МУИС-ийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар дундын судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрийн нээлт  4 дэх жилдээ амжилттай эхэллээ.

 

 

2019 оны 10 дугаар сард МУИС нь Рио Тинто Монгол компанитай гарааны компанийн хөтөлбөрийг дэмжих, оюутныг дадлагажуулах, цуврал лекц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн энэхүү санамж бичгийн хүрээнд 2017 оноос хойш амжилттай хэрэгжиж буй МУИС-ийн Стартап Лаб хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх гэрээ МУИС-Рио Тинто Монгол компанитай байгуулсан. Гэрээний дагуу  2020 оноос эхэлж тус хөтөлбөрийн үйл ажиллагаанд Рио Тинто Монгол компаниас 3 жилийн хугацаанд жил бүр 30 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.

Энэ жил “Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрийн бүртгэлийг  2020 оны 5 дугаар сард  эхлүүлж нийт 11 багийн 79 багш, оюутан бүртгэгдэж сургалт, менторын үйлчилгээнд хамрагдаж байна.

Мөн хөтөлбөрт МУИС-ийн Бизнесийн Сургууль, Бизнес Консалтинг төв, БСШУСЯ-ны Инновацийн хэлтэс, Оюуны Өмчийн Газар, бусад мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд болон БС-ийн дэд проф.Б.Батдэлгэр, TomYo, AND Global, Lend MN, Biznetwork-ийн үүсгэн байгуулагч, энтрепренёр  В.Баярсайхан, “Старт Централ Азиа ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн, “Азума Шиппинг Монголиа ХХК”-ийн захирал Ч.Чинзориг нар сургалт, менторын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

 

 

Хөтөлбөрийн нээлтэд МУИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, БС-ийн Бизнес консалтинг төвийн захирал Ө.Гэрэлт-Од, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн болон “Рио Тинто” компанийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал, Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Ц.Ганзориг болон хөтөлбөрт хамрагдаж буй гарааны компанийн багийн төлөөллүүд оролцлоо.

 

 

Арга хэмжээг нээж МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал хэлсэн үгэндээ : “Багш, оюутны стартап 2020” арга хэмжээг МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төв 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд байгалийн ухаан, инженерчлэлийн салбараас оролцогчид түлхүү орж байсан бол энэ жил нийгэм, хүмүүнлэгийн салбарын залуу судлаачдын оролцоо ихээхэн идэвхижсэн. Мөн тус хөтөлбөрийн үндсэн сургалтад инновацийн экосистемд оролцогч  талуудын төлөөлөл, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж буй энтрепренёрүүдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд багш оюутнууд хамтран олон шинэ бүтээлч санаачлага дэвшүүлж, оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулахыг зорин  хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж багуудад амжилт хүслээ.

 

 

“Рио Тинто” компанийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал хэлсэн үгэндээ. “Рио Тинто дэлхийн шилдэг тэргүүний техник технологи, арга барилыг Монгол Улсад нутагшуулахаас гадна дэлхийд өрсөлдөхүйц Монгол мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахад ямагт анхааран ажилладаг билээ.  Монгол Улсын хувьд бид ууган их сургуультайгаа хамтран энэхүү Старт ап төслийг  дэмжин ажиллаж, бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байгаад сэтгэл өндөр байна. Энэ жилийн уралдаанаас олон шинэлэг санаа төрөн гарч, зах зээлд амжилттай өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байна”  гэв.

“Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон оролцогч багуудын танилцуулгыг Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн танилцуулсан ба хөтөлбөрт оролцогч 11 багийн төлөөллүүд байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлал, мэдээллийн технологи, электроник, санхүүгийн цахим мэдээлэл ба финтек, эрхзүйн зөвлөгөө үйлчилгээ зэрэг гарааны компанийн төслийн бизнес санааны танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Инноваци, технологи дамжуулах төв