Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчдад зөвхөн Монгол хэл, математикийн хичээлийг танхимаар орж, үлдсэнийг нь теле хичээл байдлаар орно гэдгийг  Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.

 

Тэрбээр ахлах ангийнхан Монгол хэл, Математик, Эрүүл мэнд болон сонгон суралцах гурван хичээл танхимаар орж, бусад нь теле хэлбэрээр хичээллэнэ гэдгийг мөн хэлсэн юм.

Ингэхдээ танхимын сургалтыг 20-иос дээшгүй хүүхэдтэй, 4 цаг 30 минутаас ихгүй цагаар хичээллүүлэх бөгөөд есдүгээр сард өмнөх хичээлийн жилд үзсэн хичээлүүдийг бататгах, 1-р ангийн сурагчдад бэлтгэл хөтөлбөрийн хичээл орох юм байна.

Өмнөх онуудад, цэцэрлэг сургуулийн бэлтгэлийг бүтэн жилээр хийхийг шаарддаг байсан бол, энэ жилийн хувьд уян хатан байхаар зохицуулахыг үүрэг болгож байгаа аж.

Сургууль цэцэрлэгийн  үйл ажиллагааг зогсоох нь тийм ч зохистой биш учир халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин сургуулийн үйл ажиллагааг нээх нь зүйтэй  хэмээн НҮБ болоод ОУ-ын түвшинд үзэж байна. УОК-ийн долдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх талаар шийдвэр гарсан. Үүнд хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, мөрдөх түр журмыг баталсан. Сүүлийн хоёр улирлын хичээл теле сургалтаар явсан бөгөөд агуулгын алдагдалд тодорхой хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа учир агуулгыг бататгах үйл ажиллагаа 9/1 өдрөөс өмнө зохион байгуулна гэлээ.

Харин сургуулийн автобусны тухайд өнгөрсөн онд нийт 40 автобус  хэрэглээнд гаргаж, өдөрт дунджаар 3000 орчим хүүхэд зорчсон байна. Харин энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нээс эхлүүлээд хичээлийн хуваарь, хүүхдийн тоо зэрэг тодорхойгүй байгаа тул сургалт жигдэрсний дараа буюу 2-3 долоо хоногийн дараагаас үйлчилж эхлэх юм байна.

Б.Мөнхсарнай