“Шинэ монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрахыг  “Элсэлтийн зочин”-ы хойморт урьлаа. Бага сургуулиас гараагаа эхэлсэн “Шинэ монгол” сургууль 10 гаруй жилийн хугацаанд цэцэрлэг, дунд сургууль, коллеж дээд сургууль  зэрэг хэд хэдэн  салбар сургуультай эрдмийн хүрээлэн болж өргөжжээ.

 

       -“Шинэ Монгол Харумафүжи” сургууль 2018 оны Боловсролын салбар  дахь хамгийн том бүтээн байгуулалт шагналыг саяхан хүртсэн. Шинэ сургуулиа хэрхэн байгуулах болсон талаар хоёулаа яриагаа эхэлье?

 

            -Сумогийн 70 дах их аварга Харумафүжи гурван жилийн өмнө надтай уулзаад “Галаа багшаа таньтай адил сургууль байгуулмаар байна” гэсэн. Бид хамтарч ажиллахаар болж, сая есөн сард сургуулийнхаа нээлтийг хийлээ. Шинэ сургууль маань оюутны хотхон шиг кампус маягаар төлөвлөгдөж, гурван га газарт баригдаж байна. Барилгын бүтцийн хувьд А, В, С гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. “А” блок нь сая ашиглалтад орж, сургуулийнхаа нээлтийг хийсэн.

       Ирэх оны таван сард С блокоо, 2020 оны таван сард “В” блокоо ашиглалтад оруулсанаар, хоёр жилийн дараагаас бид бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болно. Номын сан, спорт зал, физикийн лаборатори, сумо болон жудо бөхийн дэвжээ, цайны газар, теннис тоглох зэрэг сургуулийн орчинд байх ёстой хэсгүүдийг төлөвлөж, нийт 23 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээс, 10 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтыг энэ жилдээ хийсэн. Энэ бүтээн байгуулалтаараа бид боловсролын салбар дахь хамгийн том бүтээн байгуулалт хийсэн байгууллагаар тодорч,  шагнал авсандаа манай  хамт олон баяртай байгаа.

 

           -Танай сургуульд хүүхдээ оруулахын тулд хэдэн жилийн өмнөөс  л  бэлддэг юм байна билээ. Сургалтын төвүүд ч “Шинэ Монгол”-ын шалгалтад бэлдэнэ гэсэн хөтөлбөртэй болсон. Шинэ сургуулиа нээснээр энэ хүлээлт багассан уу?  

 

            -Шинэ сургуульдаа 700 гаруй хүүхэд элсүүлсэн ч гэлээ цаана нь хүлээлт байсаар байгаа. Хүүхдээ “Шинэ монголд” сургая гэсэн хүмүүс маш их байдаг. Мянга гаруй хүүхдээс зөвхөн 100-аадыг л элсүүлдэг. Эхэндээ ч би үүнийг хөөсөрсөн тоо байх гэж боддог байлаа. Гэтэл сүүлийн дөрвөн жил энэ байдал давтагдсан. Үнэхээр эцэг эхчүүд, манай сургуулийн хөтөлбөр, онцлогийг ойлгосон, хүүхдээ оруулах хүсэлтэй байсан.

            Салбар сургуультай болвол энэ ачаалал тодорхой хувиар багасана гэж боддог байлаа. Тохироо бүрдэнэ гэдэг шиг Харумафүжи ч санал тавьсан. Шинэ сургууль гэхэд нээгдсэн даруйдаа элсэлт авч, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэдэг маш том амжилт. Энэ нь өнөөдрийг хүртэл сайн сургалт явуулж ирсэн “Шинэ монгол” сургуулийн маань үнэ цэнэ амжилт юм даа.

 

              - Энэ том сургуулийг хүний нөөцөөр хангана гэдэг амаргүй байсан байх. Багш боловсон  хүчнээ хэрхэн бүрдүүлсэн бэ?

 

            -Бүх  багшаа  шинээр авсан. “Шинэ монгол 1” сургуулиас бага, дунд, ахлах  ангийн багш нараасаа нэг нэгийг бодлогын чанартайгаар авсан. Нэг ёсондоо “Шинэ  монгол”-ын ген болсон соёлыг шинэ сургуульдаа шингээхийн тулд хийсэн ажил л даа. Бусад багшаа гаднаас авсан. Аз болоход манай сургуульд ажиллах хүсэл мөрөөдөлтэй багш нар ирсэнд би баяртай байгаа. Бид багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарахаас гадна, тэнд ажиллах академик эрх чөлөөг олгодгоороо онцлогтой.

