МУИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессор С.Нарангэрэлд МУИС-ийн Эмирет профессор цол олгох ёслолын ажиллагаа боллоо. Эмирет профессор цол нь “МУИС-ийн хүндэт цол олгох журам“-д заасны дагуу МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессороор ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог дээд цол аж. Энэхүү цолыг 2015 онд бий болгосон  бөгөөд, өмнө нь тус цолыг Э.Равдан, Т.Дорж нарын эрдэмтэд хүртэж байжээ.

Монгол Улсын ШУА-ийн гишүүн, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор С.Нарангэрэл нь Монголын хууль зүйн шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан, дотоодод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм. Академич С.Нарангэрэлийн олон бүтээл англи, орос, хятад, герман, япон хэлнээ хэвлэгдэж нийтийн хүртээл болсон. Мөн Монголын хуульч-эрдэмтдийн дотроос анх удаа 2000 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон билээ. Түүнчлэн дэлхийн олон орны сургуулиудтай холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллахад их хувь нэмэр оруулжээ. Тэрбээр Япондоо хамгийн олон Нобелийн шагналтнуудыг төрүүлэн гаргасан Японы Нагояагийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн Хүндэт докторын цолыг 2005 онд хүртсэн юм.