Фото: Getty Images

З.БАТЦЭЦЭГ

Хүүхэд, өсвөр үеийхний Skysmart онлайн сургуулийн мэргэжилтэн Америкийн коллеж, их сургуулийн системийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөнийг хүргэж байна.  

Хүлээлт: Их сургуульд ороход сайн эсээ бичихэд л хангалттай.

Бодит байдал: Хэрвээ тийм амархан байсан бол.

Хамгийн энгийн коллеж (бакалавр), их сургуульд (магистр) ороход эсээнээс гадна хэдэн км урт бичиг баримт бүрдүүлдэг. Сургуулийн аттестатаас гадна сургуулийн захирлын, хэд хэдэн багш нарын дүгнэлт бүхий захиа, SAT (ЕЭШ) шалгалтын дүн, бүх амжилтын жагсаалт. Диплом, жуух хавсаргавал сайн. Америкийн их сургуульд тал талын авъяастай хүмүүс авах сонирхолтой байдаг.

Эсээ ч мөн хэрэгтэй. Сайн бичсэн эсээнээс сонгон авч сургуулийн удирдлагуудтай ярилцлагад ордог. Харвард мэтийн нэртэй сургуульд орохыг хүсвэл жил хагасын хугацаанаас эхэлж бэлтгэдэг.

Хүлээлт: Америкт сургалтын төлбөр асар үнэтэй.

Бодит байдал: Яг ч тийм биш.

Америкийн их сургуулиудыг улсын, хувийн гэж хоёр ангилдаг. Гэхдээ аль аль нь төлбөртэй. Мэдээж улсын коллеж, их сургууль төлбөр бага тул их хүн сурдаг. Тийшээ бүртгүүлж ороход ч хэцүү. Голдуу тухайн муж улсын иргэдээ авдаг. Дунджаар коллежийн жилийн төлбөр ойролцоогоор 10000 доллар, хэрвээ мундаг нэртэй од сургууль бол 55000 доллар. Авъяастай оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн сургалтын төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлдөг. Зарим нэг хөнгөлөлт авсан тохиолдолд сурч байх үедээ эсвэл төгссөнийхөө дараа хэсэг хугацаанд сургуульдаа ажилладаг.  

Хүлээлт: Сургалтын программ байхгүй, хүссэнээ сонгон сурах

Бодит байдал: Яг ч тийм биш

Эхний хоёр жил ерөнхий эрдэмийн хичээл орж болно. Гэхдээ сургуульд орохдоо цаашаа юугаар нарийсч сурахаа тодорхой болгоод элсвэл дээр. Мэргэжил бүрт заавал судлах хичээлүүд бий. Тэгэхгүй бол сонгосон мэргэжлийн дипломоо авахын тулд нэмэлт курс сурах шаардлагатай болдог. Массачусетийн Технологийн Их Сургуульд хоёт жил сурчихаад гэнэт жүжигчин болохоор шийдвэл сургуулиа солихгүйгээр жүжиглэх урлагийн хичээлийг сонгож болно. Гэхдээ Нью-Йоркт байдаг Жуллиардын Их Сургууль чамайг илүү сайн мэргэжлийн жүжигчин болоход тусална. Тиймээс сургуульд орохоосоо өмнө мэргэжлээ сонгосон байх.

Хүлээлт: Сураад байх юм байдаггүй, бараг юу ч заадаггүй

Бодит байдал: Таны хүслээр

Оюутнууд өөрсдөө хичээлийн хуваариа гаргадаг нь хоёр талдаа иртэй сэлэм л гэсэн үг. Мэдээж гурван долоо хоногт бүх хичээлээ судалчихаад үлдсэн цагт нь зугаалъя гэвэл болно. Гэхдээ бодит байдал дээрээ энэ худлаа мөрөөдөл байдаг. Нэгдүгээрт, багш нар нь маш их даалгавар өгдөг. Хоёрдугаарт, бие даалтын ажил маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажил байдаг. Гуравдугаарт, олон нийтийг хамарсан арга хэмжээ ихтэй. Гэхдээ манайх шиг сессээс сессийн хооронд гэсэн ойлголт байдаггүй. Хичээлийн ирц, хичээлд оролцсон идэвх, гэрийн даалгаврын биелэлт, шалгалтын дүн зэргийг нэгтгэж дүнгээ гаргадаг. Сургалтын үе бүхэн кредитээр тооцогддог. Энэ нь дараагийн сургалтдаа их нөлөөлдөг. Хичээлдээ суухгүй тасалж байгаад ирээд дүн авна гэсэн ойлголт байхгүй.

Хүлээлт: Америкийн их сургуулийн диплом их нэр хүндтэй

Бодит байдал: Яг ч тийм биш

Олон улсад Харвард, Принстон, Йель, Массачусетсийн Технологийн Их Сургууль, Стэнфорд, Калифорни, Чикагогийн Их Сургуулиуд их нэр хүндтэй байдаг. Эдгээр сургууль дэлхийн шилдэг 10 сургуульд жил бүр багтдаг. Америкт сургууль төгссөн л бол шууд олон улсын карьерт хүрнэ гэсэн үг биш ч, чамд муугуй гарааны эхлэл болно. Дипломноос илүү их сургуулийн харилцаа холбоо илүү чухал байдаг. Оюутны ахан дүүсийн холбоо чиний карьерт чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийгээ ахан дүүсийн холбоо (fratenity), эгч дүүсийн холбоо (sorority) гэж нэрлэдэг.

Зорилготой хүнд боломжгүй зүйл үгүй.

Эх сурвалж: www.ellegirl.ru