БШУЯ-наас есдүгээр сарын 1-нд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх болсонтой холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Хувийн өмчид суурилсан цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулиудын төлбөрийг сар, улирлаар хийж болох зохицуулалт хийх ажлыг зохион байгуулна" хэмээсэн юм.
Тодруулбал тэрээр, Бид хувийн өмчид суурилсан цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулиудын төлбөрийг уян хатан байхаар зохицуулалт хийнэ. Эцэг, эх, асран хамгаалагчид хүндрэл учруулахгүйгээр төлбөрийг сар, улирлаар хийж болох зохицуулалт хийх ажлыг зохион байгуулна. Энэ асуудлаар өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яаманд холбогдох маш олон хүсэлт ирж байсан.
БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Сургуулиуд төлбөрийг сар, улирлаар авах уян хатан зохицуулалтыг тусгах чиглэл өгсөн. Үүний хэрэгжилтийг хангахын төлөө БШУЯ ажиллах болно. Эцэг, эхэд хүндрэл үүсгэхгүйгээр төлбөрийг хуваан төлөх боломж олгохыг зорьж байна. Бид хугацаа алдахгүй, долоо хоног бүр холбогдох мэдээллийг өгсөөр байх болно.
БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх, Энэ жил 150 мянга орчим оюутан суралцана гэсэн төлөвлөгөө гаргасан. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг тухайн сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэдэг. 2020-2021 оны хичээлийн жилд бүх сургуулиуд сургалтын төлбөрөө тогтоочихсон байгаа. Сургалтын төлбөр энэ хичээлийн жилд нэмэгдэхгүй.