Оксфордын MBA төгсөөд их баяртай байгаа нь, 2015 оны 9 сар
Нэг өдөр магистраа хамгаална даа гэж бодож байгаа бакалаврын оюутнууд, залуу мэргэжилтнүүдэд зориулж, нэгэн уншигчийнхаа саналын дагуу энэ блогийг бичлээ.
Би 9 жилийн өмнө Харвардаас бакалавр зэрэгтэй төгсөж, 4 жил уул уурхайн салбарт ажиллаад Оксфорд руу бизнесийн удирдлагын магистраар (MBA) сурахаар явсан билээ.
Эргээд харахад “яагаад бас хэзээ бизнесийн удирдлагын чиглэлээр сурна гэж шийдсэн бэ?”, “яагаад 4 жил ажиллаж байгаад магистрт сурах болсон бэ?”, “хэзээнээс сургуулийн өргөдлөө бэлдэж эхэлсэн бэ?” гэх зэрэг асуултуудын хариултыг олоход чиглэл, зөвлөгөө байсан бол их хэрэгтэй байсан байх.
Хаана, хэзээ, ямар чиглэлээр сурна гэдгээ мэдсэн хойно хэрхэн бэлдэх талаар мэдээлэл хангалттай байдаг бол, яг тэр цэгтээ хүрэхэд бас маш их цаг, сэтгэл, тооцоо, төлөвлөгөө орно. Тэр үйл явцыг өөрийнхөө туршлага дээр суурилан ойлгомжтой хэдэн алхам болгож хуваалцлаа.
1. БАКАЛАВРТ СУРЧ БАЙХДАА
Бакалаврт сурах хүртэлх зам их ойлгомжтой байдаг шиг санагддаг — ерөнхий боловсролын системийн дагуу бүх л сурагчид адилхан хичээлүүд үзнэ, ихэнх сурагчид үргэлжлүүлээд оюутан болох сонирхолтой байдаг.
Ангийн найзууд, эргэн тойрны үеийнхэн ер нь л төстэй зорилготой, тэр зорилгодоо хүрэх зам нь ч төстэй — сурлагадаа анхаарна, шалгалт шүүлэгт бэлдэнэ, гэх мэт. Харин их сургуульд орсон хойно бүх юмыг шинээр эхэлж байгаа мэт — шинэ найзууд, шинэ орчин, бас шинэ зорилгууд тодорхойлно. Шинэ зорилгууд нь бусдын зорилготой адилхан биш — эмч, хуульч, бизнесмен, жүжигчин, профессор, багш гээд л хүн хүний сонирхол маш олон тийшээ салбарлаад явна.
Зарим хүн багаасаа л ямар мэргэжилтэй болохоо бат мэддэг бол, зарим хүн их сургуульд орсон хойноо ч эргэлзэж байдаг. Тэгвэл бакалаврт сурч байхдаа цаашид магистрт сурах сууриа хэрхэн тавьж эхлэх вэ?
- Сурлагадаа анхаар — бакалаврт сурч байхдаа “төгсөөд дипломоо л авч байвал боллоо” гэсэн хандлагатай байж болохгүй. Оюутан хүний гол зорилго бол сурах, тиймээс тэр хугацаандаа хамгийн их цаг, сэтгэл зарах хэрэгтэй зүйл бол сурлага. Сурлагадаа анхаарч голч дүн буюу GPA-ээ аль болох өндөр байлгах хэрэгтэй, учир нь магистрт сурахад хичээлийн дүн харна. Ялангуяа шилдэг сургуульд элсэхэд хичээлийн дүн нь нэг том шалгуур болно.
- Профессоруудтайгаа харилцаа хөгжүүл — их сургуульд сурахын хамгийн том давуу талуудын нэг нь мундаг багш, профессороор хичээлээ заалгах юм. Тэр хэдэн жилд л нэг сэдвийг насаараа судлахад зориулсан хүмүүстэй биечлэн ярилцаж, тэднээс сурах боломж байгаа — тэр боломжийг алдаж болохгүй. Хичээлдээ идэвхтэй суралцахаас гадна, тэднийг оффис дээрээ нээлттэй цаг зарлахад нь очиж танилцаж, яриа өрнүүлж бай. Тэгсэнээр сурч байгаа зүйлээ ч илүү сонирхож ойлгож, харилцаа хөгжүүлэх болно. Мөн тэр нь нэг өдөр магистрт элсэхэд тодорхойлолт бэлдэхэд бодитойгоор хэрэг болно. Ихэнх магистрт 2–4 хүнээс тодорхойлолт авахыг шаарддаг, тэрний дор хаяж 1–2 нь бакалаврт байхад багшилж байсан хүнээр бичүүлсэн байх шаардлагатай. Аль ч профессортойгоо дотно байхгүй байж байгаад цаг нь ирэхээр өөрийн сайн танихгүй хүнээс гуйж болох ч, сайн танихгүй хүн тэр хэмжээндээ л тодорхойлолт бичиж өгнө шүү дээ.
