Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооноос “Монголын төрийн бус сургуулиудын улсын III чуулган”-ыг зохион байгууллаа.

Бодлого боловсруулагч шийдвэр гаргагч нартай санал бодлоо солилцох, тэдэнд дуу хоолойгоо хүргэх, тулгамдсан асуудлаа ярих  зорилготой тус чуулганы нээлтэд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож үг хэллээ.

               

                Тэрээр, “Төрөөс хувийн хэвшлийн сургуулиудад хуульд заасны дагуу хувьсах зардлын санхүүжилтийг олгох, сурах бичгээр хангах, үдийн цайны үйлчилгээнд хамруулах, багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх зэргээр дэмжин төр хувийн хэвшил хамтран ажиллаж ирсэн. Чанартай боловсрол олгохын төлөө ажиллахын зэрэгцээ хүүхдийг аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг ханган  ёс суртахуунтай хүнлэг монгол иргэн бэлтгэхэд анхаарлаа хандуулан ажиллана гэдэгт илтгэлтэй байна” гэлээ.

             

           Төрийн бус өмчийн сургуулиуд 1990 оноос хойш төрийн ачааг үүрэлцэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 147 хувийн сургууль 37000 хүүхдийг сургаж, 3000 гаруй багшийг ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагаа хүлээн, багш ажилтны нийгмийн асуудлыг шийдэж ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн сургуулиудад сурч буй сурагчид олон улсын олимпиад , уралдаан тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцож ирсэн.

             

           Хувийн сургуулиуд хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт шууд хэлбэрээр татаж, сургалтын төлбөр, үүсгэн байгуулагчийн хөрөнгө оруулалт, хандивыг хуримтлуулж, сургалтын орчныг тасралтгүй сайжруулах, хүүхдийн эрдэм ном, ирээдүйн сайн сайхны төлөө боловсролын үйлчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чанартай, хүртээмжтэй байлгахын тулд өөрсдийн боломжит бүх нөөц бололцоог дайчлан ажиллаж байгааг чуулганд оролцогчид онцоллоо.