Л.Жаргал

“Elselt.mn” энэ удаагийнхаа зочноор Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Б.Батцэнгэлийг урьж ярилцлаа. 

  -Танай сургууль байгуулагдаад удаагүй ч монголын их дээд сургуулиуд дундаа аль хэдийнээ өөрсдийн  байр суурийг олж авчээ. Герман гэхээр хамгийн түрүүнд хариуцлага, чанар гэсэн ойлголт төрж байна. Анх үүсгэн байгуулагдсан зорилго юу байв?

 

 -Германы канцлер Ангела Меркелийн 2011 онд Монголд хийсэн айлчлалын үеэр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулмаар байна” гэсэн хүсэлт тавьсан. Энэ дагуу хоёр улсын Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан судалгаа хийж, 2013 онд Засгийн газрын тогтоолоор сургууль маань байгуулагдаж бэлтгэл курсээ эхлүүлсэн.

    Бид Германы инженерийн боловсролыг Монголын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нутагшуулж, хэрэгжүүлэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэн, инженерийн чиглэлийн загвар их сургууль болох зорилготой. Үүнтэй холбоотойгоор, сургалтын хөтөлбөр боловсруулах арга аргачлал, соёлыг германчуудаас суралцаж, эзэмшсэн гэж хэлж болно.

    Германы инженерийн боловсрол нь дадлагад суурилдаг учраас, мэргэжлийн чиглэл рүү орохоос зургаан долоо хоногийн суурь дадлага хийх, нэгдүгээр курсээ төгсөхдөө англи хэлний С1 төвшний мэдлэгтэй болсон байх шаардлагатай байдаг. Эхний хоёр жилд инженерийн суурь мэдлэгийг маш сайн олгодог. Манай хөтөлбөрүүдийн онцлог гэвэл, бүх хичээл англи хэл дээр ордог төдийгүй, инженерийн суурь мэдлэгийг сайн олгож, дадлагад суурилсан байдгаараа давуу талтай.

      Манай оюутнууд 3-4 улирал суралцаад, мэргэжлийн хөтөлбөр рүү орохдоо, байгууллагууд дээр 14 долоо хоног буюу гурван сар гаруй хугацаанд дадлага хийдэг. Энэ хугацаандаа инженерүүдийг дагалдаж, инженерийн шийдэл, асуудалтай тулж ажилладаг. Ингэснээрээ жижиг асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэхээс гадна, цаашид үргэлжлүүлэн бакалаврын судалгааны ажил болгодгоороо онцлогтой. Ер нь бакалаврын ажлуудын нэлээдгүй хувь нь үйлдвэртэй хамтарсан, шийдэл гарц гаргалгаа хайсан бүтээл байдаг.

 

       

     -Хэлний мэдлэг өндөр байна гэдэг гадны зах зээлд боломж нээгдэх давуу талтай. Мөн орчин үеийн чадварлаг ажилтны гол шалгуур болох хувь хүний хөгжлийн талын ойлголтыг хэрхэн олгодог вэ?

 

 -Бакалаврын сургалтын хөтөлбөрүүд Европын кредит солилцооны системд суурилан боловсруулагдсан. Хичээлүүд нь англи хэлээр явагддаг учраас дээд боловсролд анхны шинэ туршлага болсон. Дан ганц Англи хэл биш бас Монгол хэлний хичээл орж, монголоор албан бичиг төлөвлөхөөс эхлээд шаардлагатай бичгийн чадваруудыг олгодог. Төгсөгчдийн хувьд мэргэжлийн мэдлэг, ур чадвараас гадна хэлний өндөр түвшний мэдлэгтэй болдгоороо давуу талтай юм.

     Ингэснээр гадны хөрөнгө оруулалттай компанид ажиллах, гадаадын мэргэжилтнүүдтэй олон улсын түвшинд харилцах бүрэн боломжтой. Мөн орчин үеийн ур чадвартай ажилтны хамгийн гол шалгуур болох хувь хүний хөгжлийг хөтөлбөрүүддээ шингээж өгсөн. Нэг ёсондоо инженер хүн ямар асуудалтай тулгардгаас эхлээд бүх мэдлэг, чадварыг анхнаас нь цогцоор олгоод явдаг. Ингээд дөрөв дэх жилдээ буюу 8-р улиралд төгсөлтийн судалгааны төслийг багаараа хийж гүйцэтгэдэг.

