Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан боловсролын бүх шатны байгууллагын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдаж байна. Германы инженерийн дээд боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэн ажиллаж буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хувьд энэ нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байгааг сонирхон, элсэлтийн үйл ажиллагааных нь талаар мэдээлэл авахаар Сургалт хариуцсан дэд захирал, Проф. Др. Л.Алтангэрэлтэй ярилцлаа.

 

 


- Хөл хорио тогтоож, цахимаар зайн сургалт явуулж байгаа одоогийн нөхцөл байдалд МГТИС ямар арга хэмжээ авч, сургалтаа хэрхэн явуулж байна вэ?

МГТИС-ийн хувьд бусад их, дээд сургуулиудын адилаар сургалтаа цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Нэг талаас энэ нь бидний хувьд сорилт боловч сүүлийн жилүүдэд зайны сургалтыг нэвтрүүлэхээр яригдаж ирсэн учир бас боломж хэмээн үзэж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай сургалт “Google Classroom”-ээр явагдаж байгаагаас гадна оюутнуудтай шууд холбогдож, харьцахад “Google meetIng” болон “Zoom meeting” програмуудыг ашиглаж байна. Мөн долоо хоног бүрийн сургалтын явцтай холбоотой тайланг гаргуулж, хэрхэн сайжруулах талаар хэлэлцэн ажилладаг.

- Зөвхөн сургалт гэлтгүй, хичээлээс гадуурх мэдлэг, дадлага олгох үйл ажиллагаанууд цуцлагдаж буй асуудлыг өөр шинэлэг байдлаар шийдэх арга зам хэрэгжүүлж байна уу?

Нэгэнт сургалт зайн хэлбэрээр явагдаж буй учир энэ чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх үүднээс “Harvard Business Publishing”-аас зайн сургалттай холбоотой зохион байгуулж буй цуврал вебинарын мэдээллийг багш нартаа хүргэж байгаагаас гадна шалгалт зохион байгуулах боломжийн талаар ХБНГУ-ын Дармштадтын их сургуулийн профессор М.Хампе багшийг урьж онлайн танилцуулга хийлгэлээ. Мөн багш нарын онлайн сургалтын арга зүйг дээшлүүлэхтэй холбоотой зарим ажлыг төлөвлөн, эхнээс нь хэрэгжүүлж байна. Монголын Математикийн Нийгэмлэгтэй хамтран олон нийт, багш, эцэг, эхчүүд, ахлах ангийн сурагчдад зориулан “Математикийн хэрэглээ, бодлого бодох арга зүй” интернет семинарыг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүр зохион байгуулж эхэллээ. Оюутнууд маань ч хэрхэн зайнаас суралцаж байгаа болон шинээр элсэгчдэд юунд анхаарах талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцсан влог бэлдэж, олон нийтэд хүргэж байгаа.

- Энэ жил ЕБС болон их сургуулиудын элсэгчид, төгсөгчдийн хувьд ихээхэн онцлогтой, мөн бэрхшээлтэй үе таарч байх шиг. Ийм үед сурагчид, тэдний эцэг эхчүүд юунд анхаарвал зохих вэ?

Сургалт зайнаас явагдаж эхэлснээс хойш танхимын болон онлайн сургалтын хувьд ямар онцлог ялгаа байгааг багш, оюутан, сурагчид бүгд ойлгож, мэдэрч байгаа. Гол бэрхшээл гэвэл өмнө хэлснээр интернетийн харилцан ялгаатай орчин, мөн дээр нь цахимаар суралцах арга барилд хурдан дасан зохицох нь чухал юм. Хэдийгээр энэ жил ЕБС-ийг төгсөгчдийн хувьд хүндрэл, бэрхшээл байгаа боловч цахим орчинд суралцахад аль болох хурдан дасан зохицож, бүртгүүлсэн шалгалтандаа илүү төвлөрч бэлдвэл үр дүнтэй юм.

 

 

- Танай сургууль энэ жилийн онцлогт уялдуулан шинэ элсэгчдэд ямар шалгуур, шаардлагууд тавьж байгаа вэ?

