Эрдмийн гүүр элит сургуулийн захирал, БНХАУ-ын Дунбэйн их сургуулийн төгсөгч Ө.Манлайхүүтэй ярилцлаа.
Тэрбээр 2009 оноос Эрдмийн гүүр боловсролын төвөө байгуулсан бол 2019 онд Эрдмийн гүүр элит ахлах сургуулийг үүсгэн байгуулжээ.
-Хятадын их, дээд сургуульд суралцах монгол оюутны тоо сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байна. Харин чансаа өндөр сургуулиудад суралцах монгол хүн цөөн байгаа тухай та өмнө нь дурдсан байсан. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Би 2002 онд Хятадад суралцахаар явж байсан. Энэ үед нийт 10 хүүхэд л хамт явж байв.
Харин төгсөх үед суралцаж байгаа оюутны тоо эрс нэмэгдсэн. Одоо 10,000 гаруй монгол оюутан Хятад улсад суралцаж байна. Гэхдээ Хятадын топ 10 их сургуульд суралцаж байгаа монгол оюутны тоо харьцангуй бага байгаа нь үнэн.
Үүний гол учир нь Монголд дунд сургуулиа төгсөхдөө Хятадын топ их сургуульд элсэн орж, тэтгэлэгтэй суралцах хэмжээнд бэлтгэгдэж чадахгүй байгаатай холбоотой. Хэдийгээр чансаа өндөр сургуулиуд монголоос оюутан авах ихээхэн сонирхолтой, тэтгэлгийн квот ч ихтэй байгаа ч сайн бэлтгэгдсэн залуус нь Америк, Европ руу явж суралцаж байна.
-Боловсролын систем нь өндөр хөгжсөн, их, сургуулиуд нь дэлхийн шилдэгт тооцогдож буй олон улс бий. Гэтэл яагаад та Хятад улсыг онцолж байна вэ. Гол давуу тал нь юу вэ гэдгийг тодотгоё?
-Нэгдүгээрт, хос хэлтэй болно. Хятад хэл мэдээж маш сайн болно, Хятадын топ сургуулиудад орон орны залуучууд олноор сурдаг, зөвхөн англи хэл гэлтгүй япон, солонгос, араб хэл зэрэг гуравдагч хэлийг сурах бүрэн боломжтой.
Хоёрдугаарт, төгсөөд ажлын байраар хангагдах боломжтой. Яагаад гэвэл Хятадын шилдэг их сургуулиуд Alibaba, Huawei, Tencent зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж боловсон хүчнээр хангаж байна. Мөн сургуулиа төгсөөд сургуулийнхаа шугамаар Америк, Европын их сургуулиудад зэргээ ахиулан суралцах боломжтой байдгаараа давуу талтай.
-Тэгэхээр сургуулиа төгсөөд Дэлхийн шилдэг компанид ажиллах боломжтой гэсэн үг үү?
- Яг тийм, Хятадын топ их сургууль оюутан болон компанийг шууд холбож өгөх гүүр болж өгнө. Манай ахлах сургууль Хятадын топ сургуультай хамтран ШУТИС-ийн төгсөх курсийн хоёр оюутанг Хятадын засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцуулаад төгсөөд Дэлхийн тэргүүлэгч машин механизмын үйлдвэрлэгч Xugong групп компанид ажиллах төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Тэгэхээр манай ахлах сургуулийн төгсөгчид дунд сургуулиа төгсөхдөө мэргэжил, суралцах сургууль, ажиллах компани нь тодорхой болчихсон байна гэсэн үг.
-Та түрүүн тэтгэлгийн тухай ярилаа. Хятадад суралцахад тэтгэлэг хэр их олддог вэ. Ямар мэргэжлээр суралцвал тэтгэлэг авах магадлал ихтэй бол?
-Маш олон тэтгэлэг байдаг, Хятадын Засгийн газрын тэтгэлэг, Шанхайн Засгийн газрын тэтгэлэг, муж хотуудын тэтгэлэг, сургуулийн шилдэг гадаад оюутны тэтгэлэг гэх мэт.
