Элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй болох гэж байгаатай холбогдуулан www.elselt.mn сайт их дээд сургуулийн захирлуудын ярилцлагыг цувралаар хүргэж байна. Энэ удаагийнхаа зочиноор Монгол Улсын Багшийн Их Сургуулийн захирал Д.Мандахтай уулзаж ярилцлаа.

 

       -Төгсөлт, үргэлжлээд элсэлтийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Коронавирусын цар тахлын хөл хорионоос болоод сургуулиудын үйл ажиллагаа нам жим байна. МУБИС энэ үеэр хэрхэн ажиллаж байгаа талаар хоёулаа яриагаа эхэлье?

      -Дэлхий нийтэд цар тахал гарсантай холбоотойгоор 3 тэрбум шахуу хүүхэд залуусын хичээл сургалтыг зогсоогоод, сургуулиуд онлайн систем рүү орлоо шүү дээ. Манай улсад ч ялгаагүй салбарын яам, сургуулиуд мөн адил онлайн системээр үйл ажиллагаагаа явуулсан. ЕБС-иудад зориулсан видео хичээлийн тодорхой хувийг багш нар маань бэлдлээ. Корона вирус нэг талдаа бидэнд онлайнаар сургалт явуулах, туршиж үзэх боломж олголоо. Тиймээс бид давуу талаа ашиглаад дунд сургуулиудад орсон бүх бичлэгээ фонт болгон хадгалсан. МУБИС-ийн тухайд бол энэ жил идэвхтэй суралцаж байгаа 16 мянга орчим оюутантай. Үүнээс 13 мянга гаруй нь бакалавраар, 2 мянга гаруй нь магистраар суралцдаг. Мөн 600 орчим докторантуртай, 1000 гаруй гадны оюутантай. Хамгийн олон гадаад оюутантай их сургуулиудын нэг нь манай сургууль. Оюутан суралцагчийнхаа тоогоор МУИС, ШУТИС-ийн  дараа гуравт явж байгаа.

 

         -МУБИС-ийг энэ жил хичнээн оюутан төгсч байгаа вэ?

       -Энэ жил МУБИС-ийг 2200 гаруй оюутан төгссөн. Хэдхэн хоногийн өмнө  төгсөлтийн дипломоо гардуулж, орон нутагт байгаа төгсөгчдийнхөө дипломыг “Монгол шуудан” компанитай хамтран, шууд гэрт нь хүргүүллээ. Анги  дэвших оюутнуудын тухайд, дүнг нь тооцох тусгай үнэлгээний систем гаргасан. Манайд сурч байгаа гадаад оюутнуудын ихэнх нь Хятад улсын иргэд байдаг. Тэдний хувьд жаахан төвөгтэй байдал үүссэн л дээ. Өвлийн амралтаараа нутаг буцаад, хөл хорионд орсон. Техникийн бэрхшээлтэй байгаа учраас холбогдохгүй байгаа. Хорио цээр тавигдвал 8 сараас гадаад оюутнуудаа авчираад хичээлээ эрчимтэй  явуулахаар төлөвлөж байна. Харин үлдсэн 200-аад оюутан онлайнаар хичээлээ үзээд явсан.

   

  -Корона вирусын хорио цээр нэг талаар бидэнд боломж олгож байна гэж та түрүүн хэллээ. Онлайнаар сургалт явуулахад гарсан давуу талууд юу байв. Сул тал ч бас байсан байх?

      - Корона  вирус хэцүү сорилт юм шиг боловч нөгөө талдаа яах аргагүй шинэ боломжуудыг бий болгосон. Бидний хувьд танхимын сургалтуудаа цаашид ямар хэмжээнд, хэрхэн явуулах талаар ярилцлаа. Ер нь улс орны хэмжээнд том том сургууль, цэцэрлэг, дотуур байр барьж, үргүй зардал гаргаж байхаар, онлайн сургалтыг хөтөлбөртөө түлхүү оруулмаар байгаа юм. Тэгэхийн тулд Хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлээд боловсролын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарч ирнэ.