     Оюутнууд маань “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэт” ХК үйлдвэр зэрэг дотоодын томоохон үйлдвэрүүдийн бодит асуудалтай нүүр тулж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийн, шийдлийг үйлдвэрт танилцуулдаг. Мөн гадаадын хамтрагч сургууль АНУ, Германы оюутнуудтай хамтран гадны жишээг судалж, олон улсын түвшинд багаар ажиллаж сурдаг. Ийм хэмжээний ажлыг хийгээд төгсч байгаа учраас асуудлыг шийдвэрлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, багаар ажиллах, ачаалал даах, харилцааны ур чадваруудыг эзэмшиж мэдлэг, туршлагатай болж төгсч байна.

      Өөрөөр хэлбэл, бид Герман боловсролыг маш сайн эзэмшсэн, өндөр түвшний мэргэжилтнүүдийг Монголд бэлтгэж байна. Хоёр удаагийн төгсөлтөөс харахад: Манай оюутнууд 100 хувь ажлын байртай болсон. Монголын томоохон уул уурхайн болон үйлдвэр технологийн компаниудад уригдан, ажиллаж байна. Эндээс оюутнуудын маань чадвар харагдана.

 

“ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ЭРЭЛТТЭЙ БАЙГАА, МЭРГЭЖЛҮҮДЭЭР БИД СУРГАЖ БАЙНА”

 

       

    -Их, дээд сургуулиуд хотхон хэлбэрээр хөгжих нь илүү үр дүнтэйг гадны туршлага харуулж байна. Танай сургууль монголдоо анх удаа кампус маягаар хичээлээ явуулж байна. Давуу тал их байдаг уу?

   

-Суралцах, амьдрахаас эхлээд бүх зүйл нэг дор байх нь: Дээд боловсрол олгоход өндөр ач холбогдолтой л доо. Яг хотхон хэлбэрээр хөгжиж байгаа анхны сургууль нь манайх гэж хэлж болно.

     Сургуулийн байрандаа 200 гаруй оюутан байрлах боломжтой. Аав, ээжээсээ холдож үзээгүй, бүх зүйл нь бэлэн байсан хүүхдүүд, оюутны байранд амьдарна гэдэг хамгийн том сорилт юм билээ. Хүүхдүүдтэй учраа олж хамт амьдрах, хоол ундаа зохицуулах, гэрээ цэвэрлэж, хувцсаа угаахаас эхлээд нийтийн орчинд амьдарна гэдэг зарим хүүхдэд амаргүй байдаг.

          Харин тэр бүхнийг давж төгсөхдөө “хүн” болоод гардаг гэдгийг манай төгсөгчид их ярьдаг. Нэг ёсондоо зөвхөн мэдлэг боловсрол олгохоос гадна бие дааж сургах, хүн болох чадварыг олгох нь маш чухал гэдгийг харуулж байна. Хүнийг зөв төлөвшүүлж, чиглүүлэхэд их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх нь илүү үр дүнтэй юм. 

 

       -Энэ жилийн хувьд коронагаас шалтгаалаад төгсөлт, элсэлтийн шалгалт онцлогтой болж байна. Ийм нөхцөлд элсэлтээ хэрхэн авч байна вэ?

 

-Манайх инженер технологийн сургууль учраас математик суурьтай элсэлтээ авдаг. Математик, физикийн оноо 600-аас дээш байж бакалаврын ангид орох боломжтой. Харин математикийн 550 оноотой бол инженерийн бэлтгэл хөтөлбөрт элсэнэ. Англи хэлний элсэлтийн шалгалтыг мөн адил инженерийн бэлтгэл хөтөлбөрт 550 болон бакалаврын хөтөлбөрт 600, оноотой байхаар тогтоосон.

     Энэ жилийн хувьд коронавирустай холбоотойгоор, ЕБС-ийн хичээл зайнаас орсон тул, ЭЕШ-ын оноо ямар төвшинд байхыг мэдэхгүй байна. Бусад их, дээд сургуулиудын хувьд ч мөн адил энэ бүхэн нэлээн санаа зовоож байгаа асуудал юм.

