Ирээдүйг мэдэхийг хүсч байвал түүхээ унш гэсэн үг байдаг. Хэн нэгний, магадгүй ээж аавынх нь ч хэлж өгөхгүй сургамжийг, ухаарлыг, бид ямархуу ертөнцөд амьдарч байгааг, хэн түүхэнд ямраар бичигдэж үлдсэнийг түүх л танд хэлж өгнө.

Орчин үеийн мэдээллийн шуугиан бидэнд зөвхөн өнөөгийн болж буй үйл явдлыг, facebook дахь сошл орчин бол хүмүүс юунд илүү их анхаарч, санаа зовж байгааг, юунд яаж хандаж байгаа тухай мэдээллийг л өгнө. Сошл орчин бол хүн бүрийн гоё, бас ухаантай харагдах гэж хичээдэг, магадгүй бодит байдлаас хол орчин. Хүмүүс юуг сонирхож байгаа, хандлага ямар байгааг багцаалахад тус болж болох ч, үйл явдал, гол учгийг “бүргэдийнх шиг өндрөөс”, эсвэл алган дээрээ тавиад харах боломжийг өгөхгүй.

Ихэнх хүмүүс, эхлэн сонирхогчид түүхэн үйл явдал, он дарааллыг цээжээр мэддэг байх ёстой гэж ойлгодог. Түүхчид, судлаачид бол харин үйл явдлын утга, уялдаа, учир шалтгааныг ойлгохыг хичээдэг. Нэг цаг үед өөрөөр ойлгогдож байсан үйл явдал баримт нотолгоогоор баталгаажих тусам илүү шинэ гэрлийн тусгалд өөрөөр уншигдах нь ч бий.

Орчин үед жуулчдын жуулчилж, өөр улс орныг зорих нэг гол шалтгаан нь тэнд болж өнгөрсөн түүхийг таньж мэдэх явдал юм. Суурин соёл иргэншилтэй, хүн ам олноор суурьшсан улс орнуудад хөшөө дурсгал бишгүй л бий. Гэвч энэ нь тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын гэрч баримт төдий. 2500 жилийн өмнөх Рамсесийн үйл явдлыг харуулсан чулуун хөшөө, 1500 жилийн өмнө баригдсан Аяа Софиа сүм, 1653 онд баригдсан Таж Махал жуулчдыг татаж буй гол шалтгаан нь тэр үед баригдаад, өдий болтол хадгалагдсан, эдгээр дурсгалуудын ард нь буй агуу түүхийг сонсох сонирхол хоёр л байдаг. Тийм ээ, түүхийг нь сонсохгүй бол зүгээр л эртний барилга төдий. Мэдээжээр бид өдгөө ч түүхийн дурсгалд зориулан хөшөө дурсгал босгож болох ч,  түүнээс хол илүү үнэ цэнэтэй түүхээ ойлгоход хавьгүй бага анхаарч байна.

Түүхийг чулуун дээр сийлж, цаасан дээр бичиж үлдээхийн гол утга учир өөрсдийн алдаанаас сургамж авч, өөрсдийн бахархал, зорилго, логикийг өвлүүлэх л явдал юм. Нүүдэлчин ахуй бидэнд суурин соёл иргэншил шиг барилга, хөшөө дурсгал үлдээх боломж олгоогүй ч бичмэл түүх нь бидэнд уламжилж ирсэн бус уу.

2015 онд бид гадны 2 эрдэмтэнтэй аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулахаар хамтран ажиллахдаа түүхээ тайлбарлаж өгсөнд тэд дуу алдаж, байгалиа хайрлаж, байгальтайгаа зохицож амьдрах, “нүцгэн” төрөөд өлгийдүүлсэн ч, явахдаа ганц ширхэг оймс ч авч чадалгүй “нүцгэн” буцдаг хорвоод “хүн” шиг байгаад буцах,зөв амьдрахын утга учрыг эрхэмлэх монголчуудын энэ философийг ойлгуулж чадвал дэлхий даяарын өнөөгийн олон асуудал шийдэгдэнэ гэж билээ. Тийм ээ, Монголд ирсэн гадныхан үүнийг л сонирхдог. Учир шалтгаан, үйл явдлын цар хүрээ, ач холбогдол, өөр сэтгэлгээ. Энэ ард түмэн ямар хүнд хэцүүг давж туулж босч, өндийж, юуны төлөө зорьж, ямар агуу түүхийг бүтээснийг сонирхдог.

