О.Пүрэвдорж:
Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Сургалтын албаны дарга О.Пүрэвдоржтой ярилцлаа.
Сайн байна уу. Та бүхний ажил эхэлчихсэн завгүй байна уу. Эхлээд Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн талаар танилцуулаач?
-Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль 1924 онд Хоршооны түр сургууль нэртэйгээр байгуулагдсан Монгол Улсын анхны 3 сургуулийн нэг юм. Өнгөрсөн 97 жилийн хугацаанд Монголын санхүү эдийн засаг, худалдаа, нийтийн хоол, түүхий эд бэлтгэлийн зэрэг олон чиглэлээр 40 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэсэн эрдмийн их өргөө юм.
-Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль яг ямар мэргэжлүүдээр элсэлт авч байгааг тодруулж болох уу?
-Манай сургууль бакалаврын түвшний 12 хөтөлбөр, магистрын түвшний 7 хөтөлбөр, докторын түвшний 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байна.
Бакалаврын хөтөлбөрт: Худалдаа, Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, маркетинг, менежмент, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, эрх зүй, бизнесийн сэтгэл судлал, мэдээлэл зүй
Магистрын хөтөлбөрт: Худалдаа, маркетинг, нягтлан бодох бүртгэл, санхүү, менежмент, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ
Докторын хөтөлбөрт: Худалдаа, аялал жуулчлал гэсэн чиглэлээр элсэлт авч байна.
-Босго оноо гэж нэг зүйл байна уу. Элсэгчдийн хамгийн том шалгуур байх шиг?
-Бакалаврын хөтөлбөрийн хувьд босго оноог БШУ-ны яамнаас тогтоож өгдөг. Манайх шиг төрийн өмчит сургуулиудын босго оноо 480 ба түүнээс дээш байна. Манай Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн хувьд хөдөө орон нутгийн сургуулиудын босго оноо 400 байна гэсэн шаардлагыг яамнаас тавьж байгааг эцэг, эхчүүд ойлгож байгаа байх.
-Та сургуулийнхаа давуу талуудыг танилцуулаач?
-Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн давуу тал их. Чадварлаг боловсон хүчинтэй. Дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрүүд, материаллаг бааз сайтай гэх мэт олон зүйлийг хэлж болно.
Аливаа сургуулийн сургалтын чанар гэдэг зүйл эрдэмтэн, багш нараас их хамаардаг. Манай сургуулийн хувьд нийт эрдэмтэн багш нарын 40 орчим хувь нь докторын зэрэгтэй. ХҮИС нь 2010 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр МУИС-тай нэгдээд 2017 онд дахин Засгийн газрын шийдвэрээр бие даасан төрийн өмчит их сургууль болж сургалт явуулж байна. Манай сургуулийн эрдэмтэн, багш нар бүгд МУИС-д багшилж байсан дадлага, туршлагатай, шавь нараа гэсэн сэтгэл, зүтгэлтэй шилдэг багш нараас бүрдсэн. Бид хамт олноороо бахархдаг.
2014 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, МУИС-ийн Худалдааны сургуулийг нэгтгэн Бизнесийн сургуулийг байгуулсан. 2017 оноос ХҮИС тусдаа их сургууль болж гарахдаа Бизнесийн сургууль дээр хэрэгжүүлж байсан шилдэг мэргэжлийн хөтөлбөрүүдээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлж байгаа мэргэжлийн хөтөлбөрүүдээ ирээдүйн ажил мэргэжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, ажил мэргэжилд тавигдах ур чадвар, технологийн хөгжил, дэвшил зэрэгт нийцүүлэн шинэчлэн ажиллаж байна.
Манай сургуулийн хувьд хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, 30 гаруй анги, кабинет бүхий хичээлийн 2 том байр, 420 оюутан амьдрах дотуур байр, 40 мянга гаруй ном бүхий фонд, уншлагын 2 танхим, 300 гаруй оюутан хичээллэх лекцийн их танхим, орчин үеийн компьютерээр тоноглогдсон 2 лаборатори, улсын хэмжээний уралдаан тэмцээн явуулах боломж бүхий спорт заал, өнөөгийн шаардлагад нийцэхүйц 2 цайны газар зэрэг материаллаг бааз сайтай.
-Хөдөө, орон нутгийн элсэгчид Улсын их сургуульд элсэхэд дотуур байраар хангах уу?
-Манай сургуулийн олон жил үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит сургууль тул материаллаг бааз сайтай. Хичээлийн 1, 2-р байрныхаа дэргэд 420 оюутан амьдрах хүчин чадалтай өөрийн гэсэн оюутны дотуур байртай.
-Сүүлийн жилүүдэд энтрепренер сэтгэлгээ гэж нэлээн ярих болжээ. Энэ талаар эцэг, эхчүүд, оюутан залууст тайлбарлаж өгөөч?