МУБИС-ийн хувьд энэ хаврын сургалтаа онлайнаар явууллаа. Сургалтаа авч чадахгүй, хүндрэлтэй байсан орон нутгийн хүүхдүүдтэй, жимобайл компанийн сүлжээгээр холбогдон, 100 хувь амжилттай явуулсан. Ер нь цаашдаа нээлттэй цахим сургууль болох тал руугаа бидний  ажил чиглэж байна.  Ингэснээр маш олон талын  ач холбогдолтой л доо.

Онлайнаар хичээл сонголтоо хийж, онлайнаар төлбөрөө төлөхөөс эхлээд олон зүйлийг онлайн системрүү оруулсан. Ирэх жилээс хичээл ажиглалтын систем, бүртгэлийн бүх систем онлайн болно. Цар тахлын хорио цээр тавигдсан ч, цаашид бид шинэ бүтээгдэхүүнээ санал болгоно. Багш нарын хичээлийн 1 кредитийг, сургуулийн зүгээс хоёр сая 500 орчим мянган төгрөгөөр үнэлээд авч байгаа. Тухайн багш 2 кредитээ онлайн болголоо гэхэд, хичнээн хүнд хүрч байгаа оролцоог нь бас тооцох юм. Хичээлийн 90 минутыг хэрхэн зөв ашиглаж байгааг, техникийн тусламжтайгаар хянаад, шүүн хэлэлцэнэ. Багшийн орж байгаа хичээл, өгч байгаа даалгавар нь стандартад нийцэж байгаа эсэхийг хянаад, минут секунд бүрт хэлэлцэж явах учраас багш нар зайлшгүй сайн бэлдэх шаардлагатай болно. Ингэснээрээ оюутнуудад маань  чанартай хичээл заагдана гэсэн үг.

 

УЛСЫН ХӨГЖИЛ ХҮНЭЭС, ХҮНИЙ ХӨГЖИЛ БАГШААС

 

 

       -Цэцэрлэгийн наснаас нь, бага ангиас нь хүүхдэд, монгол хүн болж төлөвших суурийг тавьж өгөх ёстой хүмүүс бол багш нар. Гэтэл манайд багш нарын боловсрол хангалттай сайн биш байна. Энэ юутай холбоотой вэ?

      -Багшийн цалин, нийгмийн асуудал л байгаа юм. Нийгмийн асуудлыг нь улсаас бодлогоор дэмжээд өгвөл энэ асуудлыг шийдэх боломжтой. Ардчилсан хувьсгал ялсанаас хойшхи 30-аад жилд багш хүний нийгмийн үнэлэмж буурсан. Социализмийн үед  багш хүнийг нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагатай гэж үздэг, үнэлдэг дүгнэдэг, өөрөөр хардаг байлаа. Улсын хөгжил хүнээс. Хүний хөгжил багшаас. Буцаад багшийн хөгжил улсаас шалтгаалж байна. Улс нь хөрөнгө мөнгөө гаргаад, багшаа бэлдэхээр, багш хүнээ хөгжүүлнэ. Хөгжсөн хүн буцаад улсаа хөгжүүлнэ гэсэн энгийн л логик байгаа юм. Үүний тулд зоригтой  алхам  л хийх хэрэгтэй.

Жишээ нь: Дэлхийн II дайны дараа финлянд улс маш хүнд байдалтай байсан. Германуудад эзлэгдээд, Оросууд чөлөөлсөний дараа  хүнд байдлаас гарахын тулд багш нараа парламентад бодлогоор гаргасан байгаа юм. Сонгогдсон багш нар улсын төсвийнхөө томоохон хэсгийг боловсролд зарцуулсан. Тэр дундаа багш бэлтгэхэд зарцуулсан байгаа юм. Улмаар багшийн нэр хүнд ч өсч, багш болохыг хүсэгчид маш их болсон. Үүнтэй адилаар сургуулийн орчин, багшийн цалинг, улсын төсвөөс бодлогоор зарцуулаад ирэхээр нэр хүнд нь ч суга өснө. Сургууль цэцэрлэг олноор нь барихаас илүүтэй, одоо байгаа сургуулиудаа тордоод орчин үеийн жишиг рүү явуулмаар байна. Хамгийн гол нь багш бэлтгэх сургуулиа тусгайлан улсын хараанд байлгаж, томоохон өөрчлөлт хиймээр байна.

