Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх их дээд сургуулийн 28 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэгээ гардууллаа. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар,авьяас, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлсан оюутнуудыг шалгаруулж, ийнхүү батламж, мөнгөн тэтгэлгийг олголоо.
Эдгээр оюутнууд нь шинжлэх ухааны туршилтыг өөрийн оронд болон гадаад улсад амжилттай хийсэн, шинэ бүтээгдэхүүний гэрчилгээ авч, эрдэм шинжилгээний олон ажил хийн, дүүрэг, улсын мэргэжлийн олимпиадад амжилттай оролцсон, олон нийтийг хамарсан эерэг хандлага бий болгох зорилготой томоохон аян зохион байгуулсан, хүнд өвчтөй иргэдэд эмчилгээний зардал олох хандив хуримтлуулах зэрэг ажлуудыг амжилттай явуулж нийгмийн идэвхитэй ажил өрнүүлжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр: Дэлхийн улс орнуудын хөгжил дэвшлийн гол хүч нь өндөр мэдлэг, боловсрол бүхий залуучууд байсаар ирсэн. Тиймдээ ч манай Засгийн газар зөв зохистой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар залуучуудын хөгжлийг хангасан ээлтэй, тааламжтай орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.
Та бүгдийн амжилтаар өнөөдөр эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон дадалжуулсан хүмүүстээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэв. Мөн тэрээр шударга нийгмийг цогцлоох, тогтвортой хөгжлийг манлайлах, шинэчлэлийг түүчээлэх эрхэм үүргээ ухамсарлан ойлгож, эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээ шийдэл болгон дэлгэрүүлээрэй хэмээн оюутан залууст захилаа.