Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ болон ХААИС, ШУТИС, АШУҮИС-ийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллалаа.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг асуудлаар яамны болон их сургуулиудын удирдлагууд аймгийн удирдлагуудтай уулзаж, ярилцсан.

Дархан-Уул аймаг дахь ШУТИС 3000, ХААИС 2000, АШУҮИС 2000 оюутныг бүрэн хүчин чадлаараа ашиглах боломжтой. Гэвч өнөөдрийн байдлаар ШУТИС 1102, ХААИС 444, АШУҮИС 879 оюутантай байна. Иймд хичээлийн байрын хүчин чадал, нөөц боломжид суурилан одоогийн суралцагчдын тоог 2-3 дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.

Аймагт их сургуулийн хотхон байгуулахтай холбогдуулан оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөр, орон нутагт ажиллах багш, ажилтанд тэтгэмж, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдгийг дэд сайд Г.Ганбаяр хэллээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал их сургуулиудын хотхон байгуулах асуудлыг дэмжиж, орон нутгийн зүгээс шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээ хэлэв.