Дэлхий нийтэд  тархаад буй “COVID-19” цар тахалтай тэмцэхэд дэм болох зорилгоор Монгол-Япон хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн сургалтын хөтөлбөрүүдэд суралцаж буй оюутнуудын эцэг эх санаачлан “#Сайхан_сэтгэлийг_түгээе”  хандивын уриалга өрнүүлж, нийт 10,000,000 /Арван сая/ төгрөг цугларсныг өнөөдөр Монгол Улсын онцгой комисст гардуулан өглөө.

Хандив гардуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй албаны хүмүүс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Инновацийн хэлтсийн дарга, Улсын онцгой комиссын гишүүн Д.Одгэрэл, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай, гэрээ, эрх зүй, хуулийн ажилтан Д.Баяраа, захиргааны ажилтан А.Давааням болон тус хандивыг санаачилсан төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийн оюутан А.Тамирын ээж Д.Даваасүрэн, Коосэн сургалтын хөтөлбөрийн Япон хэлний багш Киёоми Ниши нар оролцлоо. 

Төслийн зохицуулагч Д.Намсрай  “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрт хамрагдан Япон Улсад суралцаж 2020 оны 04 дүгээр сард төгссөн нийт 67 төгсөгч энэ сард эх орондоо ирлээ. Тэд Ковид-19 цар тахалтай холбоотой нөхцөл байдлаас үүдэн Япон Улсаас эх орондоо ирж чадахгүй байсан юм. Бид төгсөгчдийнхөө эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс боломжтой бүхий л арга хэмжээг цаг тухай бүрт авч шуурхай ажилласан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамаараа дамжуулан Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлсний дагуу 06-р сарын 11 болон 20-ны өдрүүдийн нислэгт манай оюутнуудыг багтаан эх оронд нь авчирсанд гүн талархал илэрхийлж байна. Оюутнуудын гэр бүл энэ асуудлыг та бүхэнд заавал дамжуулахыг хүссэн” гэлээ.

 

 

 

 

Эх сурвалж:  БСШУСЯ