан бодогч гэх мэт зарим мэргэжлүүд нэг үйлдлээ олон жил давтаж хийдэг. Залхмаар ч  юм шиг. Багшийн мэргэжил ч ялгаагүй надад тэгж санагддаг юм аа, уучлаарай. Нэг хөтөлбөрөөр, нэг л хичээлийг сар жил тутамд заагаад явна гэхээр уйтгартай биш үү...

        Нэг багш дэвтэр засч байгаад, үзгээ шидсэн тухай жишээ сонсоод би хувьдаа шоконд орж байлаа. Тийм хэмжээний стресст ордог байх нь л дээ. Таныг энэ ажлыг хийхэд хөглөдөг  зүйл нь юу юм бэ? 

 

       -Миний хувьд долдугаар ангиасаа л багш болно гэж мөрөөддөг байсан болохоор хүсэл зорилгоосоо огтхон ч хазайж байгаагүй. Хүүхэд наснаасаа мөрөөдсөн ажлаа хийж байгаа учраас хамгийн гол нөлөөг үзүүлж байгаа. Хүн дуртай ажлаа хийж байхад стресстэх, уурлах зүйл гарах үндэс байхгүй гэж би боддог.

       Өөрөөр хэлбэл, дуртай зүйлээ хийгээд, түүнийхээ үр шимээр амьдарч байгаа бол стресстэх шаардлага гарахгүй л болов уу. Таны хэлснээр үзгээ шиддэг багш байгаа бол, магадгүй тэр хүн өөрийн хүсэл зорилгоор биш, хэн нэгний шахалтаар багш болсон байх.

       Миний хувьд англи хэл заах гэдэг нэг бодлын жаргал юм. Би хүмүүст англи хэл заах үнэхээр дуртай. Англи хэл сурах авьяасгүй гэдэгтээ бат итгэсэн, сурах сонирхолгүй болсон хүмүүс хичээлийн явцад, аяндаа л нүд нь гэрэлтээд ирдэг. Миний амнаас гарч байгаа үг  өгүүлбэр болгоныг алдалгүй бичиж, шимтэн чагнаж байгааг харахад надад сайхан байдаг.

       Нэг жишээ ярихад: 50 нэлээн гарсан суралцагч маань амьсгаадсаар орж ирсэн. “Та тайван явахгүй яав?” гэтэл “Таны 30 секундын үг ч надад үнэтэй. 30 секунд хоцроход л би маш их зүйлээс хоцорсон байдаг” гэсэн. Энэ үг надад маш том урам зориг өгч билээ. Энэ мэтчилэн хүмүүс миний хичээлийг  шимтэн сурч байхад,  би яагаад мэргэжлээсээ уйдах ёстой  гэж.

    Бас нэг жишээ ярихад: Манай оюутан гадаад мэргэжилтэнээ харахаар л зугтдаг байж л дээ. Харин манайд суралцаад гурван долоо хоногийн дараа, гадаад мэргэжилтэнээ гүйцэж очоод л  яриа өдөж, англиар ярилцдаг болсоноо бахархалтайгаар дурссан. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийн, олон хүнийг англи хэлтэй болгож, ажил, амьдралд нь тус дэм болж байдаг мэргэжлээрээ би бахархдаг.

 

       -Сайн багш хүүхдэд зөвхөн зааж байгаа хичээлээ үлдээдэггүй гэж боддог юм. Жишээлбэл, нэг хүүхэд таны дөрвөн өнгийн балаар хичээлээ тэмдэглэдгийг дунд сургуулийн хичээлдээ нэвтрүүлсэн байна.  Бас нэгэн танилын маань хүүхэд танайд суралцсан эхний өдөр даалгавар хийгээгүйгээс болж хичээлээсээ хөөгдөөд гарсан.

      Дараагийн өдөр нь тэр гэртээ даалгавраа хийж байтал найзууд нь дуудахад гарахгүй гэж хэлчихээд уйлаад л хичээлээ хийгээд сууж байсан гэдэг. Гарч найзудтайгаа уулзмаар байдаг, гэхдээ хичээлээ хийх ёстой. Тэрний хүчинд одоо тэр хүүхэд тогтвортой суугаад хичээлээ дуусгаж сурсан.

     Дээрээс нь тэр өөрийгөө цаг хугацааг үр ашиггүй өнгөрүүлдэг байсан байна гэдгээ ойлгочихсон байна. Өсвөр насныханд энэ маш чухал дадал. Англи хэлнээс гадна ийм дадлуудыг хүмүүст суулгаж өгч байгаагаараа би таны сургалтыг маш үнэ цэнэтэй юм байна гэж хардаг. Та өөрөө энэ талаар яг юу гэж боддог вэ?

 

      -Тийм шүү. Бид англи хэл сургахаас гадна хүмүүст амьдралд нь алхам тутамд хэрэгтэй чадвар, дадлыг суулгаж өгдөг.

 Цагийн менежмент бол манай сургалтын төвд үнэхээр сайн хэрэгждэг шүү. Өглөө 09:00 цагт эхлэх хичээлд, 08:30 цагт манай оюутнууд ирдэг. Суралцаж байх хугацаандаа цаг маш сайн барьж сурдаг. Цаашлаад, тэсвэр тэвчээртэй болдог.

       Бид сарын хугацаанд дөрвөн түвшний мэдлэг эзэмшүүлэх зорилготой ажилладаг учраас лекц, давтлага, дадлага бүтэн өдрийн турш заадаг. Тиймээс сурах, эзэмшихийн ач тусыг бид оюутнууддаа хамгийн сайн ойлгуулдаг гэж боддог.

      Хамгийн гол нь манай суралцагчид зорилгодоо үнэнч байж, цагийн менежменттэй болж, амьдралынхаа төлөвлөлт зэрэг олон чадвар дадлуудыг өөртөө нээдэг учраас, он жил өнгөрөх тусам манай сургалт амжилттай явагдаж, үнэ цэнэтэй байсаар байна.