"Ковид 19" цар тахлын үед сургалтын байгууллагууд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон хэдий ч сургуулиуд, хөтөлбөр магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, цахим орчинд ажиллаж байна. Үүний үр дүнд магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын, тоо нэмэгдэж, их, дээд сургуулиудаас бакалаврын 19, магистрийн 1, докторын 1 хөтөлбөр тус тус шинээр магадлан итгэмжлэгдлээ. Мөн шинээр магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын 4 байгууллага, ерөнхий боловсролын 4 сургуульд БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, БМИҮЗ-ийн ажлын албаны дарга О.Янжмаа нар гэрчилгээг нь гардууллаа.

Эм Ай Ю дээд сургууль, Монгол Улсын Консерватори, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага болох Барилгын Политехникийн коллеж, Ховд аймгийн Хөгжил политехник коллеж,  Хөвсгөл аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Архангай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, 34 дүгээр сургууль, Оюуны ундраа цогцолбор сургууль, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургууль ийнхүү магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардлаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, зөвхөн магадлан итгэмжлэлд зориулж биш  хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаагаа сайжруулан, чанартай зохион байгуулахад тогтмол анхаарч ажиллах нь чухал болохыг сануулаад амжилт хүслээ.