Манай сургуулийн хувьд үүссэн нөхцөлтэй уялдсан зарим өөрчлөлтийг элсэлтийн дүрэмдээ оруулж батлуулсан. Анх байгуулагдсан цагаас эхлэн байгалийн ухааны нэгдсэн болон англи хэлний гэсэн хоёр шалгалт авч элсүүлдэг байсан бол элсэгчдийнхээ ЭЕШ-ын оноо, сурлагын амжилт зэрэг статистик мэдээлэлд үндэслэн өнгөрсөн жилээс эхлэн математик, физикийн босго оноо тогтоож, англи хэлний элсэлтийн шалгалт авдаг болсон. Энэ жилийн хувьд манай сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэхийн тулд ЭЕШ-ын математик, физикийн хичээл тус бүр 600-аас дээш, харин Инженерийн бэлтгэл хөтөлбөрт ЭЕШ-ын математикийн 550-аас дээш оноотой байх шаардлага тавьж байгаа. Дээр нь англи хэлний элсэлтийн шалгалтад тэнцсэн байх шаардлагатай. Гэхдээ энэ жилийн хувьд нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн шалгалт зохион байгуулахгүйгээр англи хэлний ЭЕШ-ын босго оноогоор элсүүлэх төлөвтэй байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг манай сургуулийн Элсэлтийн комисс гаргах болно. Энэ жилийн хувьд нэг онцлог нь элсэгчдийн суралцах хүсэл сонирхлыг таньж мэдэх зорилгоор элсэлтийн шаардлага хангасан сурагчдаас ярилцлага авахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор ярилцлагыг хэрхэн авах талаар сургалтыг энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан ХБНГУ-ын Дармштадтын их сургуулиас мэргэжилтэн урьж, сургалт авч байгаа бөгөөд элсэгчдээс авах ярилцлагыг цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн.

- МГТИС уул уурхай, технологид чиглэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрөөр инженер бэлтгэж байгаа. Тэгвэл энэ хөтөлбөрүүдийн онцлог, манай хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтийн тухайд…

Юуны өмнө манай сургуульд хэрэгжиж буй бакалаврын хөтөлбөрүүдийг боловсруулахдаа компаниудын эрэлт хэрэгцээнд тулгуурлан, Германы инженерийн боловсролын онцлог болох практиктай нягт уялдсан байхад илүү анхаарч байсныг хэлмээр байна. Саяхан 2020 онд Засгийн Газрын 70-р тогтоолын хавсралт болох Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад манай сургуулиас бэлтгэж буй хөтөлбөрүүд багтсан байгааг дуулгахад таатай байна.

- Эдгээрээс гадна бусад эрэлттэй мэргэжлүүдээр хөтөлбөр нэмэх төлөвлөгөө бий юу?

Манай сургуулийн хувьд хөтөлбөр боловсруулах, сайжруулахтай холбоотойгоор уулзалт, семинарыг Германы эрдмийн солилцооны алба (DAAD), Германы хамтрагч их сургуулиудын төлөөлөл профессорууд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төслийн баг болон өөрийн сургуулийн профессоруудыг оролцуулан жил бүр зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн жилийн уулзалтаар Мехатроник болон Эрчим хүчний инженер мэргэжлийн хөтөлбөрийг нээх талаар хэлэлцэж, хөтөлбөрөө бэлэн болгоод байна.

- Орчин цагийн мэргэжилтнүүдийг гадаад хэлний мэдлэггүйгээр төсөөлөх аргагүй. Энэ тал дээр танай сургуулийг ихээхэн давуу талтай гэж онцолдог. Төгсөгчдийн хувьд ялгарах давуу тал нь болж чадаж байна уу?

Сургалтаа англи хэлээр явуулдаг нь манай сургуулийн бусад сургуулиудаас ялгарах нэг онцлог. Анх элсэхэд англи хэлний B2-оос доошгүй байх, элсэн суралцаад нэгдүгээр улиралд багтан C1 түвшинд хүрэх ёстой. Энэ шаардлагад хүргэхийн тулд манай сургуулийн Хэл, заах аргазүйн төвийн багш нар эрчимтэй сургалтыг санал болгодгоос гадна оюутнууд өөрсдөө Бизнесийн англи хэл, Академик англи хэлний хичээлүүдийг сонгон судлах боломжтой байдаг. Манай оюутнуудын хувьд нэгдүгээр ангиа төгсөөд ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн Их Сургуульд хоёр долоо хоногийн зуны сургалтад хамрагдах, зургадугаар улиралд Герман болон Европын бусад орнуудад үйлдвэрлэлийн дадлагаа хийх, долдугаар улиралд Фрайбергийн Техникийн Их Сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамтрагдах, профессоруудын удирдсан судалгааны төсөлд оролцож, бакалаврын дипломын ажлаа бичих зэргээр өөрийгөө хөгжүүлэх олон боломж байдаг нь хэлний болон бусад мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд том давуу талыг бий болгодог.