- Ямар чиглэлээр магистр хийж болохоо судал — ямар чиглэлээр сурч болохоо бакалаврт сурч байхдаа судалж эхлэх нь маш чухал, учир нь зарим чиглэл нь баклавраа үргэлжлүүлээд шууд сурахад тохиромжтой байдаг. Жишээ нь зарим их сургуульд бакалавраа үргэлжлүүлээд сурсан мэргэжлээрээ нэг жил дотор магистраа хамгаалах боломжууд байдаг. Мөн ямар нэгэн сэдвээр судалгаа хийж, академик чиглэлээр мэргэшиж, магадгүй профессор болох сонирхолтой бол үргэлжлүүлээд магистр болон докторын зэргээ хамгаалах нь нийтлэг тохиолдол. Харин бизнесийн удирдлага, төрийн бодлого гэх мэт маш олон магистрын чиглэлүүд нь зохих ажлын туршлага заавал хардаг учраас төгсөөд ажиллана гэдгээ ойлгоод ямар ажилд ороход анхаарлаа төвлөрсөн нь дээр.
- Төгсөөд шууд магистрт сурах бол, элсэлтэндээ бэлтгэ —шууд төгсөөд сурахаар бол, хичээлийн хажуугаар элсэнтэнд бэлдэх хэрэгтэй. 4-р курсэд орохоос өмнөх зундаа GRE, TOEFL гэх мэт шалгалтууддаа цаг гарган бэлдэж, ямар сургуулиуд руу өргөдөл явуулах, тэдгээр сургуулиуд нь тус бүр ямар шалгууруудтай, тэрнийх нь дагуу бэлдэх хэрэгтэй. Гол нь цагийг нь тулгалгүй эртнээс төлөвлөж бэлдэх хэрэгтэй.
Миний хувьд бакалавртаа эдийн засгаар сурч байсан, төгсөөд хувийн хэвшилд, уул уурхайн салбарт ажил хийж үзэх сонирхолтой байсан. Ер нь цаашид ч бизнес, эдийн засгийн чиглэлээр ажиллах сонирхолтойгоо мэдээд цаашид магистр хамгаалвал бизнесийн удирдлагын магистр л надад хамгийн тохиромжтой гэсэн бодолтой байсан. Тэрийгээ мэдсэн учраас сургуулиа төгсөөд юу хийх вэ гэдэг нь ямар ажил хийх вэ гэсэн асуулт байсан — зуны амралтуудаараа дадлага хийж, төгсөх курстээ компаниуд руу өргөдлөө өгч ярилцлагууддаа орж байсан. Мөн их сургуульд байх хугацаандаа Харвардын болон өөр сургуулиудын MBA оюутнуудтай боломжоороо танилцаж тэднээс туршлага судалдаг байсан.
Харвардын төгсөлт, 2011 оны 5 сар
2. АЖИЛЛАЖ БАЙХДАА
Сургуулиа төгсөөд анхны ажил нь магадгүй мөрөөдлийн чинь ажил биш байж болно, гэхдээ л өөрийгөө ойлгох, хийх дуртай юмаа олох, үнэтэй туршлага хуримтлуулах маш чухал цаг үе. Магадгүй мөрөөдлийн ажилдаа орчихлоо гэж бодож байтал төсөөлснөөс нь шал өөр ч байж болно. Ямартай ч анхны ажилдаа байх хэдэн жилдээ аль болох их юм сурч, хэтийн зорилгоо юмуу дараагийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Тэр зорилгодоо хүрэхэд нь ямар нэгэн чиглэлээр магистр эсвэл бүр докторын зэрэг хамгаалах шаардлагатай эсэхийг ойлгож, тийм бол явцдаа бэлтгэлээ хангаад явах хэрэгтэй..
