Л.Цасчихэр

 

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль өнөөдөр 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн эрдмийн баяраа тэмдэглэж, Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаагаа зохион байгууллаа.

Судалгаанд суурилсан, инженерийн загвар их сургууль болохоор зорин ажиллаж буй тус их сургууль жил бүр олон тооны оюутныг Монгол-Герман хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж, инженерийн боловсролыг тэгш хүртээмжтэйгээр түгээхийг зорьдог.

Энэ хичээлийн жилд тэтгэлгийн тоо нэмэгдэж, нийт оюутны 40 орчим хувь нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг шингээсэн тэтгэлгүүдийг хүртсэн байна. Үүнээс Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлгийг 36 оюутан, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 39 оюутан гардан авч байна.

 

МГТИС-ийн удирдлагуудаас гадна ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг, БШУЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Германы эрдмийн солилцооны алба, BMZ,  KfW группийн төлөөллүүд тэтгэлгийг гардуулан оюутан залууст сурлагын өндөр амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ үеэр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг “Энэхүү сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш ХБНГУ-ын Засгийн газар тасралтгүй дэмжиж ирсэн. Бид цаашдаа тэтгэлгийн цар хүрээг өргөжүүлэхийг зорьж байгаа. Байгуулагдсан цагаасаа амжилттай ажиллаж байгаа энэ сургуулийн гол зорилго нь Германы шинжлэх ухааны мэдлэгийг Монгол эрдэмтэн багш нартай хамтран Монгол оюутанд олгох явдал юм. Ингэснээр дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадварлаг Монгол мэргэжилтэн бэлтгэх боломж бүрдэж байгаа юм.” гэлээ.

           

 

Мөн Сургалт хариуцсан дэд захирал Проф. Др. Л.Алтангэрэл, “Манай сургуулийн хувь тэтгэлэг олгох өөрийн гэсэн журамтай, Тэтгэлгийн хороо ажиллаж, шалгаруулалтыг явуулдаг. Оюутнуудынхаа сурлагын амжилтаас гадна нийгмийн ажилд оролцож байгаа байдлыг харгалзан үзэж, материалыг хүлээн авч ярилцлага зохион байгуулан шалгаруулсны үндсэн дээр тэтгэлгийг олгодог онцлогтой. Цаашид ч тэтгэлгийн тоог нэмэгдүүлж, илүү олон оюутныг хамруулах боломж бий”.

            Тус их сургууль нь хичээлийн семестр бүрт тодорхой тооны оюутнуудыг тэтгэлэгт хамруулахын зэрэгцээ ХБНГУ болон БНХАУ-д олон улсын оюутнуудын хамт Зуны хөтөлбөрт 14 хоног хамрагдах, Герман улс дахь хамтрагч их сургуульд нэг семестр суралцах, гадны компаниудад 14 долоо хоногийн турш цалинтай дадлага хийх боломжийг олгодог аж.

            МГТИС-ийн сургалтын хөтөлбөрүүд нь Герман улсын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт суурилагдсан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан. Уг магадлан итгэмжлэлээр Уул уурхайн боловсруулалтын инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрүүд итгэмжлэгдсэн юм. Түүнчлэн 2020 оны хичээлийн жилээс “Мехатроник инженер”, “Эрчим хүч, цахилгааны инженер” гэсэн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Эдгээр бүх хөтөлбөрийн сургалт 100 хувь Англи хэл дээр явагддаг онцлогтой.

Ингэснээр тус сургуулийн оюутнууд, төгсөгчдийн өмнө олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр ажиллах, дэлхийн шилдэг их сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, дотоод болон гадаадын төрөл бүрийн тэтгэлгүүдэд хамрагдах үүд хаалга нээлттэй болж байгаа юм.