- Германы инженерийн сургалтын онцлог, Олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн давуу талын тухайд…

- Анх манай сургуулийг байгуулахдаа Монголын дээд боловсролын системд загвар болгох, практиктай нягт уялдсан Германы инженерийн дээд боловсролыг Монголд нутагшуулах үндсэн зорилтуудыг дэвшүүлж байсан бөгөөд сургалтын хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдэх нь оюутан, төгсөгчдийн хувьд Германы болон бусад орны их, дээд сургуулиудад солилцооны хөтөлбөрт хамрагдаж, кредит харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг олгодог. Хөтөлбөр хариуцсан факультет, хөтөлбөрийн зохицуулагч профессорууд болон Чанарын баталгаажуулалтын албаны идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд манай сургуулийн Механик инженер, Хүрээлэн буй орчны инженер, Уул уурхайн боловсруулах инженер, Эдийн засагч инженер гэсэн бакалаврын хөтөлбөрүүд 2019 онд Герман улсын Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын хүрээлэнгээс (ACQUIN) таван жилийн хугацаагаар магадлан итгэмжлэгдсэн.

- Гаднын ямар их сургууль, судалгааны байгууллагуудтай туршлага солилцож байна вэ?

- Өмнө дурдсанаар Германы их сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) чухал үүрэгтэй оролцдог бөгөөд одоогоор Аахены Техникийн Их Сургууль , Фрайбергийн Техникийн Их Сургууль зэрэг нийт найман гадаадын их сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуран, хамтран ажиллаж байна. Сүүлийн жишээ гэвэл 2019 онд Солонгосын ахисан түвшний шинжлэх ухаан, технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

- Ер нь олон улсын хэмжээнд инженер мэргэжилтэнд тавигдаж буй гол шаардлага юу вэ? Цаг үеэсээ хамаараад хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ?

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай холбоотойгоор ирээдүйд шинээр бий болох ажлын байр, ажлын горим хиймэл оюун ухаан, их тоон өгөгдөл, робот, автоматжуулалттай холбогдох нь тодорхой болж байна. Үүнтэй холбоотойгоор сургалтын орчин ч энэ чиглэлд хөгжих хэрэгцээ шаардлага бий болсон. Манай сургуулийн хувьд өөрийн багш нарыг ХБНГУ-ын Дармштадтын Их Сургууль зэрэгт мэргэжил дээшлүүлэх боломжийг олгодгоос гадна Виртуал бүтээгдэхүүний дизайн зэрэг зарим хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулаад байна.

- Инженер болохоор шийдсэн хүүхдүүд, тэдний эцэг, эхэд өгөх таны зөвлөгөө…

Сургуулиа сурталчлах, таниулах зорилгоор хийдэг гол ажлуудын нэг нь манай багш, ажилтнууд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудаар явж, сургууль болон сургалтын хөтөлбөрөө танилцуулдаг явдал. Энэ үеэр бидний зүгээс хэлж захидаг зүйл гэвэл мэргэжлээ сонгохдоо аль болох сэтгэл хөдлөлд авталгүйгээр өөрийн сонирхлоос гадна тухайн мэргэжлийн хэрэгцээ шаардлага зэрэг олон талаас нь эцэг, эх, багш нартайгаа зөвлөлдөж шийдвэрээ гаргахыг зөвлөдөг.

- Цаашид МГТИС-ийн хүрэх зорилго, хэтийн төлөв юу вэ?

БСШУСЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хооронд манай сургуулийн цаашдын хөгжлийн асуудал болон ямар дэмжлэг үзүүлэх талаар гурав, гурван жилээр харилцан тохиролцож, гэрээ байгуулж ажилладаг. 2019 оны долдугаар сараас эхэлсэн төслийн гурав дахь үе шатын хувьд сургуулийн судалгааны чадавхыг дээшлүүлэх, сургуулийн тогтвортой хөгжлийг хангахад илүү анхаарал хандуулах зорилт тавигдсан. Мөн 2025 хүртэл МГТИС-ийн хөгжлийг төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Бакалаврын сургалтын хувьд хөтөлбөрүүдээ олон улсад магадлан итгэмжлүүлсэн зэрэг тодорхой үр дүнд хүрлээ. Цаашид магистр, докторын ахисан шатны сургалтыг боловсруулж хэрэгжүүлэх, тухайлбал 2021 оноос судалгаанд суурилсан магистрын хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.