Сүүлийн үед Хятадын Засгийн газраас Замын инженер, Барилгын инженер, Механик инженер, Автоматжуулалт, Харилцаа холбооны инженер зэрэг инженерийн чиглэлийн мэргэжлээр тэтгэлэг их олгож байна.
Мөн Эм зүйч, Хятадын уламжлалт анагаах ухаан, Сургуулийн өмнөх боловсрол, Аялал жуулчлалын менежмент, Ложистик менежмент, Хятад хэлний багш зэрэг анагаах ухаан, хэл шинжлэл, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн мэргэжлээр суралцах оюутнуудад Хятадын Засгийн газрын тэтгэлэг түлхүү олгож байгаа. Үүнээс гадна Хиймэл оюун ухаанд суурилсан E-commerce буюу цахим худалдаа гэсэн шинэ мэргэжлээр тэтгэлэг олгодог болсон.
-Хятад улсад Хиймэл оюун ухаан хэр өндөр хөгжиж байгаа вэ?
-Маш хурдтай хөгжиж байна. Хятад хүмүүс гэлтгүй, Хятадад байгаа гадаадын иргэд Wechat, Alipay гэсэн апп ашиглаад төлбөр тооцоо хийж, бэлэн мөнгө, түрийвчний хэрэггүй болсон. Хятад улс цахим төлбөр тооцоонд бүрэн шилжсэн нь коронавирусийн цар тахлыг хянахад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж бодож байна.
Яагаад гэвэл бэлэн мөнгө маш бохир, халдварт өвчин тархах гол хүчин зүйлийн нэг болдог. Өндөр зэрэглэлийн ресторанд робот зөөгч хоол зөөж, хүмүүс гэр, ажлаасаа гарахгүйгээр хоолоо захиалж идэж байна. Бүх зүйлийг цахимаар хийж байна. Америк, Европ ч ийм хэмжээнд хүрээгүй байна. Тэгэхээр Хятад улсад хиймэл оюун ухаан хэр түвшинд хүрсэн нь тодорхой харагдаж байна.
Хятадын топ их сургуулиуд болох Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль AI буюу хиймэл оюун ухааны судалгааны төв байгуулж, Америк, Европын шилдэг их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Чинхуа их сургууль л гэхэд Америкийн MIT/ Massachusetts Institute of Technology /-тай хамтран хиймэл оюун ухааны чиглэлийн судалгаа хийж байх жишээтэй. Хиймэл оюун ухаан дэргэд маань асар хурдацтай хөгжиж байна.
-Тус улсад тэтгэлэгтэй суралцахад ямар шалгуур тавьдаг вэ?
-Хятад, англи хэл сайтай байлаа гээд Хятадын шилдэг их сургуульд шууд элсэн орчихно гэж бодож болохгүй. Хятадын топ сургуулиуд өөр хэд хэдэн шалгуураар гадаад оюутан элсүүлэн авдаг.
Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль, Шанхайн зам тээврийн их сургуулиуд бичгийн шалгалт, эссэ, ярилцлага авсны дараа элслүүлэн авч, тэтгэлэг олгодог. Бакалаврт суралцах гэж байгаа бол тухайн оюутны хандлагыг их чухалчилж үздэг. Магистр, доктороор суралцах бол судалгаа хийх чадвар, потенциалыг голлон хардаг байх жишээтэй.
-Та залуучуудын мэргэжил сонголт дээр юу гэж зөвлөх вэ?
-Залуучууддаа хандаж хэлэхэд олон улсын харилцаа, эрх зүйч, бизнесийн удирдлага зэрэг ирээдүйд амьдралын баталгаа болж чадахгүй мэргэжил сонголгүйгээр, Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг сайтар ажиглаж бүтээлч сэтгэлгээ хөгжүүлдэг инженер, Хиймэл оюун ухаанд суурилсан мэргэжлүүдийг сонгож суралцахыг зөвлөж байна.