         Зарчмын хувьд хувийн сургууль мөртлөө улсын сургууль шиг статусаар бид ажилладаг. Багш нар илүү цаг ажилласан бол илүү цагийн мөнгө олгоно. Зэргийн нэмэгдэл ур чадварын  нэмэгдэл гэх зэргээр улсын сургуультай адил төстэй тал олон бий.  Сайн багш авахаас илүүтэй цаашид өсөх чадварыг нь харж мэргэжил дээшлүүлэн өөрийн багш болгон төлөвшүүлдэг нь манай сургуулийн бас нэг “Ноу хау” юм даа.

 

           -Хөтөлбөрийн хувьд эхний  сургуультайгаа ижил үү?

 

         -Ер нь манай сургуулиудын зорилго, уриа лоозон бүх юмнаасаа л харагддаг. Шинэ сургууль учраас мэдээж өөрийн гэсэн өнгө төрх байх ёстой. “Шинэ монгол 1” сургууль Монгол орноо авч явах ирээдүйн удирдагчдыг  бэлдэх зорилготой.

            Харин “Шинэ монгол Харумафүжи” сургууль удирдагч гэхээсээ илүүтэй, зөв монгол иргэдийг төлөвшүүлье гэсэн зорилготойгоор ажиллаж байна.

Хэв шинжийн хувьд Японыг дуйрааж байгаа болохоос, сургалтын хөтөлбөрийн хувьд улсын сургуулиудтай яг ижил хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг.

 

       

            -Япон хэлийг бага  ангиас  нь заадаг уу?

 

      -Үгүй л дээ. Нэгдүгээр ангиас дөрөвдүгээр ангид зөвхөн  монгол  хэлээ  үздэг.  Монгол хүн монгол хэлээрээ ярьдаг боддог байх нь маш чухал. Тэгэхээр бид гадаад хэлийг тавдугаар ангиас нь заадаг. Монгол хэлээрээ ярьж  бичиж сурсан хүүхдэд гадаад  хэл ороход түүртэдгүй байхгүй юу. Монгол хэлээ  арай гэж ойлгох гэж байхад англи хэл үзэхээр хүүхэд төөрөлддөг.

         “Шинэ монгол 1” сургууль заавал үзэх ёстой эхний хэлээр англи хэлийг сонгож, япон  хэлийг хоёрдох хэлээр сонгон үздэг. Харин “Шинэ монгол Харумафүжи” сургууль дээр англи хэл үзээд, хоёрдох хэлэндээ Япон, Хятад, Орос хэлнүүдээс сонгон үзэж байгаа. Зарим талаараа бид Японоос  илүү гарсан ч зүйлүүд зөндөө  бий. Манай хүүхдүүд хоёрдох хэлээрээ Японд амжилттай сурч байна.

 

        -“Шинэ монгол” сургууль гэртээ очоод гэрээ цэвэрлэж, шалаа угаа гэсэн гэрийн даалгавар өгдөг тухай сонсож байлаа. Энэ үнэн юмуу?

 

          -Үнэн ш дээ. Манай эцэг эхчүүд эхэндээ ойлгодоггүй байсан. Танай  сургуульд  төлбөр төлөөд сургаж байхад, яахаараа манай хүүхэд шал угаадаг юм. Манай хүүхэд шалны алчуур ч барьж үзээгүй гэдэг байсан. Гэртээ шалны  алчуур барьж үзээгүй учраас л энд үзүүлэх гээд байгаа юм ш дээ. Монголчууд хүүхэдээ энийг ч чадахгүй  тэрийг ч чадахгүй гээд нялцгай болгоод байгаагаа ойлгодоггүй.

           Яг үнэндээ мундаг тоо боддог байхаасаа илүү хүн шиг хүн болж төлөвших нь чухал. Тиймээс бид сургуульдаа “Шинэ монгол” гэдэг соёлыг бий болгосон. Өглөө болгон сургуулийн захирал үүдэнд зогсоод, бүх сурагчидтай  мэндэлнэ. Өдөр хэдийд ч уулзсан хүнтэй мэндэлдэг болдог. Мөн манай сургууль янз бүрийн хөтөлбөр боловсруулж хүүхдүүдээ Дундговь Дорноговь зэрэг орон нутгуудад аваачин, хилийн застов үзүүлж, сангийн аж ахуй хөдөлмөр зусланд, ажил хөдөлмөр хийлгэдэг.

