БНХАУ  сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд ашиглаж байна. Энэ долоо хоногийн Даваа гараг буюу 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс сурагчдын биеийн халууныг хянах, халуун хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд дохио өгөх төхөөрөмж бүхий бугуйвчийг туршиж эхэлжээ. Бээжингийн таван дүүргийн дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад түгээжээ.

Бугуйвч нь ердийн фитнесс бугуйвчтай адил бөгөөд сургуулийн багш болон эцэг эхчүүдэд хүүхдийн биеийн халууны мэдээллийг тогтмол өгдөг байна. Сурагчийн биеийн халуун 37.2 хэмээс дээш гарахад халуун нэмэгдсэн дохиог багш хүлээн авч, цагдаа болон холбогдох төрийн байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэгтэй юм байна.

Хятад улс энгийн амьдралдаа шилжин орж байгаатай холбогдуулан сүүлийн хэдэн долоо хоногийн турш сургуулиуд үе шаттайгаар нээгджээ. Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид 4 дүгээр сарын сүүлээр хичээлдээ явж эхэлсэн байна.

Өдөр тутам биеийн халууныг хянах, заавал маск зүүх, зай барих дэг журам  Хятадын сургуулиудын шинэ хэв шинж болж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолжээ.