Хөдөлмөрийн яаманд харьяалагдаж байгаа Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын бодлого, зохицуулалтын асуудлыг боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлд нийцүүлэх, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгон хөгжүүлэх зорилгоор чиг үүргийг Боловсролын асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэхээр болсон.

Дээрх ажлын бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, дэд ахлагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар , гишүүдэд Сангийн яам, БШУЯ, ХНХЯ-ны мэргэжилтэн , шинжээч нарын төлөөлөл багтсан болно.

Мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг Боловсролын яаманд шилжүүлснээр МСҮТ, Политехник, коллежийн бодлого, зохицуулалтын асуудал боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлд тусгагдан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн,олон улсад өрсөлдөхүйц мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарах, мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэх зэрэг хүлээлт нийгэмд байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд

  • 45 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  • 30 Политехник, коллеж

нийт 75 сургалтын байгууллага хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна.

Эдгээрийн 36 нь УБ хотод, 39 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. МСҮТ, Политехник коллежид 1-3 жилийн хугацаанд суралцан төгсөгчдөд улсаас сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг олгодог.

2020-2021 оны хичээлийн жилд нийт 42073 суралцагч МСҮТ, Политехник коллежид суралцсан бол энэ хичээлийн жилд шинээр 27.8 мянган суралцагч элсэн орох юм.