            Усгүй, тоггүй, утасгүй, интернэтгүй газар хонь хариулж, үнээ сааж, ногоо хураана. Мод түлээгээ бэлдээд, өөрсдөө хоолоо хийж иднэ. Бөөнөөрөө болохоор хоол голж шилнэ гэсэн ойлголт байхгүй. Нар жаргавал тэгээд амьдрал дуусаа. Сумын сургуулийн дотуур байранд хоноод модон 00 -д бие засахаас эхлээд амьдрал үзээд ирэхээр хүүхдүүд өөр болдог. Хилийн  застовд улсынхаа хилийн баганаа барьж зогсоод зурагаа авахуулсан хүнд онцгой сэтгэгдэл үлдэх нь тодорхой. Нэг ёсондоо “Миний эх орны  дархан хил” гэсэн бахархал төрж байгаа юм л даа.

          Даалгаварын тухайд бол: Даалгавараа хий гэж битгий шахаарай гэдэг. Хүүхэд өөрөө  даалгавар хийх  ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгож ухамсарлах ёстой. Даалгаварыг  бага  багаар  өгч,  заримдаа өгөхгүй тохиолдол  ч  байдаг. Би  сурах  ёстой  юм  байна гэж  ухамсарыг суулгаж  өгдөг. Манай сургуулийг амжилттай төгссөн залуусыг уриад  яриа  хийлгэдэг.  Би яг  та нар шиг  байсан.  Харин  одоо  ийм  ажил хийж байна гэхээр хүүхдүүдэд их ойр хүлээж авдаг.

 

             -Япон улсын хөгжлийн гол үндэс нь хүнээ хамгийн сайн хөгжүүлсэнд юм байна гэж хардаг. Та үүнтэй санал нийлэх үү. Олон жил энэ улстай холбоотой ажиллаж байгаа хүний хувьд та хамгийн сайн хариултыг өгөх байх?

 

           -Яах аргагүй үнэн. Ерөөсөө л Япон улсын хөгжлийн гол тулгуур хүнээ хөгжүүлсэнд байгаа юм. Бага ангид байхад нь хүүхдийг Япон хүн болох суурийг тавьдаг. Ямар нэг спорт наадам боллоо гэхэд байр эзлүүлэн шагнадаггүй. Япон хүн ямар байх ёстой тэр төлөвшлийг л бага ангид нь суулгаж өгдөг. Хувцасаа зөв өмссөн үү, зангиагаа зөв зүүсэн үү гэх зэргээр амьдралд бэлдэх талаас нь бага ангийн багш нь сайн оролцдог. Харумафүжи аварга ч сумогийн хатуу ширүүн тэмцэл дундаас маш ихийг сурлаа.

                    Монгол хүүхдүүдээ ийм болгомоор байна гэсэн. Монголчуудын генд эрч хүч авьяас чадвар нь байгаа. Монгол хүүхдүүдэд, Япон хүний хариуцлагатай тууштай тэсвэр тэвчээртэй төлөвшлийг суулгаж өгвөл илүү хүчтэй иргэн болж төлөвшихөөр байгаа юм. Ийм төлөвшлийг, Монгол хүүхдүүдэд сургаж  болдог. Бусдыгаа хүндэтгээд баг болж ажиллах, төлөвшилд бид хүүхдүүдээ сургадаг.

 

                      - Гуравхан сая хүн амтай, газар нутаг томтой, байгалийн баялаг ихтэй манайх шиг улсыг хөгжүүлж ядаад байх юм байхгүй л гэх юм. Монголчуудад байгалиасаа маш их өгөгдөл байгаа ч хүнээ хөгжүүлээгүй цагт хөгжил биелэлээ олохгүй байх шиг санагддаг?

     

             - Японы хөгжлийн нууц нь ерөөсөө л хүндээ байдаг. Хүнээ яаж хөгжүүлсэн гэхээр ерөөсөө л боловсрол. Улсаа хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх. Хүнээ  хөгжүүлье гэвэл чанартай боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй.

Тэгэхээр чанартай боловсролыг хэрхэн олгох вэ? Бага ангиас нь л хүнтэй мэндлэх, цагийн юмыг цагт нь хийх,  тэсвэр тэвчээртэй болгох зэргээр яг хүн болох зарчмуудыг суулгадаг.