Манай сургуулийн онцлог давуу тал нь, бакалаврын ангид элсэх оноонд хүрээгүй хүүхэд нэг жил инженерийн бэлтгэл ангид сурч, өөрийгөө бэлдээд үргэлжлүүлэн суралцах боломжтой.

 

   

  -Сургалтын төлбөр, тэтгэлгийн хувьд ямар ямар давуу тал, боломжуудыг олгодог вэ?

 

-Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан учраас Германы тэтгэлгүүд манай сургууль дээр хэрэгждэг. Мөн сургуулийн нэрэмжит тэтгэлэгтэй. Германы эрдмийн солилцооны алба /ГЭСА/-ны тэтгэлгийг 1-3 курсын 20 гаруй оюутанд олгодог. Сар бүр 200 евро болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт болох 2500 еврогийн тэтгэлэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд маань цалинтай сурч байна гэсэн үг.

     Сургуулийн нэрэмжит тэтгэлгийн хувьд элсэлт, голч оноо, нийгмийн идэвхийг харгалзан, сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөс гадна 50 хувийн хөнгөлөлт олгодог. Мөн компанийн нэрэмжит тэтгэлгүүд бий. Улсаас олгодог сургалтын төлбөрийн зээл, тусламжуудад ч хамрагдах бүрэн боломжтой. Ер нь оюутнуудын маань 40 гаруй хувь нь тэтгэлэгт хамрагдаж хөнгөлөлттэй суралцаж байна. Сургуулийн зүгээс ч аль болох тэтгэлэгт  хамраахыг чармайн ажилладаг.

 

      -Зарим сургуультай харьцуулахад шалгуур өндөр учраас элсэгчдийн тоо цөөн байдаг уу?

 

-Элсэлт шалгуур өндөр учраас, цөөн оюутан авдаг. Өрсөлдөөн ч их шүү. Математик, физиктээ сайн байлаа ч, англи хэлний мэдлэг хангалтгүй бол элсэх боломжгүй. Гэхдээ инженерийн чиглэлээр суралцах зорилго тавиад, зөвхөн манай сургуулийг зорьж ирж байгаа хүүхдүүдийн тоо жил ирэх тусам өссөөр байна.

         Бид механик инженер, уул уурхайн боловсруулах инженер, хүрээлэн буй орчны инженер, эдийн засагч инженер, цахилгаан эрчим хүчний инженер, мехатроникийн инженер гэсэн бакалаврын 6 хөтөлбөртөө элсэлт авч байна. Сүүлийн үед эрчим хүч, цахилгаан болон мехатроникийн инженерүүд нэлээн эрэлттэй байгаа. Үйлдвэрүүдээс захиалга тасралтгүй ирж байна.

         Манайд бэлтгэж авч буй бүх мэргэжлүүд, орчин үед хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүдийн тоонд орж байна. Тэгэхээр Дэлхийн зах зээл дээр ч эрэлттэй байна гэсэн үг. Мөн мехатроник буюу үйлдвэрийн автоматжуулалт хөтөлбөртөө IT чиглэлийн хичээлүүд түлхүү ордог болохоор, IT –аар суралцах хүсэлтэй хүүхдүүд элсэн орох сонирхол их байдаг.

 

“МОНГОЛДОО ТӨДИЙГҮЙ, АЗИДАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ТЭРГҮҮЛЭХ СУРГУУЛЬ БОЛНО

 

       

      -Магистр, докторын ахисан түвшний мэдлэг олгохоос гадна төгсөөд германд суралцах боломж хэр байдаг вэ?

 

-Нэгдүгээр курсын оюутнуудаас Герман руу зуны сургалтад явуулдаг. Мөн төгсөх курстээ тэтгэлэгт хамрагдаж, оюутан солилцоогоор Германд суралцах боломжтой. Герман, Монголын Засгийн газраас баримталж байгаа бодлого бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерийг Монголд бэлтгэх юм. Гадаадад суралцана гэдэг амьдрах зардал, сургалтын төлбөрөөс эхлээд өртөг маш өндөр.