Найман зууныг дамжин өртөөлсөн Монголын нууц товчоо бол Монголчуудын угсаа гарвал, монголчууд улс гүрнээ байгуулсан тухай бодит түүх билээ. Монголын нууц товчоог монгол уран зохиолын гайхамшигт дурсгал хэмээн үзсээр ирсэн боловч энэ бол урнаар зохиож бичсэн зохиол бус, харин бодитой хүмүүс, бодит үйл явдлыг өгүүлсэн түүхийн эх сурвалж, тэр дундаа өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн бичмэл эх сурвалжийн хувьд Монголын түүхийн ууган дээж бичиг юм.

Монголын нууц товчоо бол цагийг эзэлсэн төрийн бодлоготны тэмцэж боссон түүх, нүүдэлчин овог аймгууд нэгдэн нягтарсан түүх, монгол нутгийн салхины үнэр нэвт шингэсэн түүх, урваач шарваачдыг хатуу цээрлүүлсэн түүх, төр засгаа түвшитгэсэн түүх, түмэн олноо амарлиулсан түүх билээ. Үеийн үед өвлүүлэн хадгалж, үндэснийхээ төр барих ёсон, гүн ухаан, түүх, омогшил, бахархлыг Монголын нууц товчоогоор дамжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээж ирсэн өвөг дээдсийн холч ухааныг биширмүү.

Энэ бол гадны эрдэмтдийн нүдээр биш, монголчууд өөрсдийнхөө сэтгэлгээгээр унших, гүн ухаан, улс төр, төрийн бодлого, эдийн засаг, ёс заншил, төрт ёсны уламжлал, нийгмийн харилцаа, сэтгэл судлал, удирдахуйн ухаан, цэргийн шинжлэх ухаан, хоол хүнс судлал зэрэг олон талаас нь судлах эх сурвалж юм. Монголын нууц товчоо бол монголчуудын ахуй амьдрал, үндэсний хэл бичгийн соёл, монгол сэтгэлгээ, ёс заншлын их хөлгөн судар мөнөөс мөн. Монгол сэтгэлгээ, соёлыг монгол хүн л хамгаас сайн ойлгоно. Гадны хэн нэгэн биш.

Монголын нууц товчоогоо хүн бүр дахин дахин уншаасай. Хүн бүрийн дүгнэлт, олж харах сургамж өөр байж болох ч дахин дахин унших тусам шинийг ойлгож, мэдрэх буй за. Хүн бүр түүхээ боломж бололцооныхоо хэрээр цаг зав гаргаж уншдаг болоосой. Боломж гарвал өөрийн гэр бүлийн, аав ээжийн, өвөө эмээгийн амьдралын түүхийг бас эргэж нэг сонирхоорой. Өнөөдөр өөрийнхөө түүхийг бичиж байгаа гэдгээ ойлговол хүн бүхэн хичээх бус уу. Урсгал дагаж урсахгүй, сөрье гэвэл түүх уншиж сургамж авах, өнгөрсөн түүхэн үйл явдлын учир шалтгааныг ойлгох хэрэгтэй болдог.

Сошл дахь мэдээн дунд хөвнө гэдэг бол номын агуулгыг, бүлгүүдийн гарчгийг, гол утга санааг нь мэдэхгүйгээр эхнээс нь дуустал нь үсэглэж уншихтай л адил юм.Түүх уншсанаар бид хүмүүний амьдралын өдөр тутмын аахар шаахар асуудалд живэхгүйгээр, хэдэн зуунаар дамжин уламжилсан, товчоолж бичсэн чухал үйл явдлуудыг уншдаг. Монголын нууц товчоо ч бас л ийм эх сурвалж. Арай сүүлийн үеийн түүх уншиж ч болно.

Түүх уншсанаар, ойлгож эрэгцүүлснээр орчин үед болж байгаа, таны эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг бүхэлд нь ухаарч ойлгох боломжийг олно. Түүхээс сургамж, ухаарал авч чадвал хүн төрөлхтөн нэгэнт бүтээчихсэн дугуйг дахин шинээр бүтээх ч бас шаардлагагүй. Болж өгвөл сошл орчноос хэсэг зуур холдож, түүх уншихад цаг зав гаргаарай.

 

Доктор, дэд профессор

Бямбасүрэнгийн Энхбайгаль

2020 оны 08 дугаар сарын 10.