Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуульд монгол хэлний мэргэжилтэн бэлтгэхээр болжээ. Монгол хэлийг Москва, Санкт-Петербургийн цөөн их сургуульд заадаг. Харин Хэл шинжлэлийн их сургууль нь Монгол хэлний анги, тэнхимтэй ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шууд харьяаны анхны сургууль болно.
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд яам, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургууль хоорондын зөвлөлдөх уулзалт энэ сарын 29-нд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн төв байранд болсон байна.
Уулзалтын үеэр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч захирал Е.М.Горожанкина “Монгол хэл, Монголын түүх, соёлыг өндөр түвшинд мэддэг мэргэжилтэн бэлтгэх шаардлага байна. Монгол хэлний мэргэжилтэн бэлтгэх асуудал дээр талуудын санаачлага нэгдэж, Орост төдийгүй Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орон зайн дахь хэл шинжлэлийн хамгийн том төвд хэрэгжих болж байгаад баяртай байна” гэж онцолсон юм.
Мөн Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн ректор, профессор И.А.Краева монгол хэлний анги нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын талаар дэлгэрэнгүй яриад уг асуудлаар сургуулийнхаа холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг, чиглэлүүдийг өгчээ.
ОХУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нар өнгөрсөн оны есдүгээр сард “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай ОХУ, Монгол Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Хоёр орны хамтын ажиллагаа харилцааны шинэ түвшинд гарлаа. Монгол Улстай ажил хэргийн нягт холбоотой ажилладаг төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд Монгол хэлтэй мэргэжилтэн шаардлагатай байгааг Оросын талаас онцолжээ.
Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн 90 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус сургуульд гадаадын 36 хэл заадаг аж. Одоогийн байдлаар тус сургуульд 19 монгол оюутан суралцдаг байна.