КОВИД-19 халдварын тохиолдол анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотын 57,000 сурагч 76 хоногийн хатуу чанд хөл хорионоос гарч өчигдөр сургуульдаа эргэн оржээ. Зөвхөн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа ахлах ангийн сурагчид сургуульдаа явжээ. Харин дунд болон бага ангийн сурагчдын танхимын сургалт эхлэх тов тодорхойгүй байгаа аж.

            Танхимын сургалт эхлэхтэй холбогдуулан нэг ангид хичээллэх сурагчдын тоог цөөлж, ширээ хоорондын зайг томсгож, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн зарим сургуулиуд үүдний хэсэгтээ биеийн халуун хэмжигч дулааны сканер байрлуулж, халуунтай сурагчдыг сургуулийн орчинд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч, багш, сурагчдын сургуульдаа ирэх цагийг тодорхой зааж өгсөн талаар хятадын өдөр тутмын хэвлэлүүдэд дурьджээ.

            Түүнчлэн энэ оны нэгдүгээр сараас хойш сургууль нь хаагдаж, цахим сургалтад шилжсэн байсан Хятадын бусад мужийн сургуулиуд дөрөвдүгээр сараас үе шаттайгаар нээгдэж байгаа бөгөөд Бээжин, Шанхай хотын сурагчид хичээлдээ өнгөрсөн долоо хоногт оржээ.