- Чанартай туршлага хуримтлуул — ямар ч ажил хийж байхдаа өдөр бүрийг үр ашигтай өнгөрөөхийг хичээх хэрэгтэй. Ажилтны хариуцлагаас гадна, ажил хийнэ гэдэг нь өөртөө хөрөнгө оруулж байгаа том хэлбэр — сургуулиа төгсөөд сураад дуусдаггүй, харин ч ажил дээр гараад хамгийн их юм сурдаг. Аливаа ажлаас гараад сургуульд сурах эсвэл өөр ажилд орохын тулд тухайн ажилдаа яг юу хийж бүтээснийг харна. Хэр удаан ажилласан биш, албан тушаалынх нь нэрийг биш, яг юуг гардаж хийж, ямар өөрчлөлт авчирч, ямар тоон үзүүлэлтэд нөлөөлснийг харна. Мөн хийсэн ажлаараа дарга, хамтран ажиллагч нартаа танигдана — тэд нараасаа тодорхойлолт гуйх учраас хамаагүй зохиож, нэмж хачирлах боломжгүй.
- Менторуудтай бол — ментор гэдэг нь тогтмол цаг хамт өнгөрүүлж чамд байнга зааж сургадаг хүнийг хэлэхгүй. Миний хувьд ганц удаа ярилцаж суугаад эсвэл цахимаар бичээд асуултуудад минь хариулж туршлагаасаа хуваалцсан хүнийг ч ментор гэж тодорхойлдог. Аль болох олон хүний хийдэг ажил, ажлын туршлага, туулсан замын талаар сонсох тусам өөрт байгаа боломжуудаа өргөнөөр харж, хүрээгээ тэлнэ. Жишээ нь хүнтэй ярьж байгаад урьд нь сонсож ч байгаагүй мэргэжил эсвэл магистрын хөтөлбөрийн талаар мэдээлэл авч болно.
- Төлөвлөгөө гарга — ажиллаж эхлэхдээ л дараагийн алхам маань юу байж болох вэ гэдгийг ерөнхийдөө бодож эхлэх хэрэгтэй. Жишээ нь MBA-д элсэж байгаа оюутнууд дунджаар 3–4 жилийн ажлын туршлагатай (зарим нь бүр 2хон жил) — тэгвэл 1-2 жил ажиллаад л элсэлтэнд бэлдэж эхлэх хэрэгтэй болно. Бага зэрэг хугацаа тулгахад бэлдэж амжихгүй болж ахиад жил хүлээх тохиолдол зөндөө гардаг. Зарим магистр нь тодорхой туршлага хардаг бол — тэрийгээ эртхэн мэдээд ажлын явцдаа тийм туршлага хуримтлуулах боломжууд хайх хэрэгтэй. Магадгүй ажил хийж байх хугацаандаа сургуульд сурах төлбөрөө бэлдэж байж болно (зүгээр л тэтгэлэг олдоно гэдэгт найдаж болохгүй) — тэгвэл хэр их мөнгө хураах хэрэгтэйгээ тооцож төлөвлөнө.
- Ажлаас гадуур идэвхтэй бай — шилдэг сургуульд магистрт тэнцэх нь мэдээж өрсөлдөөнтэй. Хамгийн чухал шалгуурууд нь ажлын туршлага, бакалаврын хичээлийн дүн, шалгалтын оноо байж болох ч, олон мянган өрсөлдөгчөөсөө өөрийн идэвх сонирхолоороо ялгарах шаардлага гарна. Тэгэхээр боломжоороо нийгэмдээ идэвхтэй байхыг хичээ — спорт, урлаг, ямар нэгэн нийгэмлэг, юу ч байсан өөрийгөө хөгжүүлсээр байх хэрэгтэй. Зөвхөн сургуульд орохын төлөө ч биш, ер нь ажлаасаа гадуур өөрийн хөгжилд цаг зарцуулах нь чухал шүү дээ.
Би их сургуульд байхдаа төгсөөд ямар ажил хийхээ бодон бодож, ирээдүйд Монголтой холбоотой салбарт л ажилламаар байсан учраас уул уурхайн салбарыг сонгосон. Гэхдээ шууд төгсөөд ажиллахаасаа өмнө төгсөхийн өмнөх зунаа Австрали дахь Leighton Holdings уул уурхайн гүйцэтгэлийн компанид дадлага хийсэн (энэ нь Монголд Энержи Ресурс XXК-ийн гүйцэтгэгч компаний эзэн компани байсан). Ингэснээр салбартайгаа танилцаж, цаашид үргэлжлүүлж ажиллах сонирхолтойгоо мэдсэн.