Саяхан бид Н.Учрал гишүүнтэй уулзсан. Багш нарын цалинг 2 сая төгрөгт хүргэх боломжтой гээд, тооцоо судалгаатай юм ярьж байсан. Багш нарынхаа цалинг өсгөвөл маш олон асуудал шийднэ. Финляндад гэхэд л иргэдийн дундаж цалин 2000 евро бол, багш нарын цалин 50 хувь илүү байдаг юм билээ. Тийм ч учраас багшийн сонгон шалгаруулалт  өрсөлдөөнтэй болж, олон үе шатыг давдаг. Ингэхээр чанрын хувьсгал гарах нь ойлгомжтой шүү дээ.

 

        -Нэг талдаа ЕБС-иа сайн төгссөн хүүхдүүд багш болох хүсэлгүй байна уу?

     -Хуучин бол, өндөр оноотой хүүхдүүд багшийн мэргэжил сонгодоггүй байсан. Өндөр оноотой хүүхдүүд нь МУИС ШУТИС-рүү ороод,  дараагийнх  нь манай сургууль руу ирдэг байсан. Одоо бол өөрчлөгдсөн шүү.  Өнгөрсөн жил 18 мянган сурагч төгссөнөөс 8,3 хувийг нь элсүүлсэн. Энэ жилийн хувьд 32 мянган төгсөгчийн 10 орчим хувийг элсүүлнэ гэсэн зорилготойгоор бид ажиллаж байна. Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд нийт 57 хөтөлбөрт 3000 гаруй хүүхэд элсүүлнэ.

Чи бодоод үз дээ. Багш мэргэжил эзэмшихийн тулд 4 жилд 9-10 сая  төгрөгийн зардал гаргалаа. Төгсч ирээд 600 гаран мянган төгрөгний цалинтай. Гаргасан зардалаа хэзээ нөхөж дуусах вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Ингээд үзэхээр багшаар сурах элсэлтийн асуудлыг ярихад төвөгтэй. Харин өнгөрөгч 2 жилийн хугацаанд багшийн  цалинг сайн нэмсэн. Цэцэрлэгийн багш нарын цалингаа ч нэмлээ. Багш нарын VII их хуралаа ч хийлээ. Энэ бүхэн манай сургуулийн элсэлтэд сайнаар нөлөөлж байгаа.

 

         -МУБИС-д тэтгэлгээр сурах боломж маш их байдаг гэж сонссон. Ямар ямар тэтгэлгүүд байдаг вэ?

       -ЭЕШ-даа өндөр оноо авсан бол ЗГ-ын нэрэмжит тэтгэлэг, захирлын нэрэмжит тэтгэлэг, “Хаан банк”-ны тэтгэлэг зэрэг нийт 8 төрлийн тэтгэлгээр манай сургуульд сурах боломжтой. Өндөр оноотой хүүхдүүд багш мэргэжлийг сонгож орж ирэх юм бол улсын тэтгэлэг олгож байгаа. ЭЕШ-ийн  650-аас дээш оноотой бол улсын тэтгэлэгт хамрагдана. 750-иас дээш оноотой бол 100 хувь тэтгэлэгтэй сурах боломжтой. Цаашлаад дадлага хүртэл тэтгэлэгтэй. Тиймээс дунд сургуулиа  төгсч байгаа хүүхдүүд манай сургуулийг зориод ирээрэй. Сургууль маань нэлээд хөгжсөн байгаа.

 

        -Дадлага нь бас тэгэлэгтэй хэрэг үү ?