           Харин дунд ангид ороход нь физик хими зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг туршилтаар бодитойгоор заадаг. Ахлах ангидаа хүүхдүүд өөрийн сонирхолоо дагаж би байгалийн ухаанаар, би нийгмийн ухааны чиглэлээр явах ёстой юм байна гэдгээ сонгосон байдаг.  Анх Японд очоод үнэхээр атаархал төрсөн. Хог хаягдалгүй, дэд бүтэц нь сайн хөгжсөн, байгаль орчин хувь хүмүүсийн хөгжил зэрэг нь өөрийн эрхгүй хор шар хөдөлгөж байсан шүү. Монголоо ингэж хөгжүүлэхсэн гэсэн хүсэл төрж байлаа.

          Монгол Улсад хөгжлийн маш их боломжууд байна. Орос, Хятад, Солонгос зэрэг маш олон улс биднээс түрүүлээд алдаж оноод хөгжсөн байна. Энэ бол маш том боломж. Уул уурхай, ноос ноолуур, худалдаа үйлчилгээ боловсрол зэрэг бүх салбарт хөгжих боломж нүдний өмнө бэлхэнээ байна шүү дээ. Эдгээр улс орноос  үлгэрлээд гаргасан алдааг нь гаргахгүйгээр шууд хөгжих боломжтой. 

           Боловсролд  ч гэсэн янз янзаар  алдаж  оноод хөгжсөн түүх их бий. Бид хүн ам цөөтэй. Цөөн  байна гэдэг том  давуу тал ш дээ. Бас өргөн уудам тал нутагтай. Өргөн уудам тал нутагтай байна гэдэг бас сайн тал шүү. Үүнийг л манай сургууль хэрэгжүүлэхээр, нэрэндээ хүртэл тусгаад ирээдүйн “Шинэ монгол” иргэнийг бэлдэх гээд байгаа юм ш дээ.

 

“Ёс зүйтэй хүчирхэг УДИРДАГЧ-ийг бэлдэж гаргаж ирэх, АМБИЦ НАДАД байна”

 

       

            -Өнөөдрийн Монголын нийгмийн хөгжлийн гол гацаа нь юу гэж та боддог вэ?

   

        -Улстөр л гэж бодож байна. Улстөрөөс хэт хамааралтай, төр нь худал хуурмаг булингартай, яам тамгын газар, төрийн алба нь тогтворгүй мэргэжлийн бус хүмүүсээр аппаратаа бүрдүүлсэн байна. Зөвхөн  сайдынхаа төлөө л үйлчилж байгааг нь харахаар төрийн байгууллага биш хувийн компани шиг болсон байна. Төрийн алба гэдэг, Ж.Галбадрах хувийн сургуульдаа өөрийн багаа бүрдүүлэхтэй адил байж болохгүй л дээ.

            Салбараа мэдэхгүй мэргэжлийн наад захын мэдлэг чадваргүй хүмүүс төрийн албанд очоод, цочирдмоор, цочирдмоор бодлого шийдвэрүүдийг гаргаж байна ш дээ. Улсын мөнгийг хэдэн  тэрбумаар  нь  идэж уугаад,  тэр нь  ил  зарлагдаад хэвийн  үзэгдэл  шиг  болсонд үнэхээр харамсч байна.

     

          -Таны үеийнхний оролцоо үгүйлэгдээд байгаа байх? Ер нь та алсдаа юу хийхээр зорьж төлөвлөж байгаа вэ?

 

           -Би одоо 55 настай. Энэ улс орныг яаж  улс  шиг  хөгжүүлэх  вэ гэж заримдаа ч бодолгүй яахав. Дээр хэлсэнчлэн улсын хөгжил хүний хөгжлөөс л хамаарна. Ингээд бодохоор би яг байх ёстой газраа, боломжийг атгаад сууж байгаа хүний нэг. Нэгэнт ийм сайхан сургуультай, сайн шавь нартай болсных эндээс төрөн гарч байгаа хүүхдүүд маань энэ улс орныг ирээдүйд удирдана гэдэгт би хувьдаа итгэдэг. Тэгэхээр миний мөрөөдөл гэвэл төгсөгчидтэйгөө эргэх холбоотой ажиллаж тэднийг бэлтгэн гаргаж ирэх. Өндөр боловсролтой, ёс суртахуунтай сайн боловсорсон хүүхдийг төрд оруулмаар байна.

