Б.ТУУЛ

Төрийн өмчийн зургаан том их сургууль саяхан хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Боловсролын байгууллагууд дотооддоо болон гадаадад хэрхэн нэгдэж ажиллах талаар ШУТИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш А.Эрдэнэбаатартай ярилцлаа.

 

-Та дээд боловсролын байгуул­лагад олон жил ажилласан багш, судлаач хүн. Саяхан их сургуулиуд нэгдэж, санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн гол зорилго, ач холбогдлын талаар яриагаа эхэлье?

-Боловсролын байгууллагууд дотооддоо болон олон улсад гэрээ байгуулаад хамтран ажиллана гэдэг нь шинэ зүйл биш, ердийн үзэгдэл юм. Ийм туршлага бидэнд бий. Жишээлбэл, манай улсын найман  их сургууль 2000-аад оны үеэс Euro Asia Pacific UniNet буюу Европ Ази Номхон далайн орнуудын их сургуулиудын сүлжээ гэдэг олон улсын байгууллагын гишүүн болж, олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Энэ байгууллага 15 орны 170 гаруй их сургуулийг эгнээндээ нэгтгэж, шинжлэх ухаан, эдийн засаг, соёлын харилцааны чиглэлээр хамтарсан судалгаа хийх, судалгааны тэтгэлэг олгох, хамтарсан сургалтын хөтөлбөр хөгжүүлэх гээд олон талт үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр дээрх санамж бичиг бол үүний л нэг хэлбэр гэж бодож байна.

-Энэ хүрээнд дээд боловсролын байгууллагууд ямар ажилд түлхүү анхаарах бол. Мэдээж, сургалт судалгааны ажил нь нэн тэргүүнд байх болов уу?

-Энд хэдэн зүйлийг онцлох ёстой болов уу. Тухайлбал, их сургууль бүр өөрийн үнэт зүйл, уламжлалт соёл, давуу талтай. Баримт бичигт үүнийг эрхэмлэн хүндэтгэж, ашиглах замаар хамтын ажиллагааг хөгжүүлэхээр заасан байна. Энэ бол маш чухал санаа юм. Цаашлаад хамтын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах хамтын удирдлагын захирлуудын зөвлөлтэй байх юм байна. Үүний цаана удирдлагын манлайлал, хөрөнгө хүчний зөв хуваарилалт, удирдлага харагдаж байна. Дээрээс нь “Тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй гэдэг. Хэчнээн сайхан санаа байгаад төрийн бодлого, дэмжлэггүй бол хол явахгүй. Санамж бичигт үүнийг их сургуулийн захирлуудын сайдтай байгуулах үр дүнгийн гэрээгээр зохицуулахаар заасан байна. Ингэхээр хаа хаанаа үүрэг, хариуцлага үүрэхээр болж байна. Энэ нь өнөө цагт их ярих болсон үр дүнд суурилсан удирдлагын тогтолцооны нэг элемент. Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд БШУЯ-ны дэмжлэг эдгээр сургуульд түлхүү ирэх болов уу гэж харж байна. Дээрх баримт бичгийг дагалдаад хэрэгжүүлэх төлөвлөгөө батлагдсан юм байна. Төлөвлөгөөгөөр сургуулиуд тодорхой ажлыг хариуцахаар байна. Тухайлбал, шинжлэх ухааны удирдлага, хүрсэн үр дүнгээрээ МУИС тэргүүлдэг. Дээр нь хэдэн жилийн өмнө МУИС-ийнхан АХБ-ны санхүүжилтээр “Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацын бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” төслийг хэрэгжүүлж байсан туршлагатай. Тиймдээ ч МУИС энэ чиглэлийн ажлыг манлайлж оролцохоор байна.

Монгол Улсаас Web of Science, Scopus-д бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлийн тоог шинжлэх ухааны салбар бүрт ядаж нэг болгоно гэдэг судлаач бүрийн мөрөөдөл гэж бодож байна. Харамсалтай нь ийм сэтгүүлийн тоо манайд тун цөөн байна.

-ШУТИС-ийн хувьд?

-ШУТИС-ийн хувьд их сургуулийн удирдлага мэдээллийн систем, цахим сургалтын тогтолцоог хөгжүүлсэн арвин туршлагатай. Тиймдээ ч цар тахлын үед чанарын ялгаа гаргахгүй сургалтын үйл явцаа аваад явж байна. ШУТИС энэ дагуу манлайлж оролцох болов уу.  Шинжлэх ухаан, техник технологи, инновац, үйлдвэрлэлийн холбоо, түүний Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр ХААИС туршлагаараа оролцож таарна гэх мэтээр сургууль бүрт хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах олон зүйл бий.

