Монгол Улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдаж  БСШУСЯ-ны сайдын тавдугаар сарын 25-ны өдрийн Б/46 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалаар МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нь өөр ажилд томилогдох болсонтой холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь үндэслэн БСШУС-ын сайдын тушаалаар МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Баянжаргалын Очирхуягийг 2020 оны 5 сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Төмөрбаатар МУИС-ийн хөрөнгө, санхүүг бэхжүүлэх, эрх зүйн байдлыг баталгаажуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилласнаа дурьдаад, нэг баг болон хамтран ажилласан МУИС-ийн эрдмийн хамт олонд талархал дэвшүүлж МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Очирхуягт тус сургуулийн тамга, гэрчилгээг хүлээлгэн өглөө. МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг нь 1997 онд МУИС-ийг бакалавр, 1999 он МУИС магистр, 2008 онд Япон улсын Нагояа их сургуулийг докторын зэрэг хамгаалжээ.