     -Тэгэлгүй яахав. Улсын хэмжээний багш бэлтгэдэг сургууль учраас тэтгэлэгтэй дадлага хийлгэдэг. Багшийн дадлага нь: Судлах, танилцах, туршин заах, заах гэсэн 4 үе шаттайгаар явагддаг тул нэлээн ажиллагаатай л даа. Тиймээс дадлага удирдсан багшид урамшуулал олгодог. Урьд нь багш нар гар хөлийн үзүүрт зарах, журнал хөтлүүлэх зэргээр жинхэнэ заах аргыг эзэмшүүлдэггүй байсан. Урамшуулалтай болоод ирэхээр өөр байдаг л даа. Дадлага удирддаг багш нартайгаа бид жилдээ 2-3 удаа уулзаж, хүүхдүүдтэй ажиллахад, ямар ямар асуудлууд тулгарч байна, цаашид юун дээр анхаарах вэ? гэдгээ хэлэлцэж, уулзалт семинар зохион байгуулдаг. Өнгөрсөн жилээс бид, 12 дугаар ангийн багш нартай сургууль сурталчилгааны гэрээ байгуулсан. Энэ нь элсэлтийн тоог нэмэгдүүлэхээс гадна багшийн  мэргэжлийг, сурталчилан таниулах олон талын ач холбогдолтой ажил болсон. Ер нь МУБИС багш бэлтгэдэг дэлхийн бусад сургуулиудаас хоцрохгүйг хичээдэг. Сургалт судалгаа, боловсон хүчин гээд аль ч талаараа гологдохгүй гэдгийг итгэл дүүрэн хэлнэ.

 

           

      -МУБИС-ийн гадаад харилцаа ямар вэ?

      -Гадаад харилцаа сайн шүү. Нийт 26 улсын 86 сургуультай хамтарсан судалгаа хийж, оюутан солилцоо, багш солилцооны хөтөлбөрөөр өргөн  хүрээнд хамтран ажиллаж байна. Хамгийн дэвшилттэй үр дүнтэй ажиллаж байгаа нь Өвөрмонголын багшийн их сургууль. Тус сургуультай 2+2 хөтөлбөрөөр 4 дэх жилдээ хамтран ажиллалаа. Өвөрмонголдоо монгол хэл дээр сургалтаа явуулдаг сургуулиудтай бид түлхүү хамтран ажилладаг. Монголд суралцана гэдэг тэдний хувьд нэр хүндийн асуудал юм билээ. Өвөрмонголдоо 2 жил сураад, МУБИС-д 2 жил сурна. Энэ хөтөлбөрөөр сүүлийн дөрвөн жилд 200-аад хүүхэд манай сургуулийг төгслөө. Хамгийн гол нь хоёр сургуулийн дипломтой төгсөнө. Гэх мэтчилэн хамтарсан хөтөлбөр манайд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна.

Мөн 2+1 магистрийн хөтөлбөр байна. Өөрийн сургуульдаа 2 жил, монголд 1 жил сураад, 2 сургуулийн дипломтой төгсөнө. Хүндээ ч, сургуульдаа ч ашигтай хөтөлбөр юм. Гадаад  харилцаан дотроо хамгийн том ололттой тал  нь энэ.

 

  ДЭЛХИЙН ТОМ ГҮРНИЙ БАГШИЙН СУРГУУЛИУДТАЙ МУБИС ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

 

   -Тухайн улсад очиж суралцахаар төлбөрийн хувьд ямар байдаг вэ. Улс улсаасаа хамаараад өөр өөр байх уу?