-Их сургуулиудыг бид судалгааны төв болгоно гээд олон жил ярьж буй. Олон ч ажлыг хийж  байна. ШУТИС-ийн хариуцах ажил дотор Монгол Улсаас 1-3 сэтгүүлийг “Web of Science” -д бүртгэлтэй болгоход дэмжлэг үзүүлнэ гэсэн байсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Шүүн хянагдаж, тодорхой шалгуурыг давсан эрдмийн бүтээлийг хэвлэдэг мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ гаргана гэдэг ямар хэцүү, гарсан хойноо ямар нэр хүндтэй байдгийг судлаачид сайн мэднэ. Тиймдээ ч дэлхий нийтээр ийм болзлыг эрдмийн зэрэг хамгаалах суурь нөхцөл болгодог. Миний бие сүүлийн хэдэн жил компьютерийн ухаан, харилцаа холбоо, электроникийн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийг ахлан ажиллаж байна. Манай зөвлөл байгуулагдсан цагаасаа БШУЯ-аас гаргасан докторын зэрэг хамгаалах үлгэрчилсэн журам дээр дээрх нөхцөлийг нэмэлтээр оруулж ажилласан. Учир нь эрдэм мэдлэгт хил хязгаар байхгүй, дэлхий нийтийн хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэж үзсэн. Энэ тал дээр ШУТИС, МУИС-ийн байр суурь 100 хувь нийлдэг, бие биеэ сайн ойлгож, хамтран ажилладаг. Үр дүнд нь жилд төрдөг докторын тоо цөөрсөн ч төрсөн нэг нь дэлхийд танигдсан, үнэлэгдсэн эрдэмтэд болцгоосон. Энэ жишгээр бүх зөвлөл ажилладаг бол Монголын шинжлэх ухааны хөгжил илүү өндөр түвшинд гарч их сургууль, судалгааны байгууллагын нэр хүнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй гэж бодож байна.

Ингээд аваад үзвэл Монгол Улсаас Web of Science, Scopus-д бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлийн тоог шинжлэх ухааны салбар бүрт ядаж нэг болгоно гэдэг судлаач бүхний мөрөөдөл гэж бодож байна. Харамсалтай нь ийм сэтгүүлийн тоо манайд тун цөөн байна. Ийм сэтгүүлтэй болно гэдэг өөрөө их урт хугацааны хүчин чармайлт шаардсан ажил байдаг.  Монгол Улс эрдэс баялаг, геологи, уул уурхайн хөгжлөө дагаад шинжлэх ухааны өнцгөөс харвал Монголдоо төдийгүй, дэлхийд танигдсан олон эрдэмтэнтэй, бүтээл нь дэлхийн хэмжээнд оюуны эргэлтэд явдгийг бид мэднэ. Тиймдээ ч ШУТИС-ийн эрдэмтдийн идэвхтэй оролцоотойгоор “Mongolian Geoscientist” сэтгүүл бий болсон. Энэ туршлагаар манай сургууль санамж бичигт туссан ажилд дэмжиж оролцох байх.

-Таныг ШУТИС-д хэрэгжүүлж байгаа КОЙКА-гийн төсөл дээр зохицуулагчаар зжиллаж байгаа гэж сонссон. Энэ төсөл бас судалгааны их сургууль болох, сургалт судалгааг хөгжүүлэхэд чиглэсэн байх аа?

-Бид сүүлийн хэдэн жил ШУТИС-ийн ахисан түвшний сургалт, судалгааг хөгжүүлэх, судалгааны их сургууль болох урт хугацааны стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзээд “МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийг Солонгос улсын КОЙКА байгууллагад бичиж хөөцөлдөөд авсан юм. Төсөл Солонгосын Засгийн газрын зургаан сая ам. долларын буцалтгүй тусламжаар 2020-2023 онд хэрэгжинэ. Тус сургуулийн чадавхыг удирдлагын, сургалтын, эрдэм шинжилгээний, сургалтын орчны гэсэн дөрвөн чиглэлээр бэхжүүлэх юм. Ингээд харвал зургаан их сургуулийн саяын санамж бичигтэй шууд холбогдоно. Тиймээс нэг л зүйлийг тодотгож ярья. Төслөөр ахисан түвшний сургалт судалгааны 10 шинэ лаборатори байгуулна. Эдгээр лабораторийн үйл ажиллагааг бид анхнаасаа салбар, байгууллага дундын судалгааны ажлын цөм, судлаачид хамтран ажиллах орчин байгаасай гэж төсөөлж, төслийн баримт бичгийг боловсруулсан. Жишээлбэл, “Өндөр бүтээмжтэй тооцоолол”-ын лабораторид Монгол Улсын судалгааны аль ч байгууллагад урьд хожид байгаагүй үүлэн тооцоололд суурилсан тооцоолох хүчин чадал бий болно. Иймд манай улсын их сургууль, судалгааны байгууллагуудын судлаачид ШУТИС-ийн судлаачидтай хамтран хиймэл оюун, их өгөгдлийн шинжилгээ гэсэн аж үйлдвэрлэлийн IV хувьсгалын өнгийг тодорхойлогч чиглэлээр тооцоолох өндөр хүчин чадал шаардсан судалгаа, инновацын ажилд энэ лабораторийг хамтран ашиглах боломжтой болно гэсэн үг. Энэ нь нөгөө санамж бичгийн  “... эрдэм шинжилгээний дундын ашиглалттай лаборатори, төвүүдийг байгуулж, салбар дундын судалгаа, төсөл, хөтөлбөрийг боловсруулж, хамтран хэрэгжүүлэх ...” зорилттой нийцэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.1 ПҮРЭВ № 65 (6542)