           Манай хүүхдүүд мөрөөдлөө бичихдээ ирээдүйн Ерөнхий сайд болно гэдэг ш дээ. Хүсэл  зорилгоо аль хэдийнээ тодорхойлсон учраас түүндээ хүрнэ гэдэгт нь би огтхон ч эргэлздэггүй.  Зарим нь ч нобелийн шагнал авна гэдэг. Алсдаа Ерөнхий сайд болох хүүхдүүдээ “Чи чадна” гэж араас нь түлхэх ажлыг би хийнэ. Японы NHK телевизийн “Түүх хөдөлсөн нь” гээд маш гоё нэвтрүүлэг байдаг. Агуулга нь Японы хөгжилд нөлөөлсөн түүхэн томоохон компанийн удирдагчдыг энэ нэвтрүүлгээр үзүүлдэг. Түүн шиг 2040 онд “Түүх  хөдөлсөн нь” гээд миний  тухай  нэвтрүүлэг гарах  хүртэл би  ажилламаар байна.

          Манай төгсөгчид 2040 гэхэд 5000 хүрсэн байна. Анхны төгсөгчид маань миний одоогийн насан дээр 55 хүрсэн  байна. “Панасоник” компанийн үүсгэн байгуулагч Мацушито Конус 72  настайдаа улс төр эдийн засгийн дугуйлан байгуулж 20 гаруй жил улстөрчид эдийн засагчдыг бэлдсэн байдаг. Үүнтэй адилаар ирээдүйд шударга, ёс зүйтэй улстөрч бэлтгэхийн  тулд бид тусгай дугуйланг сургалтаар бэлдэх ёстой юм байна.

         Яг улстөрч  болох залуусдаа вакуумжсан сургалт явуулж, тусгаар тогтнолоо хамгаалаад ирсэн түүхэн хүмүүсээ ярилцаж, бусад улс орны хөгжлийн бодлого зэргийг хэлэлцдэг жинхэнэ супер удирдагч гаргаж ирэхийг хүсч байна. Дэлхийн удирдагчдыг ч ийм  ёс зүйтэй  ийм хүчирхэг  удирдагч  байсан учраас өнөөдөр ингэж  түүхэнд  бичигдэж байна гэдгийг  ч авч үзнэ. Улстөрд орох хүүхдүүдээ тэнд бэлдэнэ. Эрдэмтэн болохыг нь харин технологийн сургуулиараа бэлдэнэ  гэсэн  зорилго байна даа.

 

          -Боловсролын салбартаа тэр дундаа бага ангийн багш нарыг бэлдвэл таны   ажил илүү өргөн хүрээтэй амжилттай болох юм биш үү?

 

        -Тийм бодол надад бий. Хувийн сургуулиас хэрхэн тэтгэвэрт гардагийг би таван жилийн дараа харуулмаар байна./инээв/ Дараа нь: Боловсролын сайддаа зөвлөх ч юмуу бодлого боловсруулах чиглэлээр ажиллая гэсэн бодол байна. Монголын боловсрол  ямар  байх  вэ гэдэг асуудалд  би өөрийн  туршлага оюун  ухаанаа  зориулмаар байна.

Энэ жилээс би математик  физик  химийн багш нарт зориулсан яг хүүхэдтэй  харьцах ёс суртахууны сургалт орох бодолтой байна. Миний  ганц  чаддаг зүйл  гэвэл багш  ямар  байх ёстойг үлгэрлэж  чадна.                 

          “Шинэ монгол” сургууль маань надтай надгүй амжилттай ажилладаг.  Галбадрахын хувийн сургууль гэхээсээ илүүтэй 200-300 жил оршин тогтносон олон нийтийн сургууль байгаасай гэж хүсдэг. Стэнфорд, Харвард зэрэг дэлхийн томоохон сургуулиудын хөгжлийн түүхийг судлаад үзэхээр олон нийтийн статустай юм билээ. Тэгэхийн тулд засаглалыг нь сайн хийж, сайн удирдагчтай байлгах нь чухал. Дээр хэлсэнчилэн 5000 төгсөгчтэй  болоод ирэхээр, яг нүдэнд  харагдах  төгсөгч гарч ирнэ л дээ.

         Тэднийгээ ментордож байгаад үндэсний хэмжээнд өөрийгөө зориулж чадах шударга улстөрчийг  гаргаж ирнэ. Байгалиас өгөгдөлтэй гэдэг шиг “Шинэ монгол”-оос төлөвшиж гарсан шавь нараа зоригжуулаад ажиллана. Цаг үеийг нь тааруулсан дэмжлэг хүнд маш хэрэгтэй байдаг. Надад  ч зориггүй байсан үе бий. Япон найз нөхөд маань “Чи  сургуулиа  байгуул,  чиний  мөрөөдөл бол бидний мөрөөдөл, чи чадна” гэж намайг зоригжуулж, нуруунаас түлхэж  өгсөн.