Коронавирусийн цар тахал гарсантай холбоотойгоор Айви Лиг гэгддэг АНУ-ын шилдэг их сургуулиуд 2021 оны элсэгчдэдээ тавих шаардлагаа буурууллаа. Тодруулбал, Харвард, Дартмут, Корнелл, Колумбия, Пенсильвани, Принстон, Йел, Брауны их сургуулиуд ирэх жил өргөдөл гаргах оюутнуудаас SAT болон ACT оноо шаардахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Тухайлбал, Харвардын их сургуулиас гаргасан мэдэгдэлд "КОВИД-19 цар тахлын улмаас оюутнууд, тэр дундаа эдийн засгийн боломж тааруу хүмүүсийн хувьд шалгалтаа өгөхөд ихээхэн хүндрэлтэй байгааг бид бүхэн ойлгож байна. Иймд сургуулиас гаргасан түр хугацааны өөрчлөлт сорилт бэрхшээлийг даван туулахад тус болно гэдэгт найдаж байна" гэжээ. Түүнчлэн SAT болон ACT шалгалтын оноо нь элсэгчдийг шалгаруулж авахдаа хардаг зөвхөн нэг шалгуур гэдгийг дурдаад элсэлтийн явцад хичээл, сурлагын үзүүлэлтээс гадна сургуулиас гадуурх үйл ажиллагаа, сайн дурын ажил, нийгмийн идэвх оролцоо хэр байсныг харгалзан үзнэ гэжээ. 

Түүнчлэн дөрвөн жилийн сургалттай Америкийн коллеж, их сургуулиудын талаас илүү хувь нь ирэх жилийн элсэгчдээсээ SAT болон ACT оноо шаардахгүй гэж FairTest байгууллагаас гаргасан мэдээлэлд дурджээ. FairTest нь их сургуульд элсэхэд стандарт шалтгалтын оноо шаарддаг жишгийг эсэргүүцдэг, ашгийн бус байгууллага юм. Одоогоор энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна. 

Өнгөрсөн гуравдугаар сард SAT, ACT шалгалтыг зохион байгуулдаг коллежийн зөвлөл КОВИД-19 тархалтыг хязгаарлах зорилгоор бүх шалгалтуудаа зургаадугаар сар хүртэл авахгүй болсноо мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: Insider