Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хаагдсан сургуулиудыг дахин нээх хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа улс орнууд халдварын тархалтын хоёр дахь давалгаанд өртөх эрсдэл бий гэсэн судлаачдын байр суурийг СNN онцолжээ.

           Энэхүү судалгаагаар ихэнх хүүхдүүд хөнгөн хэлбэрийн КОВИД-19 -аар халдварлаж байгаа хэдий ч бие биедээ болон сул биетэй насанд хүрэгчдэд вирусийг дамжуулдаг тул, сургуулийг хааснаар халдварын тархалтыг зогсоох магадлал өндөр гэдгийг тодорхойлжээ.      

         Хятадад хийсэн нэгэн судалгааны үр дүнг Шинжлэх ухаан сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн байна. Уг судалгаагаар сургуулийг хааснаар халдварын тохиолдлын тоо буурч, цар тахлын тархалтыг удаашруулсан байж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

            Дээрх судалгааг Хятад, Америк, Италийн судлаачид хамтран коронавирус анх илэрсэн Ухань болон Хятадын томоохон хотуудын төлөөлөл Шанхай хотод хийсэн байна. Судалгааны дүнгээр 14 хүртэлх насны хүүхдүүдийн сургуулийн орчинд үүсэх харилцааг бүрэн зогсоосноор нэг өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 42 орчим хувиар буурч байгааг батлаад сурагчдын улирлын амралтын үеэр шинээр илрэх тохиолдлын тоо 64 хувиар бага байсан тооцоо гарчээ.

             Уг судалгааны дүгнэлтэд “Сургууль хаах арга хэмжээ нь КОВИД-19 халдварын тархалтаас бүрэн урьдчилан сэргийлэхгүй ч өвчний динамик өсөлтийг сааруулахад мэдэгдэхүйц нөлөөлнө” гэжээ.

          Мөн 0-14 насны хүүхдүүдийн гуравны нэг нь насанд хүрэгсэдтэй адил вирусээр халдварласан байх талтай гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа ч дээрх судалгаа нь СNN-д хангалттай өгөгдөл цуглуулж чадаагүй тул судалгааны үр дүнг дахин баталгаажуулах шаардлага бий гэжээ.

          Их Британийн Рийдинг их сургуулийн эсийн микробиологийн дэд профессор Саймон Кларкийн хэлснээр судалгаа нь зөвхөн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдлын мэдээлэлд суурилж, ямар ч шинж тэмдэг илрээгүй тохиолдлыг судалгаанд тооцоогүйг, мөн судалгааг халдвар тархахад бусад хүчин зүйл нөлөөлсөн Хятадын тодорхой нэг хэсэгт хийснийг онцлон тэмдэглэсэн байна.

        Хятадын зүүн өмнөд хэсгийн Лансет сэтгүүлд 4 дүгээр сард нийтлэгдсэн судалгаанаас харахад хүүхдүүд бусадтай адил коронавирусийн халдвар авах эрсдэлтэй ч хүнд хэлбэрийн халдвар авах тохиолдол бага гэж тогтоосон байна.

         Хүүхдүүд Ковид-19-д өртөх магадлал бага байгаа гэсэн нэгэн таамаглалыг Германы Зоонозын халдварт өвчин судлалын сүлжээний сэтгүүлд 4 дүгээр сард нийтэлсэн байна. Гэвч бусад шинжээчид СNN-д судалгаа нь халдвар авах хэмжээг тодорхой тогтоогоогүй, бусад судлаачдын хөндлөнгийн дүгнэлтийг тусгаагүй, судалгааны өгөгдөл цуглуулах арга зүйн боловсруулалт хангалтгүй байна гэж мэдэгджээ.

        Дээр дурдсан судалгааны үр дүн баттай биш байгаа хэдий ч, улс орнууд сургуулиа нээх шийдвэрийг болгоомжтой гаргах ёстой гэж Профессор Саймон Кларк анхааруулжээ.

        Хятад, Тайван, Нидерланд, Израиль зэрэг орнууд сургуулиудаа нээж эхлээд байгаа бөгөөд бусад улсууд ч мөн нээх төлөвтэй байна. Тухайлбал, Их Британи 6 дугаар сарын 1-ний өдрөөс бага ангийн хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

        Их Британийн сургуулиа нээх шийдвэр хэт эртэдсэн гэж үзэж байгаагаа Профессор Саймон Кларк илэрхийлээд, энэ нь халдварын хоёр дахь давлагааг эхлүүлэх хөшүүрэг болох талтай хэмээн онцолсон байна.