-Манай сургуулийн хувьд суралцагч оюутан залуустаа Энтрепренер сэтгэлгээг суулгах зорилгоор 2017 оноос эхлэн Масачусетсийн Технологийн Их Сургуулийн (MIT) гарааны бизнесийн үндэс 101, 102 хичээлийг сургалтын төлөвлөгөөнд тусган бакалаврын түвшинд “Гарааны бизнесийн үндэс” , магистрын түвшинд “Энтрепренер сэтгэлгээ” зэрэг хичээлүүдийг орж байна. Бизнес эрхэлж байгаа манай улсын шилдэг залуу Энтрепренерүүдийг зочин багшаар урин эдгээр хичээлүүдийг заалгаж байгаа нь оюутан залууст маань илүү үр өгөөжтэй байдаг. Мөн монголын их, дээд сургуулийн түүхэнд хамгийн анхны хамтын оффис гэдэг зүйлийг байгуулаад байна. Энэ оффист маань бусад их, дээд сургуулийн бизнес эрхэлж байгаа болон бизнесээ эхлүүлж байгаа оюутан залуус ирж ажиллах боломжтой.
-ХҮИС-ийн тэргүүлэх чиглэлийн ямар мэргэжлүүдийг та онцолмоор байна вэ?
-Манай сургуулийн сургалтаар олгож байгаа бүх л мэргэжил хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжлүүд байгаа. Төгсөгчид маань дийлэнх нь ажлын байранд уригдаж, сонгогдож ордог тул эрэлттэй гэж хэлж болно.
-ХҮИС-д элсэе гэвэл цар тахлын үед орон зай, цаг хугацаанаас үл хамааран бүртгүүлэх боломж байна уу?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас бүх зүйл цахим хэлбэрт шилжээд байна. Их, дээд сургуулиуд элсэлтийн үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна. Үүний нэгэн адилаар манай сургууль ч бас элсэлтээ http://admission.nucb.edu.mn/ цахим хаягаар зохион байгуулж байна. Сүүлийн өдрүүдэд манай сургуульд шинээр элсэгчид сургууль дээр биеэр ирж бичиг баримтаа өгч, хичээл сонголтоо хийн, хувиараа баталгаажуулах ажил эрчимтэй явагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75118989, 90503882 утсаар авч болно.
-Танайх 97 жилийн түүхтэй Улсын сургууль учраас хичээлий анги, танхимын хувьд тохитой, өнөөгийн залуус сонирхон суралцах бүрэн боломжтой юу?
-Манай сургууль хотын төвд байрладаг I, II байр, оюутны дотуур байр гээд материаллаг байдал сайтай. 2019 онд сургуулийн маань 95 жилийн болсон. Энэ ойн хүрээнд олон мянган төгсөгчид болон хамтран ажилладаг төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар багагүй бүтээн байгуулалтыг хийж анги, танхимуудаа орчин үеийн интерьер дизайнаар тохижуулсан. Компьютер, техник хэрэгслийн хувьд их сургуулийн шаардлагад бүрэн нийцсэн. Хамгийн сүүлд л гэхэд сургуулийнхаа 100 жилийг ойг угтаж 2021 оны 8-р сард хичээлийн 2-р байрны гаднах талбайг тохижуулж, хатуу хучилттай болон өнгөт хавтан суулгаж, бродюр зэргийг шинээр солих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн тордох зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Хичээлийн 1-р байранд гэхэд Хууль зүйн клиник төв шинээр засч тохижуулж байна. Удахгүй ашиглалтад оруулна.
-Элсэгчид зөвхөн мэргэжилтэй болохоор суралцах нь чухал бус өнөө цагт өөрийн хобби, авьяас чадварыг илүүтэй хөгжүүлдэг болжээ. Танай сургуульд элсэгчдэд өөрийгөө нээх ямар, ямар боломж байгаа вэ?
-Өнгөрсөн жилүүдэд ХҮИС-ийн сагсны баг алдартай тамирчид төрүүлэх болсныг хүүхэд, залуус маань мэдэх болсон. Манай сургуулийн хувьд оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авъяас чадварыг нь хөгжүүлэх зорилготой оюутны олон төрлийн байгууллага, клубүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс заримыг дурьдвал оюутны лигийн 2018 оны мөнгөн медальт сагсан бөмбөгийн “Чононууд” баг, “Сарны танго” бүжгийн хамтлаг гэх мэт тэднийг хөгжүүлэх орчин, нөхцөл манай сургуульд бүрэн бүрдсэн. Мөн оюутан залуусын Энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “MVP” Энтрепренер клуб үйл ажиллагаа явуулж байна.
-Танай сургуулийг төгсөгчид зарим нь оюутны ширээнээс ажилтай болдог, байгууллагуудад уригддаг жишээ сонсож байсан юм байна. Бодит амьдрал дээр энэ мэдээлэл хэр баталгаатай вэ?