Б.БЯМБАЖАРГАЛ

 

Олон сарын хөл хорионы дараа бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулиуд гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле болон цахимаар хичээллэхээр болсон. Ямартай ч хичээл сургууль эхлэх болсон тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базааж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд сурагчийн дүрэмт хувцасны загварт өөрлөлт орно гэсэн ташаа ойлголт үүсээд буй. Үүнийг Нийслэлийн боловсролын газраас тодруулахад “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсанд ямар  ч өөрчлөлт орохгүй. Өмнө жилийнхтэйгээ адилхан байна.” гэсэн мэдээллийг өгсөн юм.  


Урьд жилүүдэд наадмын дараанаас л хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдаа олноор гардаг байсан бол энэ жил тун намуухан байна. Одоогоор “Торгон хийц” болон “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Батзүү” зэрэг компаниуд сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэн худалдаалж эхлээд байгаа юм. 
Мөн энэ жил коронавирусын улмаас өрхийн эдийн засаг муудсан тул сурагчийн дүрэмт хувцасны үнэд өөрчлөлт орохгүй өмнөх жилийнхтэй ижил үнээр худалдаалагдаж байгаа юм байна. Бага ангийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас дундажаар 67-91 мянган төгрөг, дунд ангийн дүрэмт хувцас 82-115 мянган төгрөг, ахлах ангийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. 

 

Сурагчийн хичээлийн цүнх 25000-129000 төгрөг

Хичээлийн дэвтэр 
12 хуудастай нь 200-230 төгрөг,
24 хуудастай 450 төгрөг, 
48 хуудастай 750-800 төгрөг, 
60 хуудастай 850-900 төгрөг, 
96 хуудастай дэвтэр 1500 төгрөг, 
А4 хэмжээтэй дэвтэр 900-2000 төгрөг

Зургийн дэвтэр 600-4500 төгрөг

Сурагчийн үзгэн бал 300-2500 төгрөг
Тосон бал 100-3000 төгрөг

Баллуур 200-6000 төгрөг

Цавуу 800-1800 төгрөг

Өнгийн харандаа 3500-6000 төгрөг

Гортиг 2500-8000 төгрөг

Шугам 1000-7000 төгрөг

Үзэгний сав 1500-12000 төгрөг

 


Тодруулбал, “Торгон хийц” болон “Бүтээлч Үйлс” компани бага ангийн эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцасыг 70000 төгрөг, эрэгтэй 91000 төгрөгөөр борлуулж байна. Харин дунд ангийн эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцасыг 108000 төгрөгөөр, эрэгтэй дүрэмт хувцасыг 112000 төгрөгөөр худалдаалж байна. Ахлах ангийн эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцасыг 138000 төгрөгөөр худалдаалж байгаа бол эрэгтэй дүрэмт хувцасыг 153000 төгрөгөөр худалдаалж байна. 


“Торгон хийц” болон “Бүтээлч Үйлс” ХК хамтран гаргаж буй дүрэмт хувцасны хүрэлцээ, өмсгөлийн сонголт одоогоор хангалттай байгаа гэдгийг хэлж байлаа. 
Харин “Шилмэл загвар” компанийн дунд ангийн эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцас 111000 төгрөг байгаа бол эрэгтэй 115000 төгрөгөөр борлуулагдаж байна. Мөн “Батзүү” Монголдоо хамгийн анх удаа нано сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэн борлуулж байгаа аж. Өмнө жилүүдэд хятад улсад үйлдвэрлэсэн хямд, чанар муутай дүрэмт хувцасыг худалдаалах тохиолдол олон гарч байсан бол энэ жил хил хаалттай учир зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийн урласан дүрэмт хувцаснууд худалдаалагдах юм байна. Мөн Ялалтын талбайд нээгдсэн үзэсгэлэн худалдаанаас өөр хичээлийн хэрэгслийн төрөлжсөн үзэсгэлэн худалдаа одоогоор гараагүй байгаа юм. Тиймээс бид томоохон худалдааны төвүүдийн хичээлийн хэрэгслийн үнэ ханшийн мэдээллийг сурвалжлан хүргэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.10 № 152 (6377)