С.САРУУЛ

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл орон даяар эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө. Төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

-ЭЕШ-ын талаарх ерөнхий мэдээллийг өгөхгүй юу? 

-ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс /2019.02.14/ дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Шалгалтын хариу шууд гарна. Мөн засалт хийх ангийг бэлдэх учир шалгуулагч өөрийн бөглөсөн материалын засалтын явцыг харах боломжтой.Урьдчилсан байдлаар 20000 шалгуулагч оролцоно.

Монгол хэл, бичгийн шалгалт энэ жил 400 босго оноотой болсон. Шалгалт гуравдугаар сарын 23-нд явагдана. Гуравдугаар сарын 4-нд монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хаагдана.

-Нэмэлт бүртгэл хийх үү. Хэдэн удаа бүртгүүлж болох вэ?

-Өнөөдрөөс эхлээд долоо хоногийн хугацаанд үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх сургууль болон зарим аймгийн сургуулиуд дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгнө. Тиймээс бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй.  Төгсөгчид  мэргэжил сонголтоо зөв хийх хэрэгтэй. Ямар хичээлээр шалгалт өгөхөө багш , эцэг, эхтэйгээ ярилцаж байж бүртгүүлэх нь зүйтэй. Бүртгэлийг хэдэн ч удаа хийж болно. Гэхдээ баталгаажуулалт нэг л удаа хийх боломжтой.

Энэ жил хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгнө. Дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгч болно. Тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хүссэн үедээ өөрийн шалгалт өгөх суудлын хуваарийг  хэвлэж авч болно.

-ЭЕШ-ын хугацааг товлосон уу?

– Энэ жил шалгуулагчийн тоо харьцангуй цөөн байх магадлалтай байгаа тул шалгалтын 30 байрыг бэлдэхээр төлөвлөснөөс 22 нь орон нутагт, найм нь нийслэлд байх юм. Харин ЭЕШ-ын хугацааг БСШУСЯ-тай хамтран товлоно. Урьдчилсан байдлаар ЕБС-ийн хичээл дуусссанаас хойш гурав хоногийн дараа товлохоор саналаа хүргүүлжээ.

-Шалгалтын хариу шууд гарна гэлээ. Батламж хуудасыг хэзээ өгөх вэ?

-Шууд засалт нэвтэрч байгаатай холбоотойгоор шалгуулагч нь шалгалтаа өгсөн даруйдаа анхны оноогоо мэдэж авна. Анхны оноо гэдэг нь тухайн хичээл дээр авах ёстой 100 онооноос хэдийг авсныг харуулах оноо. Улсын хэмжээний нэгдсэн жагсаалт шалгалт явагдсанаас хойш 24 цагийн дараа гарна. Хичээл тус бүрээр нь жагсаалт гаргана.

Батламж хуудсыг гурав хоногийн дотор шалгуулагчдын гарт хүргэнэ.

-Монгол хэл, бичгийн шалгалтаа өгч амжаагүй болон босго оноондоо хүрээгүй хүүхдүүд яах вэ?

– Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлд автоматаар бүртгэнэ. Хоёр дахь шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авна. Энэ шалгалтад өмнөх удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгч чадаагүй хүүхдүүд өгөх юм.

ЭЕШ ерөнхий боловсролын “Цөм” хөтөлбөрийн агуулгын хүрээнд авагдана. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Хоёр удаагийн шалгалтаараа босго оноонд хүрээгүй байсан ч бусад хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй. Бусад хичээлийн шалгалтын оноо нь их, дээд сургуулийн болзлыг хангасан бол ирэх жил нь монгол хэл, бичгийн шалгалтаа өгч, босгоо давснаар тухайн сургуульдаа элсэн суралцах боломжтой. ЭЕШ-ын оноо нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй.

Монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын 25 хувь нь эх найруулан бичих, 25 хувь нь монгол бичгийн даалгавар байх юм.

-Бүртгэлийн хураамж өөрчлөгдсөн үү?

-Монгол хэл, бичгийн шалгалт үнэ төлбөргүй. Бусад хичээл тус бүр нь 5,800 төгрөг, хэдэн ч хичээлээр шалгалт өгсөн батламж хуудас нь 700 төгрөг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай шалгалт авах уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдад зориулан тусгай байрыг бэлдэнэ.Өнгөрсөн жил 27 шалгуулагч оролцсон. Харааны бэрхшээлтэй шалгуулагчид брайль үсгээр сэдвийг бэлддэг. Харин сонсголын бэрхшээлтэй шалгуулагчдад дохионы багш оруулдаг.

Бүртгүүлэх холбоос: www.eec.mn

Эх сурвалж: www.polit.mn