Б.ТӨГС
Бага ангийнхан, тодруулбал 1-2 дугаар ангийн хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж, эрүүл мэндээр хохирч байгаа талаар “Цикл” худалдааны төвөөс мэдээллээ. Агаарын бохирдол дахь хортой хүнд элементүүд газрын хөрснөөс нэг метр орчим зайнд хамгийн их хуримтлагддаг тул бага ангийнхан илүү өртөж байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн 1-2 дугаар ангийн сурагчдад 5000 ширхэг утааны маск үнэ төлбөргүй тараах аяныг эхлүүлж байгаагаа мэдэгдэв. Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн X хороонд байрлах 39 дүгээр сургуулийг сонгожээ. Тус сургуулийн хувьд нийт сурагчдын 70 орчим хувийг 1-5 дугаар ангийнхан эзэлдэг. Хичээл цуглах болон тарах цагаар хүүхдүүд утаан дунд явж таарч байгаа учраас өвлийн улиралд хоолой, уушгины өвчлөлөөс үүдэн сурагчдын 10 хувь нь чөлөө авах байдал тогтмол байгааг хэлж байв. Агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөлд өөрсдийгөө, хүүхдүүдээ хамгаалах аргыг сонгохоос аргагүй. Тиймээс бусад байгууллага, хувь хүмүүсийг энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа.
Эх сурвалж: www.polit.mn