Төгсөөд Рио Тинто компанид ажиллаж байхдаа аль болох их юм сурч авахыг зорьж, Харвардад сурсан 4 жилээс минь ялгаагүй өгөөжтэй 4 жил байсан.
Сурсан юмаа ангилвал “hard skill” (жишээ нь Excel дээр модел гаргах, PowerPoint дээр танилцуулга бэлдэх) болон “soft skill” (жишээ нь мэргэжлийн орчинд бусадтай харьцаж биеэ зөв авч явах) гэх төрлүүдийн ур чадварууд эзэмшиж, уул уурхайн салбартай тал талаас нь танилцаж төв оффис дахь үйл ажиллагаа болон төслийн талбай дээрх үйл ажиллагаануудыг дотор нь орж ажиллаж ойлгосон.
Ялангуяа төслийн талбай дээр очиж ажиллаж амьдарсан нь их чухал суурийг тавьж өгсөн шиг санагддаг — учир нь уул уурхайн компани гэдэг нь том хотуудад байдаг оффис биш яг газар дээрээ болж байгаа өдөр тутмын үйл ажиллагаагаас л шалтгаалдаг.
Ямар ч компаний гол үйл ажиллагааг нь нүдээрээ харж, ажил яг яаж явагддагийг ойлгосноор бизнесийн хамгийн сайн суурь ойлголттой болж чадна (үйлдвэр, дэлгүүр, хоолны газар, санхүүгийн байгууллага — ямар ч салбарт ажилладаг бай өөрийн өдөр тутмын ажилд шууд хамааралгүй байсан ч үйл ажиллагаатай сайн танилцах нь гарцаагүй чухал).
Энэ бүгд намайг MBA-дээ элсэхэд өөрийгөө танилцуулахад сурах сонирхол болон чадвартай, ирээдүйд ямар ч салбарт ажилласан бизнесийн суурь ойлголт болон хандлага зөв тавигдсан, бусдаас ялгарах сонирхолтой түүхтэйг харуулж чадсан байх.
Рио Тинтогийн Австрали дахь Нортпаркс зэсийн уурхайд ажиллаж байхдаа, 2012 оны 10 сар
3. ӨРГӨДЛӨӨ БЭЛДЭХ НЬ
Ямар чиглэлээр, хэзээ сурахаа шийдсэн бол сургуулиуд руу өргөдлөө бэлдэж явуулах том ажил гарна. Хугацааг нь тулгаж болохгүй — хамгийн багадаа 3 сар, сайн бэлдье гэвэл бүр 6–9 сар шаардана.
Өвөл бүх өргөдлөө жин тан болгоод явуулна гэж тооцоод цаад тал нь хавраас бэлдэж эхлэх хэрэгтэй (би намраас бэлдэж эхэлсэн, гэхдээ тэгсэнээр ажлынхаа хажуугаар маш шахуу ажиллахыг шаардсан).
Ихэнх сургуулиудын магистрын өргөдөл хүлээж авах хугацаа нь хэдэн үе шаттай (“rolling admissions”) байдаг ч аль болох эрт өгсөнөөр амжилттай байх магадлал нь өсөх учраас сүүлийн шат хүртэл хүлээхгүй байхыг анхаараарай.
MBA-ийн өргөдлөө бэлдсэн төлөвлөгөө, үйл явцаа дэлгэрэнгүй “Амжилтад хялбархан хүрэх гурван алхам” нийтлэлдээ бичсэн байгаа. Гэхдээ энд гол хэсгүүдээс нь дахин хуваалцъя.
Аливаа том ажлыг хийхээсээ өмнө аль болох олон хийхэд хялбархан алхамд хуваагаад төлөвлөхөөр хийхээс зугатаж хойш нь тавих нь багасч, хийх явцдаа урамтай байдаг юм шиг санагддаг. Би MBA хиймээр байна гэдгээ 2014 оны 10 сард шийдээд, 2015 оны намрын элсэнтэнд амжихын тулд 1 сарын сүүлээр өргөдлүүдээ өгнө гэж тооцоод, тэр бүгдийг ажлынхаа хажуугаар хийх байсан учраас сайн төлөвлөж амжуулах нь чухал байсан.
Магистрт сурах нь хүн болгонд заавал хийх хэрэгтэй зүйл биш — хүссэн карьераа босгоод явах маш олон арга зам бий.
Магистрт сурах цаг, мөнгө, болон тэр цаг мөнгийн боломжийн өртгийг сайн тооцох хэрэгтэй. Харин сурахаар шийдсэн тохиолдолд явахаасаа өмнө яг ямар зорилготой явж байгаагаа сайн тооцох хэрэгтэй.