      Манай сургуулийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдсэн учраас Засгийн газрын бодлогын дагуу Монголдоо дэлхийн түвшний боловсролыг олгож чадаж байгаа гэж бид үздэг. Төгсөгчдийн диплом Герман болон олон улсад хүлээн зөвшөөрөгддөг учраас ахисан түвшний сургалтад хамрагдаж, ажилд орох нь нээлттэй. Үүнээс гадна манай байгууллага БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд чанарын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байна

       Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны менежментийн магистрын хөтөлбөртэй. Мөн Германы Фрайбергийн технологийн их сургууль, Авсийн Лөбений их сургуультай хамтарсан хөтөлбөр бий. Ирэх жилийн өвлийн семестрээс судалгаанд суурилсан магистрын шинэ хөтөлбөр эхлүүлэхээр бэлтгэж байна. Барууны их дээд сургууль судлаач оюутныг элсүүлэн профессорын судалгааны ажил, төсөлд ажиллуулдаг загварыг нэвтрүүлнэ. Тэгэхээр судалгаанд зарцуулах цаг харьцангуй их гэсэн үг.

       Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Германы хамтрагч их, дээд сургууль болох, Аахений технологийн, их сургууль, Фрайбергийн технологийн их сургууль, Котбусын их сургууль, Дармштатын их сургуулийн профессорууд, ГЭСА-тай хамтран нэлээдгүй хугацаанд судалсны үр дүнд, ирэх жилээс хэрэгжиж эхлэх гэж байна. Энэхүү хөтөлбөрт суралцсанаар, аливаа техник, технологи, үйлдвэрлэлийн асуудлыг, шийдвэрлэх мэдлэг, аргазүйд суралцана.. Монголын их, дээд сургуулиуд судалгаанд суурилсан их сургууль болон хөгжих гэж байгаа цаг мөчид, судалгаанд суурилсан магистрын хөтөлбөр маш чухал ололтыг авчирна гэж найдаж, том үр дүнг бид хүлээж байгаа.

 

 

 -Сургуулийн чанарыг төгсөгчдийн ажлын байраар хэмждэг. Мэдээж сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд багшлах боловсон хүчний асуудал давхар яригдана?

 

Зарим төгсөгчид маань “Оюутолгой” ХХК, “МАК” групп, “Энержи ресурс” ХХК, “Мера” ХХК зэрэг томоохон компаниудаас ажлын санал авч, төгсөөд шууд ажилд ордог бол, зарим нь магистрт үргэлжлүүлэн суралцах тохиолдол ч бий. Төгсөгчид маань, төгссөнөөс хойш эхний зургаан сардаа, мэргэжлийн чиглэлээрээ ажилд орсон байх, зорилгыг бид тавьдаг. Үүнийгээ ч бүрэн дүүрэн биелүүлж чадаж байгаа. Багш боловсон хүчний тухайд, Германы сургуулиудаас, богино хугацааны багш, профессорууд ирж хичээл ордог.

    Германы Засгийн газар, эрдмийн солилцооны албаны журмаар 2-3 жилээр урт хугацаанд ажиллахаар ирсэн гурван багштай. Цаашид бид Монгол багш нараа Германы зочин профессоруудын хэмжээнд бэлтгэхийг зорьж байна. Багшийг дагалдан суралцах хөтөлбөрийн хүрээнд багш нараа герман профессоруудыг дагалдуулж мэдлэг, ур чадвар, заах аргазүйгээс нь суралцаж, туршлага хуримтлуулах боломжийг тэдэнд олгож байна.

 

       

-Танай сургууль алсдаа ямар сургууль болж төлөвших амбицтай байгаа вэ. Алсын хараанаасаа хуваалцаач?

   

-Бид Монголдоо төдийгүй, Азидаа инженерийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэх сургуулиудын нэг болох зорилготой ажиллаж байна. Анхнаасаа үүсгэн байгуулагдсан зорилго маань, инженерийн чиглэлээр Германы сургалт, судалгааг Монголдоо нутагшуулж, инженерийн боловсролд загвар сургууль болох билээ. Иймээс алхам тутамдаа, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүрдээ загвар  байхыг хичээж ажилладаг.

 

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.