  -Өөр өөр байна. Бид Уралийн холбооны их сургууль, мөн 1854 онд байгуулагдсан Москвагийн багшийн их сургуулиудтай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан. Бага ангийн багш, цэцэрлэгийн багш, орос  хэл, сэтгэл судлал  гэсэн 4 чиглэлээр багш  бэлтгэх зорилготой юм. Хоёр жил танайд юу үзэх вэ? хоёр жил манай сургуульд юу үзэх вэ гээд хөтөлбөрүүдээ тохиролцсон. Хамгийн гол нь төлбөрийн хувьд асуудалтай байна. Монголдоо 2 сая 500-аад мянган төгрөгөөр сурах боломжтой бол, Орост нэлээн өндөр төлбөр төлөх болоод байна. Тэгэхээр бид ерөнхийлөгч Путиний тэтгэлэгт хамруулья гэсэн санлыг Оросын талд тавьсан. Гэтэл корона гараад нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Монголд л Орос хэлийг сүүлийн жилүүдэд орхигдуулаад байгаа болохоос  орос  бол манай мөнхийн хөрш шүү дээ. Оросын боловсролын салбарын сургалт мундаг ш дээ. Явж явж кембриджийн хөтөлбөр, системээ оросоос  хуулсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Дэлхий  явж явж эхний  байрандаа ирдэг гэдэг шиг, эргээд Оросын сургалтын систем рүү ирж байна. Тиймээс манай сургууль ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн дэлхийн хамгийн том гүрнүүдийн сургуулиудтай хамтын ажиллагаатай байна. Хятад, Орос, Америк, Солонгос, Япон зэрэг хөгжсөн орны томоохон сургуулиудтай  хамтран ажиллаж байна.

 

   -  Хятадууд кунзийн сургаалиа даган мөрдөөд чиг шугамаа болгоод  явдаг шүү дээ. Түүнтэй адил Монголчуудад маань даган мөрдөх үндэсний сургааль байх ёстой юм шигээ. Хүүхдүүдээ багаас нь, хүмүүжил төлөвшилд нь суулгах сургаальтай болвол, ирээдүй хөгжилд ч хэрэгтэй байх?

     -Чингисийн сургаалиараа явахад Монголд болохгүй юм байхгүй. Нууц товчоо болон гол гол түүхэн судруудаа эмхлээд, зохион байгуулаад явахад нээлттэй шүү дээ. Гол нь санаачлаад хийх хэрэгтэй. Оросууд Пушкинээрээ орос хэлээ сурталчилан таниулдаг шиг. Манай сургуульд бол үндэсний сэтгэлгээний түүх нэртэй, заавал сурах ёстой  хичээл байдаг. Дээр үеийн Монгол Улсын үзэл баримтлалын гол гол зарчмуудыг оруулсан байгаа. Ямарч улс оронд үндэсний үнэт зүйл байх ёстой. Зарим нэг хүмүүсийн ярьдаг шиг манайд  коммунизм байгаагүй гэж би хувьдаа боддог. Коммунист үзэл суртал ч  байгаагүй шүү дээ. Коммунист нам ч гэж байгаагүй. Нэлээд сайжруулсан социализм  буюу хөдөлмөрлөснийхөө  хэрээр  амьдардаг төртэй байсан. Энэ нь нийгмийнх нь үнэт зүйл байсан. 1990 оноос хойш түүнийгээ гаргаж ирж чадаагүй. “Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг бүтээнэ” гээд үндсэн хуулиндаа оруулсан байгаа. Үгний  хувьд бол сайхан үг. Монголын онцлогийг тодотгосон хүмүүнлэг ардчилсан нийгэм байх ёстой. Монголын онцлог гэхээр ижилсэл ба ондоошил гэсэн онлууд яригдана. Угтаа бол өөрийн онцлог дээр тулгуурлаж хөгжинө үү гэхээс гадны улс орныг хуулж аваад түүндээ тулгуурлаж хөгжинө гэж байхгүй. Өөртөө дотоододоо байгаа мөн чанартаа тулгуурлаж хөгжих учиртай юм. Үүнтэй холбоотой монгол ондоошлын асуудал яригдаж байгаа. Монголын онцлогтой ардчилал гэж юу байх ёстой юм. Ардчилал бол хамгийн сайхан зүйл бишээ. Гэхдээ  хүн төрөлхтөн одоохондоо үүнээс илүүг олж чадаагүй байна. Зүгээр барууны сонгодог парламентийн системээр яваад байгаа болохоос, ардчилал монголд ямар онцлогтой байх вэ гэдгийг  хийж чадаагүй. Шинэчлэн батлагдсан үндсэн хуульд орсон өөрчлөлтүүд манай  онцлогруу дөхсөн гэж би хувьдаа харж байгаа.

 

Цаг зав  гарган ярилцсан танд баярлалаа.