Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжих “Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв” төслийн ажлыг эрчимжүүлж, барилгын ажлыг эхлүүлэх, холбогдох санхүүжилтыг шийдвэрлэхэд талууд анхаарч ажиллахаар санал солилцов.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Наренда Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлалын мөрөөр Энэтхэгийн талтай хамтран Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1000 багшийг англи хэлний сургалтад хамруулах тохиролцоог хийсэн. Энэ хүрээд 2016 онд нийслэл хот болон хөдөө, орон нутгийн 76 багшийг хоёр сарын хугацаатай Энэтхэг Улсад англи хэлний сургалтад хамруулсныг сайд Л.Цэдэвсүрэн дурдаад цаашид энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ.
Талууд Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Энэтхэг Улстай боловсролын гэрчилгээ, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах талаар өмнө хэлэлцэгдэж байсан санал, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай асуудлыг дахин хөндөж, харилцан санал солилцов.
Эх сурвалж: БШУЯ