Английн сургуулиуд ирэх 6 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй бэлтгэл ажилдаа орсоныг Английн Боловсролын сайд мэдэгджээ. Уг төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 1-ний өдрөөс цэцэрлэг, сургуулийн сурагчид хичээлдээ явж эхлэх аж.
Харин Уэльс улс сургуулиудаа 6 дугаар сарын 1-ний өдөр нээхгүй гэдгээ мэдэгдсэн бол Шотланд, Умард Ирландын сургуулиуд зунаас өмнө сургуулиудынхаа үйл ажиллагааг эхлүүлэхгүй юм байна.
Бага насны хүүхдүүд коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэл хэдийгээр бага байгаач ирэх сараас сургуулиудыг нээх нь хэт эрт байгаа талаар Английн багш нарын 9 зөвлөл байр сууриа илэрхийлжээ. Тэд сургуулийг нээх товыг хойшлуулж, багш, сурагчдыг бүрэн шинжилгээнд хамруулахыг шаардсан байна.
Английн Боловсролын газраас гаргасан сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх удирдамжид ангийн сурагчдын тоог цөөрүүлэх, бүлгүүдийг хооронд нь холихгүй байх, сурагчдын завсарлах, үдийн цайнд орох, сургуульдаа ирэх, гэртээ харих цагийг өөр өөр байхаар тохируулах, тогтмол цэвэрлэгээ хийх, нийтээр хэрэглэх зүйлсийн тоог цөөрүүлэх арга хэмжээ авахыг тусгажээ.