Очоод ямар ур чадвар эзэмших, ямар хүмүүстэй танилцах, ямар хөтөлбөрүүдэд оролцох, төгсөөд ямар ажилд орох, гэх мэт бүгдийг нь нарийн тооцож байж явах нь хамгийн үр өгөөжтэй байх болно.
Магистрт сурах нь ер нь мэргэжлээ л дээшлүүлэх боломж юм. Мэргэжлээ дээшлүүлэх гэдэг нь хэд хэдэн гаргалгаатай:
- Академик салбар руу орох — докторын зэрэг хамгаалах эсвэл нарийн судалгааны мэргэжил руу ороход эхний алхам нь магистр хамгаалах байдаг.
- Одоо байгаа ажил/ компани/ салбартаа албан тушаал ахих — зарим ажлын газрууд албан тушаал дэвших/ тодорхой албан тушаалд очиход магистрын зэрэг шаарддаг.
- Ажиллаж байгаа салбараа солих — шинэ ажилд орохын тулд нэг бол тэр чиглэлээрээ сурсан байх хэрэгтэй, эсвэл туршлагатай байх хэрэгтэй. Өөр салбарт ажилламаар байвал, тэр чиглэлээрээ магистр хамгаалж сурч болно.
- Oрчноо солих (жишээ нь өөр улсад ажлын боломж хайх) — цоо шинэ ажлын боломжуудыг өөртөө нээхийн тулд магистрт сурч өөр улсад очиж, шинэ хүмүүстэй танилцаж, сургуулийн тогтсон карьер үйлчилгээнд хамрагдаж, өөрийгөө дахин “бренд” хийж болно.
Миний хувьд анх магистр хийх талаар бодож эхлэхэд уул уурхайн салбарт ажиллаад 3 гаруй жил болсон байсан. Уул уурхайн салбар маань маш сонирхолтой, надад ихийг сургасан ч, яг насан туршдаа ажиллах салбар минь мөн үү гэдэгт эргэлзсэн — гол нь өөр салбарт ажиллаж үзээгүй болохоор залуу байгаа дээрээ сонирхмоор байсан.
Мөн бизнесийн олон талаас туршлагажмаар байсан — миний мэргэжил эдийн засаг болохоор өөр өөр салбар рүү хөврөх боломжтой.
Яагаад MBA хийсэн бэ гэвэл би ямар нэгэн чиглэлээр илүү нарийн мэргэших гэхээсээ илүү ямар ч байгууллагад ороод тал талаас нь ажиллах мэдлэгтэй болохыг хүссэн. Мөн яг аль салбар руу орвол зүгээр вэ гэдгээ судалмаар байсан болохоор шинэ орчинд олон хүмүүс, компаниудтай танилцмаар байсан — үүнд MBA яг тохирсон.
Эцэст нь магистрын зардлыг үр өгөөжтэй нь харьцуулвал өөрийн хүлээлтээс шалтгаална. Түрүүнд дурдсан — маш тодорхой зорилготой л магистрт сурах хэрэгтэй. 1–2 жил сураад дуусахад шал өөр амьдрал хүлээж байна гэдэг нь том эндүүрэл.
Их хэмжээний мөнгө зарж, магадгүй өр тавьж, 1–2 жил орлогогүй байлаа гэхэд тэрийгээ хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Төгсөөд орлого нь хэд болох вэ, бизнес эхлүүлнэ гэж бодож байгаа бол яаж санхүүжүүлэх вэ гэх мэт асуудлуудыг сурахаасаа өмнө бодож тооцох хэрэгтэй.
Миний хувьд тэтгэлэгтэй сурсан учраас сэтгэлд арай амар байсан ч, тэр хугацаанд орлогогүй, гадаадад амьдралын өртөг өндөр гэх мэт зөндөө зардал байсан.
Харин төгсөөд зөвлөх үйлчилгээний салбарт орох нөхцлийг бүрдүүлж өгсөн учраас магистраа хийсэн нь олон талаас өгөөжтэй байсан — одоогийн ажил маань орлогын тал дээр ч тэр, өөрийгөө хөгжүүлэх тал дээр ч миний хүлээлтэнд хүрч байгаа.
GMAT өгч дуусаад бүх ном, цаас, үзэгнүүдээ овоолоод шинэ жил тэмдэглэхэд бэлэн болсон нь. 2014 оны 12 сарын 26
Эх сурвалж: Ikon.mn