АНУ-д суралцаж буй гадаад оюутнуудтай холбоотой зарим баримтуудыг хүргэж байна.

 

 

АНУ-д 1.1 сая гадаад оюутан суралцаж байна

Open Doors байгууллагын 2019 оны тайланд дурдсанаар, 2018-2019 оны хичээлийн жилд АНУ-ын 8700 гаруй сургуульд нийтдээ 1,095,299 оюутан суралцаж байна гэжээ. Түүнчлэн гадаад оюутнууд 2019 онд АНУ-ын эдийн засагт 40 тэрбум долларын орлого оруулж, 2018-2019 онд 460 мянган ажлын байр бий болгожээ.

Энэ долоо хоногт шинээр гарсан дээрх журам хэчнээн оюутанд нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

 

 

АНУ-д суралцдаг гадаад оюутны тоогоор БНХАУ тэргүүлдэг

 

БНХАУ, Энэтхэг, Өмнөд Солонгос тэргүүтэй улсууд АНУ-д суралцаж буй оюутнуудынхаа тоогоор тэргүүлж байна. Тухайлбал, өмнөд хөршийн оюутнууд тус улсад суралцаж буй нийт оюутнуудын 43 хувийг дангаараа эзэлжээ.

 

 

 

2018 онд F1, M1 визтэй 1.6 сая хүн байжээ

Оюутан, Солилцооны Зорчигчдын Мэдээллийн Систем (SEVIS)-ээс харвал 2018 онд АНУ-д F1, M1 визтэй 1.6 сая хүн байжээ. Үүний 85 хувийг бакалавр, магистр болон докторын зэргийн хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд бүрдүүлжээ.

Дашрамд дурдахад: 

F-1 виз нь оюутны визний хамгийн түгээмэл ангилал бөгөөд АНУ-д итгэмжлэгдсэн сургууль, коллеж, их дээд сургууль, хувийн дунд сургууль, англи хэлний хөтөлбөрт суралцахыг хүсэгчдэд олгодог виз юм.

Харин АНУ-д техник мэргэжлийн сургалт, дадлагад хамрагдахаар бол M-1 визийг мэдүүлдэг. 

 

 

АНУ-д 2900 гаруй монгол оюутан суралцаж байна

Олон улсын боловсролын салбар дахь зах зээлийн судалгаа, шинжилгээ хийдэг ICEF Monitor байгууллагаас мэдээлснээр 25 мянга гаруй монгол оюутан гадаад улсад суралцаж байна гэжээ. Үүнээс 2915 оюутан нь АНУ-д суралцаж байна. 

 

 

Америкийн их сургууль, коллежууд танхимын сургалтуудаа цуцалж байна

 

АНУ-д суралцаж буй гадаад оюутнууд нутаг буцах эсэх нь их сургууль, коллежуудын гаргах шийдвэртэй шууд холбоотой юм. Гэвч сургуулиуд эхнээсээ онлайн хөтөлбөр лүү бүрэн шилжих, танхимын сургалтыг цөөрүүлэх, семестрийн хугацааг богиносгох зэрэг арга хэмжээ авч байна. Тухайлбал, Калифорни мужийн их сургуулиуд энэ намар танхимын сургалт явуулахгүй гэсэн бол Харвардын их сургууль 2020-2021 оны хичээлийн жилд нэгдүгээр курсын оюутнуудын кампуст авчрах боловч сургуулийн бүх хичээл онлайнаар явагдана гэж мэдэгджээ. Гэвч сургалтын төлбөрт төдийлөн өөрчлөлт орохгүй гэнэ.

Тавдугаар сард зургаан мужийн их сургуулиуд ирэх намар танхимын сургалт явуулахаар төлөвлөж байна хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ энэ нь цар тахлын хоёр дахь давлагаа болон мужууд хөл хориогоо сулруулах эсэхээс шалтгаалах юм. 

Эх сурвалж: CNN, Open Door, ICEF Monitor